Аймгийн Засаг даргын ажлыг “Хангалттай” гэж үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Аймгийн Засаг даргын ажлыг “Хангалттай” гэж үнэлжээ

Аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан аймгийн Засаг даргын үйл ажиллаганы хөтөлбөрийн гурав дахь оны хэрэгжилт, үр дүнг хэлэлцээд “Хангалттай” гэж үнэлсэн байна.

Сүхбаатар аймаг нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.6 хувийг үйлдвэрлэж байгаагийн дээр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2.4 сая төгрөг болж улсын хэмжээнд Орхон, Өмнөговь аймаг, нийслэл хотын дараа 4-т, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны дүнгээр 103.3 тэрбумд хүрч Улаанбаатар, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн дараа 6-д тус тус орж, хүний хөгжлийн индексээр бүсдээ 1-т, улсад 8-д эрэмбэлэгдэж 0.734 коэффицент буюу 73.4 хувьтай байгааг  Засаг дарга  Ж.Батсуурь илтгэлийнхээ эхэнд дурдлаа.

 2009-2011 онд бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 30.0  гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 33.0 хувь болох 9.0 тэрбум нь орон нутгийн төсвөөр хийгдсэн нь өмнөх дөрвөн  жилийн дунджаас нэг дахин өссөн байна.

2011 онд БНСУ-ын Засгийн газрын буцалтгvй тусламжийн таван сая ам долларын хөрөнгө оруулалтаар Баруун-Урт хотод 15 мвт-ын хvчин чадалтай дулааны станц, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж, 2 км асфальт бетон зам шинээр тавьж, 1.1 км зам засварын ажил хийж,  Дөрвөлж толгойн зүүн хойно 220 айлын жишиг хороолол шинээр байгуулж, 100 автомашины граж  зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийснээ тайлагналаа.

Тоосго, блок, замын хавтангаас аваад жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээх замаар бүгдийг орон нутагтаа өөрсдөө үйлдвэрлэж бүтээн байгуулалтдаа ашигласнаа аймгийн Засаг дарга тайландаа онцоллоо.

Нийгмийн салбаруудын өмнө тавигдсан зорилтууд амжилттай хэрэгжиж материаллаг бааз нь сайжирснаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд үндсэндээ зуун хувь стандартын шаардлага хангасан, эмнэлгийн байгууллагуудын 81,0 хувь нь тус тус зориулалтын байраар хангагдаж, төв хөдөөгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хангалт 90 орчим хувьтай байгаа нь тэнд ажиллагсадын ая тухтай байдлыг хангасан чухал нөхцөл болсон  байна.

Г.Сүхээ

Эх сурвалж: www.munkhchuluun.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж