Хятадууд Бээжингийн олимпийн наадмыг сүр дуулиантай зохион байгуулсны дараа тус улсад үйлдвэрлэсэн меламинтэй сүү, сүүн бүтээгдэхүүнээс болж олон хүний амь нас сүйдсэн. Энэ хэрэгт Шанхайд төвтэй хэд хэдэн компанийн төлөөлөгчид ороогдож, “Санлу” группын захирлыг цаазаар авсан юм. Меламинтэй сүүтэй холбоотой дуулианыг анх Гуандон мужийн сонинд мэдээлж байв. Гуандон мужийн амбан захирагч Ван Ян бол Ху Жинтаогийн дэмжлэгтэй Коммунист залуучуудын эвлэлийн хүн. Тиймээс меламинтай сүүний хэргийг Шанхайн бүлэглэлийг нэр хүндийг унагах гэж зориуд дэвэргэн гаргаж ирсэн гэх таамаг бий. Үнэхээр бүх үйл явдал болж өнгөрсний дараа Вэнь Зябао ард түмэндээ хандан уучлалт гуйсан билээ. Тэгэхээр коммунистуудын үйлдэл байгаа оносон ч байж болох.
Харин энэ удаад Гуандон мужид олон хоног үргэлжилсэн, өргөн далайцтай жагсаал болж байгааг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн онд Хятадад хэд хэдэн жагсаал болсон. Тухай бүрт нь Хятадын эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, цагдаа цэргийнхнээ дайчилж байгаад нам дарж болоод л байлаа. Гэтэл оны эцсээр Гуандонд болсон малчин, тариачны жагсаал улам бүр өргөжиж, сүүлдээ бүр тэмцэгчдэд нутгийн эрх баригчид нь бууж өгөх хандлагатай болоод явчихав. Коммунист Хятадад анх удаа жагсагчид ялалт байгуулж байгаа нь энэ. Үүнээс болж Гуандон мужийн амбан захирагч Ван Яны нэр хүнд унаж эхэлсэн тухай “Вашингтон Пост”-д мэдээлжээ. Ван Ян бол Улс төрийн товчооны байнгын хорооны есөн гишүүний нэг болох магадлалтай хүн. Лө Көцианы талынх. Тэгэхээр үүгээр далимдуулж Коммунист залуучуудын эвлэлийн нэр хүндийг унагах оролдлогыг өрсөлдөгчид нь гаргаж байгааг үгүйсгэхгүй.
Хятадад иймэрхүү тэмцэл хэзээнээсээ байсаар ирсэн. Бүхэл бүтэн 60 жилийн түүхтэй Хятадын Коммунист намын удирдлага тав дахь удаагаа шинэчлэгдэх гэж байгаа нь энэ. Өмнө нь Мао Зэдунгийн орыг залгаж Дэн Сяопин түүний залгамжлагчдыг түлхэн гарч ирж байв. Өнгөрсөн зууны 70-аад онд Хятадад цэргийн эргэлт хийх гэж байсан Линь Бяогийн санаархал илэрсний дараа тэрбээр зугтаж яваад осолдсон нь бий. Харин Дэн Сяопины хувьд тэтгэвэртээ гарахын өмнө урьдаас төлөвлөн бэлтгэж байсан хоёр залгамжлагчаасаа гэнэтхэн татгалзаж, Зян Зэминийг БНХАУ-ын даргын суудалд залсан юм. Тэгэхдээ дараагийн хүнээрээ Ху Жинтаог томилохыг даалгасан гэдэг. Зян Зэминий хувьд одоо улс төрийн ямар ч эрх мэдэлгүй, жирийн нэгэн өвгөн бий. Гэхдээ түүний Шанхайн бүлэглэлийн нэр хүнд асар их байгаа нь ард нь суугаа Зян Зэмин одоо ч хүч нөлөөтэй хэвээр байгаа гэдгийг нотолж байна.
Хятадын ирээдүйн дарга нарын тухай сэдэвтээ эргэн оръё. Ху Жинтаогийн оронд гарч ирэх Си Зинпин гэж хэн бэ. “Wikileaks” сайтад гарсан АНУ-ын димпломатчын захидал дунд Си Зинпингийн тухай дурьдсан байдаг. Тууштай парагматик үзэлтэй, Коммунист улаан өнгийг улам гүн улаан болгохын тулд Маркист онолыг шамдан суралцсан хүн гэж түүний дотны найз профессор нь америкчуудад ам алдсан байж. Тэр ч бүү хэл “Эмэгтэйчүүдийн хувьд бол тэр уйтгартайд тооцогдоно” хэмээн дүгнэсэн байна. Си Зинпин Хятадаас Их Британид сууж байсан Элчин сайд Кэ Сяомингийн охинтой гэр бүл болсон ч эцэст нь салж, нэртэй дуучин бүсгүй Пин Лияунтай гэрлэжээ. Хятадын ирээдүйн удирдагчийн том эгч нь Канадад амьдардаг бол бага дүү нь Их Британийн соёл хэдийнэ нутагшсан Хонконгод амьдардаг. Тэгэхээр барууны нөлөө орж мэдэх хүн гэсэн үг.
Түүний ард хүч нэмж байгаа Шанхайн бүлэглэлийнхнээс хамгийн нэр хүндтэй хүмүүсийн Бо Силаи. Мөнөөх Гуандон мужийн амбан захирагчийг хүнд байдалд оруулчихаад инээж суугаа хүн гэж хэлж болно. Түүнээс гадна Хятадын Суртал ухуулгын яамны сайд Жоу Ёнканг, Соёлын хувьсгалын үед амь насаа алдсан, Мао Зэдуны гол өрсөлдөгч байсан Лиу Шаокийн хүү Лиу Юан нарыг нэрлэж болно. Түүний хувьд Хятадын армийн комиссар. Өөрөөр хэлбэл, Си Зинпин Улс төрийн товчооны байнгын гишүүдийн бүрэлдэхүүнд эдгээр хүнийг батгаах сонирхолтой байж болох юм.
Си Зинпин Хятадын хувьсгалт баатрын хүү. Түүний аав Си Жунсүн нь Хятадад өрнөсөн соёлын хувьсгалын үеэр хэлмэгдэж байжээ. Дэн Сяопины үед шинэчлэлийн талыг баримтлагчдыг дэмжиж байсан учраас Си Жунсүн Ерөнхий сайдын орлогч байснаа тушаал буурч, улс төрийн эрх мэдэл нь хумигдаж байсан түүхтэй. Харин мөнөөх шинэчлэгчидийн үзэл суртлыг Ху Жинтао тэргүүтэй Коммунист залуучуудын эвлэл их дэмждэг. Тиймээс энэ нь Хятадын улс төр дэх хоёр бүлэглэлийн тэмцлийн хүчийг сулруулж байна гэж дүгнэж болохоор. Ямартай ч Си Зинпиний хувьд Мао Зэдуны төрсөн нутгаар зочилж, улс орон даяараа хөндлөн гулд аялж, ард иргэддээ өөрийгөө таниулсаар байгаа юм. Хятадын ирээдүйн удирдагчийг эдийн засгийн шинэчлэл хийж, Европын хямралын нөлөөнд автахгүй байх арга замыг эрэлхийлэх зэрэг олон хүнд сорилт хүлээж байна.
"Улс төрийн тойм" сонин