Иргэний хөдөлгөөнөөс Үйлдвэрчний эвлэл рүү “урвасан” С.Ганбаатар бүр галзуурчихаж. Хөхөө өвлийн хүйтэнд “Алтан сарнай” барьчихсан баярлаад гүйж явна. Тун саяхан л төр засгийг шүүмжлээд, бараг “Алт өгсөн ч авахгүй, албан тушаалаар шагнасан ч хууртахгүй” хэмээн тунхаглаж явсан бидний С.Ганбаатар биш болчихож. Хэдхэн жилийн өмнө бол “Пүү пай, энэ бол сарнай биш халгай” гэх байсан биз. Гэвч сонгууль хаяанд ирж Ардын намын “Алтан сарнай” жирийн иргэдийн итгэл найдвараас илүү үнэд хүрч буй бололтой. Багш нарын цалинг нэмснийхээ барьцаанд улс төрийн намуудад худалдагдаагүй сүүлчийн могиканыг өөрийн талдаа татсан Ардын намын залуучуудын байгууллага хүчтэй юү. Аль эсвэл нэгэн цагт Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад сайн дураараа ажлаа өгсөн С.Ганбаатар шагнал голохоо болио юу. Түүний баярлаад хэлэх үгээ олохгүй байгаа “Алтан сарнай”-д хэчнээн олон залуу мансуурч, улс төрийн эргүүлэгт живснийг мэдмээр л юм. Хэрэв эмч нар, цэргийнхэн, урлагийнхан, бусад салбарынхны цалинг нэмчихвэл С.Ганбаатар Ардын намын Удирдах зөвлөлд ч давхиж явж мэдэх нь. “Алтан сарнай”-аас “Алтан гадас”-т хүрэх бүр ч амархан биз.
Түүний эрч хүчтэй яриа, загнаад ч байгаа юм шиг дайчин үгсэд итгэсэн иргэд л лав сэтгэл дундуур хоцров бололтой. Ерөөсөө Монголын улс төр, Ардын нам иргэний хөдөлгөөнийхнийг самар шиг цөмөөд дуусгалаа. Хамгийн сүүлчийн могикан С.Ганбаатарыг хүртэл цөмчихөөр цаана нь хэн үлдэх бол.
У.Оргилмаа
"Улс төрийн тойм" сонин