”Татвар төлөгчдийн мэдээлэл ирэх сард гарна”

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

”Татвар төлөгчдийн мэдээлэл ирэх сард гарна”

Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Засгийн газраас энэ жил шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж урамшуулсан. Энэ үеэр ихэвчлэн уул уурхайн компаниуд шилдэг татвар төлөгчөөр шалгарсан учир Ерөнхий сайд барилгын салбарын болон банк, санхүүгийн салбарынханд тавих татварын хяналтыг чангатгах хэрэгтэй гэсэн шүү дээ. Үнэхээр барилга болон банк санхүүгийн салбарынхан ашиггүй ажиллаж байна уу. Аль эсвэл орлогоо нуун дарагдуулаад байна уу?

-Шилдэг татвар төлөгчдийг олон газраас шалгаруулдаг л даа. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас ТОП аж ахуйн нэгжүүдийг нэрлэдэгг уламжлал бий болсон. Энэ жилээс эхлэн Засгийн газраас шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж байна. Засгийн газраас шилдэг татвар төлөгчдийг шалгаруулахдаа өнгөрсөн жилийн гуравдугаар улирлын байдлаар улсын төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлсэн 100 аж ахуйн нэгжийг урамшуулсан. Тиймээс барилга болон банк, санхүүгийн салбарынхан энэ жагсаалтад багтаагүй байх магадлал өндөр бий. Учир нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд татварын тайлангаа аккурали сууриар тооцоолж гаргадаг. Энэ нь тухайн барилгын компанийн бүтээгдэхүүнийг улсын коммис хүлээж авч, ашиглалтад орсны дараа гаргадаг тайлан юм л даа. Тиймээс барилгын компаниудад шалтгаан байсныг үгүйсгэхгүй. Ирэх хоёрдугаар сарын 10 гэхэд өнгөрсөн жил ямар компани хэчнээн төгрөгийн татвар төлсөн байна вэ гэдэг нь эцсийн байдлаар тодорхой болдог. Банкуудын хувьд ч барилгын компаниудтай адилхан жилийн эцсийн тайлангаа хуримтлуулдаг учир ирэх сард бүх зүйл тодорхой болно. Үүний дараа Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах юм.

-Тэгэхээр тэр үед л шилдэг татвар төлөгчид жинхэнэ утаараа тодорно гэсэн үг байх нь ээ?

-Ерөнхийдөө тэгж хэлж болно. Эцсийн байдлаар тайлан гарсны дараа дээрх шилдэг компаниудын жагсаалтад барилгын болон банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд орохыг үгүйсгэхгүй.

-Далд эдийн засагтэй тэмцэх тал дээр Татварын ерөнхий газраас ямар ажил хийж байна вэ?

-Далд эдийн засгийг ил болгох, сүүдрийн эдийн засгийн наранд гаргахын тулд Татварын ерөнхий газраас олон ажил хийж ажиллаж байна. Тухайлбал, Эрсдлийн менежментийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Мөн бүх үйл ажиллагаагаа цахим болгох зорилт тавьсан. Энэ үйлчилгээг ашигласан аж ахуйн нэгжүүдийг урамшуулах аргыг ч хэрэглэнэ. Ингэснээр татвар төлөгчдөд хүндрэл учрахгүйгээс гадна хурдан шуурхай ажиллах боломжтой юм. Мөн энэ онд НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, НӨАТ шингэсэн бүтээгдэхүүн худалаж авсан иргэдэд урамшуулал олгох асуудлыг ч ярьж байна.

-Эрсдлийн менежментийг хэрэгжүүлж эхэлнэ гэхээр итгэл хүлээсэн татвар төлөгчдөд асар их боломж олдох нь гэж ойлгож болох уу?

-Аж ахуйн нэгжүүдийг эрсдэлтэй юу үгүй юу гэдгийг тодорхойлоод эрсдэлгүй гэж үзсэн хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг заавал хийхгүйгээр тайланг нь шууд авна. Эрсдэлтэй гэж үзсэн аж ахуйн нэгж, хувь хүний үйл ажиллагаанд шалгалт хийх журмаар явах юм.

-Эрсдэлгүй гэж үзээд шалгалт хийхгүйгээр татварын тайланг нь шууд авдаг байтал ямар нэгэн алдаа гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь мэдээж боломж олгосон шиг ээ өндөр байх уу?

-Аливаа алдаа гадаг санаатай ба санаандгүй гэсэн шалтгаантай байдаг. Санамсаргүйгээр хийсэн алдаа нь бусад алдааг бодвол бодож үзэлцэх ёстой асуудал. Харин санаатайгаар хийсэн алдаа буюу татвараас зугатах, орлогоо нуун дарагдуулсан тохиолдолд эрсдэлтэй аж ахуйн нэгж, хувь хүний эгнээнд шилжиж байнгын хараа хяналтад орно л гэсэн үг.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж