Голланд өндөг буюу гаж гарцууд

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Голланд өндөг буюу гаж гарцууд

Дэлхийд толгой цохидог хэдэн бизнесмэн Голландад болсон нэгэн томоохон уулзалтын үеэр “Голланд өндөг” гэдэг нэр томьёог бий болгосон гэдэг. Өндгийг ширээн дээр ямар нэг зүйлийг түшүүлэхгүйгээр хэрхэн тогтоох тухай наргиантай сорилтоос үүдэлтэй аж. Гэтэл тэдний нэг нь өндөгний нэг үзүүрийг сэмхэн цоолж, “хөл” дээр нь хөдөлгөөнгүй зогсоож чаджээ. Өндгийг тогтоох л чухал байсан болохоос “Хагалж болохгүй” гэсэн нөхцөл өгөөгүй учраас бусад нь түүний арга мэхийг  хүлээн зөвшөөрсөн байна. Эндээс “Аливаа зүйлд гарц байдаг. Гэхдээ өгөгдлийг судалж, манайхаар бол хуулийн цоорхойг ажиж олох нь чухал” гэсэн утгаар уг нэр томьёо тодорхой хүрээнд танил болсон юм билээ. Түүнчлэн хойд хөршийн шинэ үеийн дарангуйлагч В.Путин “Хууль санаачлан батлахад хэдэн зуун хүн оролцдог бол түүнээс бултах арга замыг хайж хэдэн сая хүн тархиа гашилгадаг” хэмээсэн байдаг.

Харин Монголд өнөө­дөр “Голланд өндөг”-ний зарчмаар Сонгуулийн ту­хай хуулиас гарц олох марафон хэдийнэ эхэлчихэж. Тухайлбал УИХ-ын чуул­­ган 2011 оны отгон хурал­­даанаараа хэвлэл мэ­дээл­­лийнхэнд зориулж зөвлөмж гаргаж “өглөө”. Их баярлалаа, эрхэм гишүүд ээ. Өөрсдийнхөө баталсан хуулийн биелэлтийг хангах гэж бидэнд өгсөн зөвлөмжид “Энэ хуулийг сайтар тайл­барлан сурталчилж сон­гогчдод хүргээрэй” гэж за­хисан байна билээ. Гэтэл уг зөвлөмжид онцгойлон заасан зарим заалт нь тун “но”-той санагдаад болдоггүй ээ. Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 35.16-д “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа энэ хуулийн 35.12.2-т хамаа­рах­гүй” гэсэн байна. Мөнөөх 35.15.2-т нь “Биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно” гэжээ. Тэгэхээр нэр дэвшигч урьдчилаад 35.15.2-т дурьдсан үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулчихсан бол тэрхүү хориглох заалтаас бултчихаж болж байгаа биз.

Уг нь УИХ сонгогчдын жигшдэг бүхнийг хаасан сайн хууль баталсан. Гэхдээ заалт бүрээс нь бултах арга нь тодорхой харагдаж, нэр дэвшигчдийг, тэр тусмаа уг хуулийг баталсан эрхмүүдийг жуумалзахад хүргэсэн “голланд өндөг”-үүд бөнжигнөлдөнө. Нө­гөөтэйгүүр УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн нэгэн автомат машинаас шалтгаалах болчихоод байгаа. Эхлээд БНСУ-аас мөнгө тоолдог сканнер оруулж ирэхээр болсон  нь  шууд  л хардлага төрүүлсэн. Тэр ч байтугай эх сурвалжийн мэ­дээлснээр Ерөнхийлөгч хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны даргыг өрөөндөө дуудаж лавласан юм билээ. Н.Лувсанжав дарга “БНСУ-аас тавьсан санал нөхцөл сайтай юм билээ” хэмээн өчихөд  Ерөнхийлөгч “Хамгийн муу бараа бүтээгдэхүүний санал нөхцөл сайтай байдгийг мэддэггүй юм уу” гэж бангадаад гаргасан гэнэ. Ингээд АНУ-ын “Доминион” компанийн дүрс авагчтай машиныг таалж байгаа юм даг уу даа. Харийн орны төмрийн сэг өөрийн орны оюун ухаант хүмүүнээс илүү шударга үнэний шалгуур болж таарч байгаа нь эмгэнэлтэй. Нэртэйгээр нь Монголын сонгогчдын саналыг шударгаар тоолох ажилтнуудыг гаднаас авчихвал амар ч юм уу. Ямартай ч энэ бол тун арга ядсан, муу гарц болсон гэж хэлмээр байна.

Сонгуулийг будилуулдаг уламжлалт аргуудаас хамгийн элбэг хэрэглэгддэг нь иргэний бүртгэл, саналын хуудасны асуудал байдаг. Энэ талаар дорвитой өөрчлөлт оруулаагүй. Оруулсан өөрчлөлтөө хэрхэн хэрэгжүүлэх, хэзээнээс эхлэх талаар тодорхой мэдээлэлтэй хүн бараг алга. Тэгэхээр өмнөх сонгуулиудын нэгэн адил талийгаачдын санал тодорхой хувийг эзэлж мэдэхээр байна. Монгол шиг амьд хүнээ үхсэнээс нь ялгаад тоолчихож чаддаггүй орон ховор биз.

Мөн Сонгуулийн тухай хуульд гэнэт золгүй явдал тохиож газар хөдөлж, үер бууж, аянга ниргэх болбол, эсвэл нийтийн эмх замбараагүй байдал бий болж онц байдал зарлахад хүрвэл УИХ гялс хуралдаад сонгуулийг хойшлуулж болно гэж заажээ. Энэ бас том боломж шүү. Санал хураалтын өнгө аяс ер нь андашгүй байдаг даа. Байдал эвгүйтээд шинэ хүмүүсийг илт дэмжиж жагсаад эхэлбэл хуучин УИХ хуралдаад сонгуулиа хойшлуулан элэг бүтэн үлдчихэж болохоор байгаа биз.

Ялагдагчдад өөрийгөө зөвтгөх олон арга бий. Тэр тусмаа нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй ч сонгогчдын итгэл үнэмшлийг худалдаж доромжилдог арга олон жилийн нүүр үзэж байна. Энэ талаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад огт дурьдаагүй байгаа. Бараг л найдваргүй кандидатуудын мөнгө “хийх” алтан боломж нь энэ. Том акултай өрсөлдөөд дийлэхгүйгээ мэдсээр байж сонгуульд нэр дэвшдэг. Дэмжигч баг нь “сүүлчийн дусал цусаа” ч үл хайрлан нэр дэвшигчийнхээ төлөө зүтгээд байдаг. Гэтэл нэр дэвшигч нь өрсөлдөгчтэйгээ ханцуй дотроо наймаалцан суудлаа тавьж туучихаад худал мэгшиж суудаг. Эл “гэмт хэрэг”-ийг хэн ч илрүүлж чаддаггүй. Тийм хүсэл зориг ч байдаггүй. Одоогоор нэр нь тодроод байгаа кандидатууд дунд зөвхөн үүний төлөө “тулаан”-д орох “арчаагүй шонхорууд” цөөнгүй харагдаж байна. Тэр тусмаа хоёрхон мандатын төлөө 20-иод хүнтэй халз үзэх эр зоригийн нууц ч үүнд байгаа нь тодорхой биш үү.

 Энэ мэтчлэн “Голланд өндөг” буюу гаж гарцыг олох марафон үргэлжилсээр байна. Хэрэв өмнөх сонгуулиудаас өвөрмөц байж, алдаа бүхнийг арилгаж чадвал муу нь юу байх вэ. Харин жирийн иргэдийн татварт төлсөн мөнгөөр “баранк” машин авчихаад түүндээ хамаг бурууг тохох, эсвэл эрдэнэт хүний амь үрэгдэхэд хүрвэл Монголын ард түмэн УИХ-ын эрхэм гишүүдийг өршөөхгүй нь лавтай.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж