Сүүлчийн могикан ”Алтан сарнай” хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Сүүлчийн могикан ”Алтан сарнай” хүртэв

Иргэний хөдөлгөөнөөс Үйлд­вэрчний эвлэл рүү “урвасан” С.Ган­баатар бүр галзуурчихаж. Хөхөө өвлийн хүйтэнд “Алтан сарнай” барь­чихсан баярлаад гүйж явна. Тун сая­хан л төр засгийг шүүмжлээд, ба­раг “Алт өгсөн ч авахгүй, албан ту­шаалаар шагнасан ч хууртахгүй” хэ­мээн тунхаглаж явсан бидний С.Ган­баатар биш болчихож.  Хэдхэн жи­лийн өмнө бол “Пүү пай, энэ бол сарнай биш халгай” гэх байсан биз. Гэвч сонгууль хаяанд ирж Ардын намын “Алтан сарнай” жирийн ир­гэдийн итгэл найдвараас илүү үнэд хүрч буй бололтой. Багш нарын цалинг нэмснийхээ барьцаанд улс төрийн намуудад худалдагдаагүй сүүлчийн могиканыг өөрийн талдаа татсан Ардын намын залуучуудын байгууллага хүчтэй юү. Аль эс­вэл нэгэн цагт Ерөнхий сайдын зөв­лөхөөр ажиллаж байгаад сайн ду­раараа ажлаа өгсөн С.Ганбаатар шаг­нал голохоо болио юу. Түүний баярлаад хэлэх үгээ олохгүй байгаа “Алтан сарнай”-д хэчнээн олон залуу мансуурч, улс төрийн эргүүлэгт живснийг мэдмээр л юм. Хэрэв эмч нар, цэргийнхэн, урлагийнхан, бусад салбарынхны ца­линг нэмчихвэл С.Ган­баатар Ардын намын Удирдах зөвлөлд ч давхиж явж мэдэх нь. “Алтан сарнай”-аас “Алтан гадас”-т хүрэх бүр ч амархан биз.

Түүний эрч хүчтэй яриа, заг­наад ч байгаа юм шиг дайчин үг­сэд итгэсэн иргэд л лав сэтгэл дун­дуур хоцров бололтой. Ерөөсөө Мон­голын улс төр, Ардын нам ир­гэ­ний хөдөлгөөнийхнийг самар шиг цөмөөд дуусгалаа. Хамгийн сүүл­чийн могикан С.Ганбаатарыг хүртэл цөмчихөөр цаана нь хэн үлдэх бол. 

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж