Оюутнууд энэ сараас тэтгэлгээ авч эхлэх бололтой

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Оюутнууд энэ сараас тэтгэлгээ авч эхлэх бололтой

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг энэ сард хэлэлцэнэ. Онцлохгүй байхын аргагүй үйл явдал. Энэхүү хуулиар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэлгийг 10 сарын туршид өгөх талаар тусгасан байгаа.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 төгрөг болгон шинэчлэн тогтоосон. Харин үүний тал нь буюу 70 мянган төгрөгийг оюутнууд сар бүр авахаар болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай 111 их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцаж байна. Тэгэхээр бүх оюутанд 70 мянган төгрөг өгнө гэдэг жилд 132 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоог дагуулж байгаа юм. Хуульд зааснаар бол энэхүү 70 мянган төгрөгийг “Үндэсний тэтгэлэг” хэмээн нэрлэсэн. Улмаар сурлагын амжилтаасаа хамаараад оюутнуудад нэрэмжит, тусгай тэтгэлэг олгож байх талаар заасан. Өөрөөр хэлбэл, онц сурдаг оюутнууд 70 мянган төгрөгөөс гадна нэрэмжит тэтгэлэг хүртэх боломжтой болж байгаа юм. Энэхүү тэтгэлэгт өдөр, оройн ангийн оюутан, магистр,  докторт суралцагсдыг хамруулах тухай зааж өгчээ. Мөн оюутнуудад сургалтын төлбөрийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож болох талаар ч холбогдох албаныхан дурьдсан.

Гэвч амтай бүхэн “Хоёр сая гаруйхан хүн амтай мөртлөө 130 их, дээд сургуультай гэдгээрээ Геннисийн номд орох шахаад байгаа улс” гэсэн шүүмжлэл гаргаж байна. Тэр ч бүү хэл “Хүн бүр дээд боловсрол руу хошуурцгааснаас болж Монголын боловсролын тогтолцоо дампуурахад ойртож, барилга дээр ажиллах ажилчин, малчин олдохгүй байна” гэсэн үг ч дуулдах болж. Гэхдээ ихэнхдээ улстөрчдийн амнаас гарч байна. Тиймээс үүнийг сонгууль дөхсөнтэй ч холбон тайлбарлаж болох. Гэхдээ улстөрчид л хэлсэн болохоос биш үнэн үг. Өнгөрсөн наймдугаар сард Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “Нэг оюутанд 491960 төгрөгийн санхүүжилт хийхээр болсон. Учир нь оюутнуудын Эрүүл мэндийн даатгалыг Хүний хөгжил сангаас төлж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын  8040 төгрөгийг хасаад 491960 төгрөг Хүний хөгжил сангаас олгох шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэж байсан. Харин БСШУЯ-ны Боловсролын газрын дарга Б.Баасанхүү “Бид энэ ажлыг хариуцан хийж байгаа. Одоогийн байдлаар хэчнээн төгрөгийг хэрхэн хуваарилаж, ямар заавар журмын дагуу оюутнуудад тэтгэлэгийг нь олгох талаарх журам нь Засгийн газраас гараагүй байна. Удахгүй гарах ёстой” гэсэн юм.

Бүтэн болон хагас өнчин, эцэг эх нь төрийн албан хаагч эсвэл малчин, нэн ядуу, гурван хүүхэд нь зэрэг их, дээд сургуульд суралцдаг бол тухайн гэр бүл, оюутнад үзүүлдэг хөнгөлөлтүүд бүгд халамжийн шинжтэй. Тиймээс эдгээр хөнгөлөлт хуучнаараа хэвээр байна гэсэн үг. Төрийн сангаас оюутны нийгмийн байдлыг харгалзан үзүүлдэг хөнгөлөлт хумигдахгүй. Сар бүр тэтгэлэг авах эрх нь бүх оюутанд нээлттэй. Хамгийн гол нь тухайн оюутан хангалттай сайн суралцдаг байх ёстой аж. Хэдийгээр одоогоор журам нь батлагдаагүй байгаа ч хуулиндаа  тухайн оюутны сургалтын чанарыг харгалзан үзэх тухай хэдийнэ заачихсан. Тэгэхээр F буюу хангалтгүй сурдаг байсан ч сар бүр тэтгэлэг авна гэж ойлгож болохгүй. Ер нь ганц оюутан биш сайн ажиллаж буй боловсролын байгууллагыг хүртэл дэмжих зорилгоор төрөөс энэхүү тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн талаар холбогдох мэргэжилтнүүд онцлов.

Оюутнууд хэрхэн “Үндэсний тэтгэлэг”-т хамрагдах талаар болон эхний ээлжинд аль сургуу­лиудад олгох талаар БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн гүйцэтгэх захирал Д.Нансалмаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
    

-Төрөөс оюутнуудад олгох гэж байгаа тэтгэлгийг хэзээнээс ямар заавар журмын дагуу олгох гэж байна вэ?

-Яг өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар энэ бүх ажлыг цэгцлээд бэлэн болгочихсон. Тэгээд Засгийн газарт шилжүүлсэн байгаа. Өнөө маргаашгүй хэлэлцээд батлах юм бол энэ сардаа багтаагаад оюутнуудад олгоод эхэлнэ байх гэж бодож байна. Түүнээс биш хэчнээн төгрөг, яаж олгох талаар албан ёсны журам нь батлагдаагүй байхад би хэлж мэдэхгүй байна.

-Оюутнуудыг сурлагын түвшингээр нь ангилах уу?

-Эцсийн байдлаар журам нь гараагүй байгаа тул одоохондоо хэлэхэд эрт байна. Тодорхой хэмжээний шалгуур бол тавьсан. Юу гэж л муу сураад байхад нь “Май энэ мөнгө” гээд өгөөд байх вэ дээ. Удахгүй тодорхой болно байх хэмээн товч хариултыг өгсөн юм. Мөн Сангийн яамныхан үүнтэй ойролцоо тайлбар хийлээ. 

Оюутнууд сар бүр 70 мянган төгрөг аваад үр шимийг нь хүртэж чадах болов уу. Юу л бол. Өнөөдөр оюутанд хандсан тэтгэлэг, дэмжлэг хангалттай хэмжээнд байгаа. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн төлбөрийг дааж, бусдынх нь төлбөрийг зээлээр төлөх боломжийг бүрдүүлж, малчдын нэг хүүхдийг үнэгүй сургаж, бүх оюутанд сургалтын төлбөрт нь 500 мянган төгрөг нэмэрлэж, нийтийн тээврээрүнэгүй шахам зорчих эрхтэй болгож байгаа гээд яривал чамлахааргүй урт жагсаалт хөвөрнө.

Ирэх хаврын сонгуульд саналаа өгөх хүний хувьд ажиглахад сонгогчдын идэвхтэй хэсэг нь оюутнууд. Оюутнуудын  санал аль ч улс төрийн хүчинд маш их хэрэгтэй байгаа. Ерөнхийлөгчийн хувьд ирэх сонгуульд амлалтаа биелүүлсэн гэсэн бахархмаар зүйлтэй байхын тулд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан юм шиг. Мэдээж энэ санал нь Ардчилсан намд ч ашигтай болов уу. Тэд “Манай намаас сонгогдсон Ерөнхийлөгч энэ тэтгэлгийг санаачилсан. Бид түүнд нь дэмжлэг үзүүлж баталсан” хэмээн өөрсдийгөө сурталчлахийг үгүйсгэхгүй. Тэгэхээр “Үндэсний тэтгэлэг”-ийн 70 мянган төгрөг сонгуулийн “тэтгэлэг” ч байж мэдэх л юм.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж