Мандаж гардаг нар нь манантайгаа хоёул байлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Мандаж гардаг нар нь манантайгаа хоёул байлаа

Шинэ оны анхны өглөөний нар мандахыг харвал тухайн жилдээ хийморь лундаатай явдаг гэсэн ойлголт сүүлийн жилүүдэд нийгэмд тарах болсон. Билгийн тооллын цагаан сарын шинийн нэгэнд мөр гаргаад золгуутаа хийдэг монголчуудын хувьд аргын улирлын 1 дүгээр сарын 1-ний өглөө хотоос зайдуухан гарч, хээрийн цэнгэг салхинд малгайн утаа сэргээх ч бас сайхан. Энэ жишгээр 2012 оны эхний сарын анхны өдрийн үүрээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ж.Гангаа, Л.Мөнхтөр нарын хамт нийслэлийн Багахангай дүүргийг зорилоо. Шинэ оны анхны нар харна гэдэг бидний хувьд сүүлийн дөрөв, таван жилийн уламжлал болж тогтоод байгаа зүйл л дээ. Уржнан жилийн ч бил үү, нэг удаагийн “нар харалт”-аар хамт явсан сэтгүүлч бүсгүй маань бяцхан жиндэн, бөө удгадын асаасан галын дөлөнд дулаацахаар ойртоод туулай хүрмээ шатааж “сор залсан” явдлыг ярилцсан шиг хөгжилтэй явлаа. Үнэтэй шүүбээрээ сор залсных ч юм уу, тухайн жилдээ мөнөөх сэтгүүлч ямар ч байсан золбоо төгөлдөр байсан юм даг.

Өглөө 05.30 цагт Баянзүрхийн товчоогоор дайрч Багахангайг зүглэхэд цас хялмаалсхийж, нойрмог хотоос зугтах гэсэн мэт суудлын тэрэгдийн гэрэл үүрийн харанхуйг сүлэн зүүн тийш хөвөрч байна. Баруун талаас бараг ганц ч машин үл зөрөх агаад зам харгуй дардан сайхан байлаа. Гэвч, шинэ жилээ угтан догдолж нойргүй хоногсод ч жолоо мушгиж яваа бололтой. Үе үехэн замын хажуугийн хунгар руу ороод зоогдчихсон машин нэлээд харагдана. Замын цагдаагийнхны сууж явсан автобус зузаан хунгарт суучихсан, эргүүл хийхээр явж буй цагдаа нар нь түрж гаргах гээд хөөрхөн юм болж байна. Замаасаа жаахан л хазайвал багагүй зузаан цастай байгаа юм байна. Энэ өглөө тун ч завгүй байсан хүмүүс бол Налайхаас цааш явахад таардаг замын постынхон. Эрэгтэй, эмэгтэй хоёр ажилтан замын хоёр урсгал дээр зогсчихсон зүүн тийш явж буй жолооч нараас 500 төгрөгийн татвараа авч байна. Машин тэрэг тасралтгүй цувж, эл постон дээр багагүй дугаарлаж байхыг бодоход мань хоёр багагүй орлого хураасан болов уу.

Багахангай зөрлөгийн наахна “нар” гэсэн бичигтэй модон пайзын заасан чигийн дагуу төмөр замын нүхэн гарцаар гарвал тэгш газар нэгэн аймгийн наадмаас цөөнгүй машин техник, хүн зон цуглажээ. “2001 онд БОАЖЯ-наас нар харах ёслолыг анх зохион байгуулахад сурвалжлахаар ирж байлаа” гэж Гангаа сэтгүүлч хуучилж байна. Түүнээс хойш жил ирэх тусам л Багахангайн нарыг харахаар хол ойрынхон зорьж очих болжээ. Өглөөний ургах нарыг орчлон дэлхийн хаахна ч угтаж болох ч Багахангайн нарыг харах гэсэн ёслол сүүлийн үед шаггүй хүрээ тэлжээ. Бөө нар энэ үеэр хэнгэрэг цангаа дэлдэн цамнаж, хуурай хар модны очис үсэргэх түүдгүүд энд тэндгүй асаасан ч байх шиг. Ер нь нар харах гэдгийг жуулчдад зориулж сэдсэн санаа байх. Түүнээс биш, нүүдэлчин удмын монголчууд маань нараа ёстой нэг ханатлаа харж “Уяхан замбуутивийн наран мину зээ, мөхдөлгүй мандан мандсаар байдаг билээ” хэмээн хоолойн цээлийг шалгадаг ард түмэн билээ. Миний сонссноор, япон зэрэг газар нутаг нь хэмжээ хязгаартай, өндөр хөгжилтэй улс орны иргэд тэнгэр баганадам байшин барилгынхаа дунд насыг элээхдээ байгаль дэлхийгээс тасран хараа муудах, сэтгэц богиносон, бодол сульдах болдог тул энгүй уудам талд ирж, хөх тэнгэр ширтэн, алтан нарыг тольдон аж төрөхүйн цагаан эрчис авдаг гэнэм. Жуулчдын ийм эрэлт хэрэгцээн дээр бяцхан тоглолт хийж улсын сандаа хэд гурван зоос оруулж байхад болохгүй гэх газаргүй. Гэвч, хаа хаанаа нэгдсэн бодлого дутагдаж, Багахангай руу иргэд маань “сохор халтар дүйвээнээр, соотон халтар чимээнээр” гэдэг шиг хий дэмий л “шуурч” байх шиг санагдах юм.

Багахангайн баруунтаа байх Өндөр толгой дээр нарыг арай эртхэн харчих гэж горилсон тэрэгтнүүд хунгар цасанд мацан мачийн очиж байна. Энд ч уусан ундаа, хүртсэн сархдынхаа сулласан лонхыг шидэлж байх шиг, тэнд ч нэг уранхай бакрийшгаа шатаан хар утаа олгойдуулж байх шиг, “Утаанбаатараасаа  алсхан салхиллаа гэсэн хаана ирчихвээ” гэмээр сэтгэгдэл төрөхөөр харагдана. Нар гарах дөхсөн тул бид бууж, их отог дээр ирэв. Хамар нь сэтэрхий номхон хүрэн аттай өвгөжөөр нэгэн тэмээгээ хүмүүст унуулж байна. Мэдээж, мөнгөтэй л дөө. Мордоод, тавь жаран алд явж ирэхэд 1000 төгрөгөөр унуулж байгаа юм. Бурантаггүй, хамар нь сэтэрхий хөөрхий ат ногтоо сэгсрэн сэвслэх нь халаг эзэндээ зүтгэж байна лээ. Хоёр бөх нь солбичихсон туранхай атыг хараад хулганатай 12 жилийн тэргүүлэгч он болох гэж үзээд амжилт олоогүй домог санаанд орж, нар харагчдын зугааг гаргагч номхон ч амьтан бол доо гэж өрөвдөх сэтгэл төрөв.

Нар гарах цаг ирэв. 08.45-т хүмүүс машин унаанаасаа гаран, сүү идээгээ барин наран ургах зүгт тэмүүлцгээв. Өмнө зүгт битүү манан будантаж, цас бургинан, үе үе сэвэлзүүр салхи өвсөн толгойгоор намс намс наадна. Энэ жилийн анхны нар их ичимхий нэгэн бололтой, царайгаа нууж үүлэн гивлүүрээсээ огтхон ч цухуйсангүй. Багахангайн уужим талд нараа угтахаар очигсод уухайлж хурайлан, цагаан сүүнийхээ дээжийг өргөлөө. Сүүний дээжинд хувцсаа толботуулсан нэг нь “Ээ, та яаж байна аа, би таны тэр нар биш шүү” гэж ч байх шиг. Энэ жилийн эхний өглөөний нар ардын дуунд гардагчлан ийнхүү “манантайгаа хоёулаа” байв аа хө. Хэдийгээр наран найм дөчин тавдаа үүлсийн чинадаас мандаагүй ч дулаахан сайхан өглөө байлаа. Эх нутгийн минь нар үүлэн цаана мандсан ч Монголыг маань, даяхан дэлхийг маань гийгүүлсээр мандан бадарсан нь гарцаагүй буюу. Ийнхүү Багахангайгаас буцаж утаатайхан, униартайхан хотдоо ирж нараа харав, бид. Цастайхан, цантайхан өвлийн өглөө нийслэлд маань наран эжий цэлмэгэр гэгээн мандан буй нь тортог тоосноос ангижрахын гэрэлт совинг үүтгэв ээ хө. Шинэ оны анхны нар үүлэн чинаддаа мандсан ч эх оронд минь ирэх жилийн олон өдрийн “ургаж гардаг нарны наагуур униар ч үгүй тунгалаг байна” биз ээ хө.

Л.БАТЦЭНГЭЛ

         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж