“МТ Drilling” газрын тосны өрөмдлөг хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

“МТ Drilling” газрын тосны өрөмдлөг хийнэ

Монголын уул уурхайн салбарын төлөвөөс харахад өрөмдлөгийн салбарт ажил ид өрнөхөөр байна. Энэхүү өрнөлд дотоодын компаниуд цар хүрээгээ нэмэгдүүлсээр байгаа нь сайн хэрэг билээ. Энэ дунд зүй ёсоор орох дотоодын зуун хувийн хөрөнгө оруулалттай “МТ Drilling” өрөмдлөгийн компани өнгөрсөн хугацаанд Монголын өрөмдлөгийн салбарт хэдийнэ байр сууриа эзэлжээ.  Тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Дашнямтай компанийн амжилт, цаашдын төлөвлөгөө болон салбарын хөгжлийн талаар ярилцлаа.

Өрөмдлөгийн салбар Монголд эрчимтэй хөгжиж байна. Танай компанийн хувьд Монголын өрөмдлөгийн салбарын хөгжлийг хурдасгахад ямар хувь нэмэр оруулж байна вэ? Технологийн давуу талаасаа эхэлж ярих уу?

Үнэхээр Монголд уул уурхайн салбар маш их хурдацтай хөгжиж байна. Түүнийгээ дагаад манай өрөмдлөгийн салбар ч эрчимтэй хөгжиж байгаа гэж хэлсэнтэй тань санал нэг байна. Техник, технологийн хувьд манай компани байгуулагдсан цагаасаа хойш Европ стандартыг эрхэмлэн ажиллаж ирлээ. Швед улсад үйлдвэрлэсэн “Атлас копко” фирмийн өрмүүдээр баазаа бэхжүүлсээр байна.  Дэлхий дахинд нэвтэрсэн сүүлийн үеийн техник технологи болоод тоног төхөөрөмжүүдийг өөрийн орны уул уурхай, геологийн онцлог нөхцөл байдалд нийцүүлэн ажиллаж байгаа нь бидний давуу тал болохын зэрэгцээ ажил гүйцэтгэлийн өндөр бүтээмж бүхий өсөлт маань салбартаа оруулж буй бидний хувь нэмэр гэж ойлгож байна.

Өрөмдлөгийн хувьд техник, технологиос гадна мэргэжлийн боловсон хүчний ур чадвар маш чухал. Анх байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэлх хугацаанд мэргэжилтнүүдийнхээ ур чадвараар томоохон ямар ажлуудыг хийж амжуулаад байна вэ?

Хайгуулын өрөмдлөгийн хувьд хүчин чадал сайтай өрмийн машин механизмтай байлаа ч гэсэн машин механизмаа ажиллуулж чадах хүн хүч дутагдалтай бол өрсөлдөөн ихтэй хөгжиж байгаа энэ салбарт амжилттай оршин тогтноход бэрхшээлтэй. Энэ утгаараа манай компани анх байгуулагдахдаа л хүний нөөцийг чухалчилсан. Салбартаа ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлсэн. Бид өрмийн мастеруудаа жил бүр мэргэжлийн сургалтаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн сургалтуудад хамруулан мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарч ажилладаг.
Мөн жил бүр өрмийн туслахуудаа сонгон шалгаруулж, өрмийн мастеруудад дагалдуулан жилд хоёроос дээш өрмийн мастер бэлдэж байна. Манай инженер техникийн ажиллагсад болон удирдах түвшний ажилтнууд бүгд мэргэжлийн, салбартаа туршлага хуримтуулсан чадварлаг залуус байдаг. Ажил мэргэжилдээ эзэн болж чаддаг хамт олныхоо хүчин чармайлт, итгэлээр манай компани таван жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа гадны хөрөнгө оруулалттай томоохон өрөмдлөгийн компаниудтай эн зэрэгцэн өрсөлдөж, салбарынхаа үндэсний хөрөнгө оруулалттай компаниудыг тэргүүлэн амжилттай ажиллаж байгаадаа бид баяртай байдаг.   

Өрөмдлөгийн компаниуд геологи, хайгуул, ус, газрын тосны өрөмдлөг гээд төрөлжих нь бий. Танай компани яг ямар чиглэлээр өрөмдлөгийн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа геологи, хайгуулын өрөмдлөгийн ажлыг хий цохилтот болон алмаазан эргэлтийн өрмүүдээр гүйцэтгэсээр ирсэн.

Цаашид ямар чиглэлээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна вэ?

Бид уул уурхайн ашиглалтын үед шаардлагатай тэсэлгээний өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна. Мөн газрын тосны өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд судалгааны баг хамт олон маань ханцуй шамлан ороод байна.

Монголын компаниуд гадаадын компаниудтай харьцуулахад юугаараа илүү, юугаараа дутмаг байна вэ? Танай компанийн хувьд дутмаг талыг нөхөхийн тулд ямар зорилт тавьж ажиллаж байна вэ?

Манай байгууллага дотоодын зуун хувийн хөрөнгө оруулалттай, Монголдоо томоохонд тооцогддог “МТ групп”-ын бие даасан салбар компани юм. Би “Од олон ч шахцалддаггүй” гэж хэлэх дуртай. Үүнтэй адил манай салбарт ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниуд бие биенийхээ үйл ажиллагаанд саад болохгүйгээр, алдаа оноогоо хэлэлцэж, туршлага судлан, хамтдаа өсөн дэвжиж эх орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралд зохих хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэг. Иймдээ ч бид дотоодын үйл ажиллагаа нэгтэй компаниудтай хамтран өдөр ирэх тусам өргөжин тэлж, бүхний анхаарлын төвд ороод байгаа уул уурхайн салбартаа хариуцлагатай уул уурхайг нэгэн дээвэр дор хамтран бүтээж, дотоодын томоохон консорциум байгуулах зорилттойгоор үйл ажиллагаагаа явуулахыг уриалж байгаа билээ.

Монголын өрөмдлөгийн компаниудыг дотоод болон гадаад зах зээлд хүчирхэг өрсөлдөгч болгохын тулд юу хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

Дээр хэлсэнчлэн хамтын ажиллагаа өнөөдрийн хувьд маш чухал болоод байна. Миний ойлгосон туршлагаар бол монгол хүний хүчээр гадны тоног төхөөрөмжийг ашиглан дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ажлын гүйцэтгэлүүдийг бид хийж чадаж байна. Үүнийгээ гадаад зах зээлд таниулах, сурталчлах, боловсон хүчнийг олон улсын түвшинд бэлтгэх зэрэг ажлыг салбарын байгууллагуудтайга хамтран уул уурхайн компаниуд хийх шаардлагатай гэж үздэг.

Өрөмдлөгийн технологийн хувьд байгаль орчинд хор нөлөө багатай байх нь бас нэг давуу тал. Танай компанийн хувьд ийм технологийг нэвтрүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

Уул уурхайн үйлдвэрлэлтэй харьцуулахад геологи хайгуулын өрөмдлөг нь байгаль орчинд хохирол учруулах нь бага байдаг. Манай компанийн хувьд өрөмдлөгийн талбайд эхний болон давтан нөхөн сэргээлтийг хийдэг. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл хэд хэдэн удаа ч нөхөн сэргээлт хийдэг. Тухайн ажил гүйцэтгэсэн обьектын нөхцөл байдлыг харгалзан үзэж нөхөн сэргээлтээ хийдэг гэсэн үг л дээ. Технологийн хувьд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчинд хор хөнөөлгүй өрөмдлөгийн туслах багаж хэрэгслүүдийг ашигладаг.  

Өнөөдөр Монголын өрөмдлөгийн салбарын хөгжил  дэлхийн улс орнуудынхтай харьцуулахад ямар түвшинд байна вэ? Монголын өрөмдлөгийн салбарыг хөл дээрээ баттай зогссон гэдэгтэй та санал нийлэх үү?

Миний бодлоор хөгжил нь хариуцлагатай, аюулгүй үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх явдал гэж тодорхойлж болох байх. Техник технологийн хувьд дэлхийн хаана ч бай өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байгаа компаниуд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийг ашиглаж байна. Гадаад улс орнуудтай харьцуулж үзвэл, өнөөдөр манай салбарын хийсэн ажлын гүйцэтгэлийг дэлхийд түвшинд хүлээн зөвшөөрдөг болсон. Манай салбарын түвшин хаана явааг гадаад зах зээлээс томоохон хөрөнгө оруулалт татаж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын компануудаар тодорхойлж болох юм.

Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж