Гишүүдийн авьяас өвлийн өвгөнөөр тогтохгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Гишүүдийн авьяас өвлийн өвгөнөөр тогтохгүй

Сонгуулийн тухай хуу­лийг эрхэм гишүүд шинэч­лэн найруулж батлаад удаагүй байгаа билээ. Шинэ­чилсэн хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид кампанит ажлынхаа үеэр бэ­лэн мөнгө тараахыг бүрмөсөн хориглосон юм. Сонгогчдод мөнгө төг­рөг байтугай жирийн нэ­гэн цаг, үзэг бал мэтийг дурс­гаж, бэлэг сэлт өгөхийг ч хориглов. Яагаад гэвэл энэ бүхэн нь сонгогчдын саналыг худалдаж авч буй хэрэг учраас тэр гэнэ. “Ингээд улстөрчид иргэдтэй тулж ажиллах боломжгүй боллоо доо” гэж зарим нэгэн нь дүгнэж суув. Гэхдээ энэ онд болох сонгуулийн сунгаадаа хэдийнэ гарчихсан гишүүдийн хувьд хүмүүст хүрч ажиллах аргаа өөр өөрсдийнхөөрөө боловсруулсаар байна. Хаа сайгүй шинэ жилийн баярын уур амьсгал орсон саяны хэдэн хоногт гишүүд өвлийн өвгөн болон зүсээ хувиргаж байгаад бэлэг тараалаа. Д.Кёкүшюзан Бат­баяр, Ж.Сүх­баатар, Г.Баяр­сайхан зэр­гээр тэдгээр “өв­гөд”-ийн нэр­сийн жагсаалт хөвөрч бай­на. Барууны Сан­та Клаус бол айлын яндан­гаар бэлгээ чи­мээ­гүйхэн шур­гуулчихаад явж оддог гэх юм билээ. Харин монгол өв­лийн өвгөн бол айлд бөөн сүр бараа, олон дагуултай явж орчихоод ирснийг нь мэдээгүй хүн үлдчих вий гэсэн шиг “Цас мөсний орноос …” гэж ирээд л чангаар дуржигнуулдаг. Гэтэл орчин үеийн “өвгөд” бүр телевизийнхэнтэй цуг хэсч, бэлэг тараадаг болчихож. Нө­гөө айлдаа монголчуудыг тэр аяар нь дагуулаад яваад ор­чихно. Болж л байна. Эрхэм гишүүд өөрийнхөө нүүрийг тахлаж, бэлэг тараагаагүйгээс хойш хууль зөрчөөгүй л байна шүү дээ. Хотол олноороо гэрчлэх юм чинь. Тэд өвлийн өвгөний сахал самбай болсон царайг ганц удаа ашиглаа л биз, болохгүй нь юу байна. Тэгээд ч энэ бол дөнгөж эхлэл. Яваандаа цаадуул чинь бүжиглэнэ, дуулна, бүр стрип­тиз үзүүлж ч мэднэ. Их юм болно оо, харж л байгаарай. Дуусашгүй авьяастай, дун­даршгүй мэхтэй хүмүүс гэж хэнийг хэлдгийг мэдэх үү. Урлагийнхан гэж үү. Үгүй ээ. Спортынхон бүр биш. Тэд бол улстөрчид.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж