“Сонгуулийг хамтад нь явуулах ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

“Сонгуулийг хамтад нь явуулах ёстой”

Д.ЗАГДЖАВ: УИХ, ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ ХАМТАД НЬ ЯВУУЛАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Д.Загджавыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-УИХ дахь АН-ын бүлгээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Шинэ хууль батлагдтал хуучин хуулийн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзлээ. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ уг нь аль нэг  намын бүлгийн хурлын үеэр яриад байх зүйл биш. Энэ хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-наар дуусгавар болсон. Нэг ёсондоо ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хугацаа дуусчээ. Тэгэхээр тусгай зөвшөөрөл олгох, геологи,  ашигт малтмалын хайгуулын ажлыг улсын болон хувийн өмчийн бүх хэлбэрийн оролцоотой байгууллагуудын тусламжтай хийх бо­ломжтой. Бид ямархуу хэмжээний газрын баялагтай гэдгийг тогтоож, улсын сан хөмрөгтөө авах хэрэгтэй. Харин энэ асуудлыг зог­соогоод, улс төржүүлээд байх нь утгагүй л дээ.
-Таны хэлснийг сайн тал нь хэмээн харж болох юм. Харин тусгай зөвшөөрөл олгосноор гарсан сөрөг үр дагавар хэтэрхий их болсныг хэрхэх ёстой юм бол.

-“Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн” гэж үзэж байгаа шүү дээ?

-Улс орны газар нутаг дээр ашигт малтмалын хайгуулын ажил хийснээр аюулгүй байдал зөрчигдөөд байгаа юм биш. Харин улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажлыг нь хийсэн, “стратегийн” гэж нэрлэж байгаа томоохон ордуудыг улс орны эдийн засаг, ард түмний эрх ашигт нийцүүлж ашиглах, олборлох, цааш нь хэрэглэхтэй хол­боотой асуудлыг аюулгүй байдалтай холбож ярих ёстой. Тийм асуудлуудыг хэлэлцэх үеэр энэ талаар яриагүй байж өнөөдөр ярих нь утгагүй. Монгол Улсын нийт иргэн адил тэгш эрхтэй байх ёстой. Нэг хэсэг нь хайгуулын ажил хийж болдог. Олсноо ашигладаг. Гэтэл нөгөө хэсгийнх нь эрх хаалттай байж болохгүй биз дээ. Тэгш, тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй байна шүү дээ.

-Дээрх хуулийг батлаад чамгүй хугацаа өнгөрсөн байна. Үр дүн ажиглагдаж байна уу?

-Хуулийн хэрэгжилтэд ажиглалт, хяналт тавих чиг үүрэг байхгүй. Гэхдээ аливаа зүйлийг муу талаас нь биш сайн талаас нь харж байх ёстой. Боломж, нөхцөлийг иргэд, олон түмэнд олгох ёстой. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Түүний оронд нэг хэсэг бүлэг хүмүүс “Бид л бүгдийг мэдэх учиртай” гээд бариад байж болдоггүй юм. Эрх мэдлийн нэгдэл тэнцвэртэй байх ёстой.

-Уул уурхайн талаар ярьж эхэлсэн учраас Тавантолгойн төслийн талаар таны бодлыг сонсмоор байна?

-Одоо гаргаж, хэлэлцэж байгаа зарим асуудал дээр санал нийлдэггүй. “Олон оператор компани шалгаруулна. Олон хөрөнгө оруулагч татна” ч гэх шиг. Хоёр хөршдөө багахан зүйл өгчихсөн. Ингэж болохгүй ээ.

-Тэгвэл хэрхэх ёстой гэж?

-Бид Оюутолгойн ордыг хэрхэхээ нэгэнт шийдчихсэн.  Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын түвшний гэрээ хийх хэрэгтэй. Бүр тодруулбал, Тавантолгойг ашиглахдаа хөрш хоёр орныхоо аль нэгтэй гэрээ хийх ёстой. ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай гэрээ байгуул. Аль нэгэнд нь Тавантолгойн 49 хувь, Монгол Улс 51 хувийг нь эзэмшихээр гэрээ хийх ёстой юм. Ингэж Засгийн газрын түвшинд зөв, нээлттэй байдлаар асуудлаа шийдмээр байна. Олон улс биднийг харж байгаа шүү дээ. Баялагтай, олон улсын анхаарлын төвд байгаа орон юм бол асуудлыг иймэрхүү байдлаар утга учиртай шийдэх хэрэгтэй. Бид энэ хоёр улстай цаашдаа ч хамт л байна. Энэ хоёр улсын тогтвортой байдал, ирээдүйн хөгжил манай улсад хэрэгтэй. Хол байгаа улсууд бол хэзээд гуравдагч хөрш л байна. Айл саахалт шиг байхгүй. “Айл хүний амь нэг. Саахалт хүний санаа нэг” гэсэн үг бий.  Энэ сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай байдлаар жигд тэнцвэртэй хөгжүүлж явах учиртай. Ингэх шаардлага ч тулгарсан. Нэг ёсондоо энэ нь манай улсын хөгжил дэвшил, аюулгүй байдлын баталгаа болно. Хоёр хөршдөө нүүр өгөхгүй байгаа хэрнээ давж харайгаад гуравдагч хөршүүдтэй харилцаа тогтоож чадахгүй л болов уу. Бусад улс орнууд ч бидэнд итгэхгүй. “Монгол Улс хоёр хөршөө яачихсан юм. Хоёр хөршөөсөө голорчихоод бидэнтэй харилцаа тогтоох гээд байгаа юм уу” гэх биз. ОХУ, БНХАУ бол нөлөө бүхий том гүрнүүд. Энэ хоёр орны  ашиг сонирхлоос давж дуугарах улс өнөөдөр байхгүй. АНУ ч чадахгүй. Тавантолгойг ашиглахдаа энэ хоёр улсаас урьдчилгаа төлбөр авч болно. “Бүтээн байгуулалтын ажил хий. Хот суурин босго. Дараа нь бүтээгдэхүүнээс олох орлогоосоо хөрөнгө оруулалтын зардлаа нөх” гэхэд зөвшөөрнө. Харин бид тэнд 500 мянган хүнийг ажлын байраар хангах ёстой. Энэ бол баялагаас хүртэж байгаа хамгийн боломжтой хэлбэр мөн. Бид тэртээ, тэргүй өөрт ногдох ашгийг аваад эхэлнэ. Би ийм л байр суурьтай байгаа.

-Төслийг одоогийн парламент баталж амжих нь уу. ҮАБЗ төслийг буцааснаас хойш чамгүй хугацаа өнгөрлөө шүү дээ?

-Монгол Улс хууль тогтоох засаглалтай. УИХ шийдвэрээ гаргаад “хэрэгжүүл” гэдэг үүргийг Засгийн газарт өгсөн. Үүнд ямар ч шат дамжлага байх учиргүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж албан ёсны байгууллага байхгүй. Энэ хугацаанд төслөө батлаад, хэрэгжүүлээд явах боломжтой. Бид шийдвэрээ гаргаад өгсөн. Яагаад саатаад байгаа нь Засгийн газрын асуудал болов уу.

-Ерөнхийлөгч УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлэхдээ УИХ, Засгийн газар, төрийн өндөр албан тушаалтнуудад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Бас долоодугаар сарын 1-ний хэргийн хохирогч болсон иргэд, амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхнээс уучлалт гуйлаа. Та түүний шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Би Ерөнхийлөгчийн хэлсэнд дүгнэлт хийхгүй. Шүүмжлэлийн тухайд шүү дээ. Ерөнхийлөгч бол бие даасан институци. Тиймээс УИХ-ын өмнөөс би ярихгүй. Ярьдаг дарга, цэрэгтэй, хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хэн нэгэн хүн өмнөөс нь дүгнэлт хийдэггүй. Дотроо бүтэцтэй. Олуулаа ярьж байгаад шийдвэр гаргадаг. Түүнийгээ хэрэгжүүлдэг.

-Тэгвэл иргэдээсээ уучлалт гуйсан тухайд?

-Ард түмнээсээ уучлалт гуйсан нь Ерөнхийлөгчийн зөв. Ерөнхийлөгч уучлалт гуйхаас гадна бусад нь амиа алдсан иргэдэд нөхөн олговор олгох асуудлыг ч ярих хэрэгтэй.

-Амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд 50 сая төгрөгийн нөхөн олговор олгосон биз дээ?

-Уг нь үймээний үеэр амиа алдсан таван иргэний гэр бүлд 500 сая төгрөгийн нөхөн олговор олгоё гэж байсан шүү дээ. Гэвч “Төсвийн боломж” гэж яриад 50 сая төгрөг өгсөн. Хүний амийг 500 сая төгрөгөөр худалдаж авч чадахгүй.

-Одоо үлдсэн мөнгийг нөхөж олгох боломж байна уу?

-Боломжтой. Үнэхээр төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь эрсэдсэн бол айл бүрт үлдсэн 450 сая төгрөгийг нь өгөх ёстой.

-Ерөнхийлөгчийн хэлсэн үг­нээс гадна УИХ-ын сонгууль ол­ны анхаарлын төвд байна. МАН-аас нэр дэвших хүсэлтэй олон хүн байгаа. Харин нэр дэвшигчдээ хэрхэн сонгох тал дээр танай намын дотоод ардчилал ямар байх бол?

-Манай нам дотоод ардчиллыг үүсэж бий болсон цагаасаа хөгжүүлж ирсэн. Энэ уламжлалаа хадгална гэж бодож байна. Сонгууль  саяхан баталсан хуулийн хүрээнд болох байх.

-“Одоо УИХ-д сууж байгаа МАН-ын бүлгийн 45 гишүүнийг 48-даа оруулах байх” гэсэн яриа байгаа шүү дээ?

-Тэр бол хувь хүмүүсийн хэлсэн байр суурь байх. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлээгүй байгаа. Тиймээс үүнийг одоо хэлэх боломжгүй байна.

-УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах тухай асуудал юу болж байна вэ?

-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамт явуулах учиртай. 2008 оны дөрөвдүгээр сард баталсан хуулиар үүнийг шийдсэн. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж заасан. Одоо “Зургаадугаар сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байна” гэж ярьж байгаа. Саяхан сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Түүнээс өмнөхөн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хууль тогтоох байгууллага нь өөрөө өөрчилж, баталсан. Хууль ийм байгаа нөхцөлд сонгуулийг хуулийн хүрээнд  хамтад нь явуулах ёстой.

-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатгавал олон бэрхшээл тулгарна гээд байгаа биш билүү?

-Хамт л явуулах учиртай. Хууль нь тийм юм. УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрч болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хууль гэдэг бол орон нутгийн сонгуультай адилхан ойлголт. УИХ-ын сонгуулийн үргэлжлэл нь орон нутгийн сонгууль байдаг. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн хуулийн хугацааг мөрдөхөөс өөр арга байхгүй. Тиймээс орон нутгийн сонгуулийг төдөнд явуулна гэсэн яриа байх ёсгүй.

-Жижиг намууд “Одоо парламентад сууж байгаа гишүүд сонгуулийн үеэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаа ярина. Энэ нь тэдэнд давуу тал олгож байгаа” гэж шүүмжилж байгаа. Тэдний хэлж байгаа ортой юу?

 -УИХ бол ард түмний төлөөлөл болж төрийн эрх барих үйл ажиллагааг явуулдаг. Тэр нь юу гэвэл, “Монголын ард түмэн төрийн эрх барих чиг үүрэгтэй. Түүнийгээ төлөөллийн байгууллагаараа дам­жуулж  хэрэгжүүлнэ. Төлөөл­лийн байгууллага нь УИХ” гэдэг Үндсэн хуулийн зарчим бий. УИХ ард түмнийхээ өмнөөс хууль батлах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг. Бид гүйцэтгэх засаглалынхан шиг ажил хийдэггүй. Ерөөсөө хууль батлалцах гэсэн үндсэн үүрэгтэй. Энэ нь хамтын шийдвэрийн цогц байдаг. Бүгдээрээ ярилцаад, олонхиороо баталдаг. Дандаа олонхийн шийдвэрийг хэлэлцэж, баталдаг. Хэн нэг хүн ганцаараа ажил хийдэггүй. Тиймээс орон нутагт очоод “Би тийм ажил хийлээ. Ингэлээ, тэглээ” гэж ярина гэсэн ойлголт УИХ-ын гишүүдэд байх ёсгүй. 

-Таны болон нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Казиногийн тухай хууль юу болсон бэ?

-Нэр бүхий 10 гишүүн энэ хуулийн төслийг өргөн барьсан юм. Монгол Улс баялагтай мөртлөө ядуу байна. Ерөнхийлөгч “Эдийн засгийн өсөлт ард түмэнд мэдрэгдэхгүй байна” гэж хэлсэн байсан. Энэ үнэн. Эдийн засгийн өсөлтийг бид макро түвшинд авч үзээд байгаа юм. Тухайлбал, Засгийн газар. Уул уурхайн салбарын олборлолттой холбоотой эдийн засгийн тэсрэлт маягтай зүйл харагдаж байгаа. Бид баялагт болгоомжтой хандаж, хойч үедээ үлдээх ёстой. Ингэхийн тулд хөдөө аж ахуй, уул уурхайгаас хамааралтай бус олон тулгуурт эдийн засгийн баазтай болох ёстой. Үүний нэг нь аялал жуулчлалын салбар. Тэр дундаа олон улсад өргөн дэлгэр хөгжсөн казиногийн бизнес. Энэ бизнесийг амжилттай хөгжүүлж чадвал Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас олдог ашгаас илүү ихийг хүртэх боломжтой. Байгальд халтай, хүн ардад хортой биш. Хөгжилд түлхэцтэй, эдийн засагт нэмэртэй ийм л салбар юм. Дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн. Бидэнд ховорхон боломж байгаа. Манай хөрш улсууд нэг талаар бурхнаас хайрласан хишиг. Дэлхийн мөнгөний нэлээн хэсэг нь энэ хоёр улсад байдаг юм  шүү дээ. Үүнийг ашиглах л ёстой.  Казино байгуулаад тэр мөнгөнийх нь өчүүхэн хэсгийг авъя л даа. Ингэе гэхээр “үгүй” гээд байгаа юм.

-Хэн?

-Хуулийн төслөө өргөн барьсан. Хэзээ хэлэлцэхийг нь харж байгаа. Намын бүлэг дээр хэлэлцээд “Оруулъя” гэсэн оруулахгүй байна. Оруулахаар бид ялчих юм шиг санагдаад байгаа байх. Гишүүдийн олонх нь дэмжихээр байгаа байхгүй юу. Тэгээд л “Ирц хангалтгүй байна. Энэ том хуулийн төслийг бүрэн ирцтэй баталмаар байна” гээд шалтаг тоочиж байгаа. Өмнөх бүлгийн даргыг байхад энэ талаар ярьсан. Одоо болтол хэлэлцэх үгүй нь мэдэгдэхгүй байна.  Нэг их улайраад байх нь ч юу юм. Тэгээд л байж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Урангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж