Эрх баригчдыг ичээсэн Элбэгээгийн айлтгал

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Эрх баригчдыг ичээсэн Элбэгээгийн айлтгал

Монгол төрийн алтан аргамж ард түмний итгэл найдвар, эрх чөлөөтэй хамт алдрахын цагт ардчилсан Ерөнхийлөгч үгээ хэлэв. “Долоодугаар сарын 1-ний хэрэг явдалд төр ямар буруутай юм бэ. Тийм дүгнэлт байгаа бол гаргаад ирээч, та нар. Чадахгүй шүү дээ” хэмээн УИХ-ын чуулганы танхимд иргэдээ тавласан хамтарсан Засгийн газрын нэгэн сайдад тэрбээр хатуухан хариу барив. “Дуртайгаараа та нар уучлалт гуйхгүй юу. Үймээний учир шалтгааныг хэн ч олж чадахгүй байхад бид лав Ерөнхийлөгчөөр уучлалт гуйлгахыг дэмжихгүй. Хэлэлцүүлэх гээд байгаа төслийг чинь олонхиороо кноп дараад унагачихаж чадна шүү” гэж эсэргүүцсэн Ардын намын гишүүдийг Элбэгээ ичээв. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийнхээ цус, нулимс дээр олонхийн эрх мэдлийг тунхагласан тэднээс “Зуун жилийн өмнө Манжийн төрд хорссондоо монголчууд босож байсан. Зуун жилийн дараа эрх баригчдадаа баярлаж суугаа манай иргэдийн тоо олонхи байж чадах уу” хэмээн Төрийн тэргүүн асууж байна. Таван хүний халуун амиар таван сайдын суудал наймаалцсан Ардчилсан намынхан, иргэний эрх дээр гишгэж засаглалыг зайдагнасан эрх баригчдад тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон онцгой байдлын орчинд 2008 оны долоодугаар сарын 1-2-нд шилжих шөнө хүний амьд явах эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж, хүний амь нас хохирсон. Энэ харамсалтай үйл явдал манай нийгэм, төрд гүн сургамж үлдээсэн. Иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах болон эрх мэдлээ иргэдээрээ шийдүүлэх асуудлыг манай эрх баригчид онцгой анхаарах ёстойг долоодугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал хойшид ч сануулсаар байх болно” гэж анхааруулав. МАНАН-ын эсрэг МАХН, МҮАН-ын эвсэл байгуулсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт ч энэ үгээрээ “мэндчилгээ” дэвшүүллээ.

Харин дараа нь Монгол төрийн нэрийн өмнөөс “Тэр өдрүүдэд иргэнийхээ аюулгүй байдал, эрүүл мэнд, амьд явах үндсэн эрх, эрх чөлөөг хангаж чадаагүйнхээ төлөө ард иргэдээсээ болон амь насаа алдсан, эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирсон нийт иргэнийхээ гэр бүл, ойр дотныхноос Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйя. Иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөх, эрүүл мэнд, амь нас нь хохироход хүргэсэн учир шалтгааныг төрийн зохих байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хариуцлагатай шалган тогтоох ёстой. 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон эмгэнэлт явдал манай улсын түүхэнд дахин давтагдах ёсгүй” хэмээн уучлалт гуйв. Ард түмнээ айлгахаасаа ичээгүй хэрнээ алдсан амь, алдагдсан эрх чөлөөнийх нь төлөө уучлалт гуйхаас ичсэн нөхдөд Элбэгээ ийнхүү ардчиллын хамгийн том жишгийг мэдрүүлэв. “Ардчилсан нийгмийн нэгэн соёл бол ард түмнээсээ уучлалт гуйж чаддаг байх явдал” гэдгийг Ардын нам болон Ардчилсан намынханд Төрийн тэргүүний зүгээс харууллаа. Уучлалт гуйх тухай саналыг эцэслэн хэлэлцэж чадаагүй УИХ-ыг ч ичгэвтэр байдалд оруулах нь тэр. Эрхэм гишүүн Х.Тэмүүжин долоодугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой зарим баримтыг дэлгэж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “Бидэнд бүр ч ноцтой баримт байгаа” гэж мэдэгдсэний дараа Төрийн тэргүүн ард түмнээсээ уучлалт гуйсан нь Ардын намын “Алтан сарнай”-аас ч илүү анхаарал татсан үйл явдал байлаа.  

Элбэгээ ингэж айлтгалаа. “Монголд гарсан хувьсгалууд голдуу бусдад булаагдсан эрхийг иргэддээ шилжүүлэх зорилготой байсан нь харагддаг. Гэвч цаг алсрах тусам тэр эрхээр иргэд биш, эрх баригчид хангагдаж, тухайн нөхцөл байдал дараагийн хувьсгал руу хөтөлсөн байдаг. Тэгвэл өнөөдөр манайд байдал ямар байна вэ. Би энд энгийн жишээ хэлье. Манай улсын хууль тогтоомжоор Монголын төр, албан тушаалтнууд эрх, эрх мэдлийн цуглуулга, иргэн, хувийн хэвшил нь үүрэг, хариуцлагын цуглуулга болон хувирчээ. Өдөр тутмын нэгэн сонинд гарсан нийтлэлээс иш татъя. Хуулиар Ерөнхийлөгчид 41 эрх, хоёр үүрэг, УИХ-ын удирдлага, гишүүдэд 281 эрх, 14 үүрэг, Ерөнхий сайдад 67 эрх, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт 1721 эрх, 264 үүрэг ногджээ. Төрийн нэг эрх мэдэлтэн дунджаар долоон эрх эдэлж, нэг үүрэг хүлээж байхад иргэнийг нэг эрх дагаж долоон үүрэг дарж байна. Төрийн эрх долоодугаар сарын 1 шиг, иргэний эрх нэгдүгээр сарын 7 шиг харагдаж байна. Зарим газарт эрх, үүргийн харьцаа аравдугаар сарын 1 шиг, бас нэгдүгээр сарын 10 шиг байгаа нь тохиолдол биш” гэж. Сонирхолтой статистик байгаа биз. УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хийсэн гаргалгааг улсын Ерөнхийлөгч ийм хариултаар баяжуулав. “Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог. Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Манайд дарга үүрэг хүлээгээгүй учраас хариуцлага үүрэхгүй байна. Хариуцлага байхгүй учраас үйлчилгээ байхгүй байна” хэмээн тэрбээр эрхэм гишүүний анализад хачир нэмлээ.

Ардчилсан Ерөнхийлөгч эрх чөлөөний хүчинд итгэдэг. Тийм ээ, тэр чуулганы индрээс ингэж мэдэгдсэн. “Эрх чөлөө хэчнээн муудсан ч сайжрах тал руугаа байдаг. Эрх чөлөөт нийгмийнхээ ачаар төрд байгаа мууг бид хангалттай уудалж байна. Төрд муу байгааг, төр муу ажиллаж байгаа учир шалтгааныг ч харж байна. Эрх чөлөө, энэ нийгмээ муу албатуудаас нь, муу муухайгаас нь шат дараалан салгах цаг болсон. Энэ бол эрин үеийн шаардлага” гэх Төрийн тэргүүний үг улс төрийн намууд руу чиглэсэн юм. Ардын нам МАХН хэмээх нэрээ сольсон, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад айлчлахаар мордмогц Улсын дээд шүүх Н.Энхбаяр нарт МАХН гэдэг нэрийг өмчлүүлсэн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг алдаа, завхралтай ажиллаж байгаа… Энэ мэт олон асуултад Элбэгээ хариулт өгөв. “Намаараа талцаж, амжилт, ололтоо өмчлөх гэдэг хуучаасаа бид салж чадахгүй байна. Нам өмчлөх ёсгүй, нам хамаарах ёсгүй зүйлс аливаа иргэншсэн улс үндэстэнд байдаг. Амжилт, ололтоо өөртэйгөө биш, намтайгаа холбодог хувь хүн байдаг. Намаа энхрийлж хашгиран уйлах зарим дарга, гишүүдийг би ойлгож байна. Би намын дарга, цэрэг явсан. Сайн, мууг нь мэднэ. Монгол Ардын нам олон жил ярьсан намын нэрийнхээ асуудлыг шийдэж чадсанд би талархаж байгаа. Ардчилсан нам улс орныхоо хөгжил дэвшлийн сэдвээр бүтээлч, өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бусад нам хүчнүүд ч бодол саналаа чөлөөтэй уралдуулж байна” гэж. Харин тэрбээр “Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх нам татан буугдах ёстой” хэмээн хэлсэн нь улстөрчдөд ч, ард иргэдэд ч хамгаас содон сонсогдлоо. Улс төрийн намыг улс төрийн бирж болгосон нөхдөд “Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын толгой хоргоддог, өсөж үрждэг газар ч биш. Нам олон, Монгол ганц. Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм рүү явах хэрэгтэй. Та бидний тогтоосон дүрэм, журам, хууль тогтоомжийн сүүдэрт намууд маань нам царцжээ” гэсэн сануулга өгсөн нь ч онцлох үг.

“Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг отон хүлээгчид олон байгаа. Хийх ёстой ажлууд ч бий. Гадна, дотны хүмүүсийн гарт, цүнхэнд байгаа ашигт малтмалын зөвшөөрөл нэг бүрийг ажил хариуцсан хүмүүс шалгаж байгаа. Тодорхой дүгнэлт гаргах учиртай. Мөн буцаагдсан нэг ч зөвшөөрөл эргэж олгогдоогүй байх ёстой” хэмээн уул уурхайн салбарынханд хандаж хэлсэн Ерөнхийлөгч хөрөнгөлөг хурандаа нарт хатуухан үг хэлэв. “Өөр нэг асуудал бол цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг тойрсон яриа юм. Хөрөнгөжигсөд зөвхөн цагдаад ч байгаа юм биш. Шүүх, прокурорт ч бий. Төрийн нэрээр далайлгасан, бусдыг айлгаж хөрөнгөжсөн, “Намайг хэн хэлэх вэ” гэсэн хэнэггүй, ихэмсэг хүмүүсийн тухай яриа гараад удаж байна. Тэд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг зөрчдөг, шударга ёсыг сахиулах томилгоотой, тийм тангарагтай мөртлөө шударга бусыг хийдэг. Төсөв нь алдагдалтай төрөөс цалин авч, хувцас өмсөж, албан тушаалын зарим хангалт авдаг хэрнээ хөрөнгө нь бялхсан, багтаж ядсан цагдаа, прокурор, шүүгч байдаг тухай би сонссон. Зөвхөн би ч биш, энэ тухай өнөөдөр Монгол сонсож байна. Итгэсэн ардынхаа элэг рүү ингэж өшиглөж болохгүй. Хууль завхруулдаг хууль сахиулагчид байж болохгүй” гэсэн Элбэгээгийн эл айлтгал хэн, хэнийхээ эрх ашгийн төлөө ямагт хамгаалалт босгодог хүчний байгууллагынхан, эрх баригчдад ихээхэн цочроо өгсөн биз ээ. Улс төрийн намын тухай хуулийг үндсээр нь өөрчлөх санал дэвшүүлсэн Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхийг ч уриалав. Авлигатай тэмцэх газар Ч.Сангарагчаа гэдэг даргатай байхад, бас Н.Энхбаяр болон эрх мэдэлтнүүдийн илгээсэн хүмүүсээр дүүрэн байхад Элбэгээ гэнэт зочилсон удаатай. Тэгмэгцээ “Авлигатай тэмцэх газар Авлигатай тэнцэх газар болжээ” хэмээн хэлсэн нь саяхан. Тэгвэл энэ удаад Төрийн албаны зөвлөл рүү дуран авайгаа тааруулжээ. “Төрийн албаны зөвлөл төрийн биш, “Өөрийн албаны зөвлөл” болж хувирсан. Үүнээс болоод олон аймаг, суманд орон нутгийн удирдлагын ордон тухайн нэгжийн удирдлагын “Гэр бүлийн ордон” гэж андуурмаар болсон байна. Манай удирдлагууд боловсон хүчнээ өөртөө, гэр бүлдээ, намдаа хэрхэн үйлчилснээр эрэмбэлж тодруулах явдал газар авсан. Ийм байдалд УИХ цэг тавих ёстой” гэж тэр хэлэв. Ерөнхийлөгчийн зүгээс төрийн албыг “цэвэрлэх” эхний дохио нь Авлигатай тэмцэх газар байсан бол дараагийнх нь Төрийн албаны зөвлөл боллоо.
2012 он. Энэ бол сонгуулийн жил. Эрхээ нэгхэн өдөр эдэлдэг ч эрх баригчдад хэдэн жилээр “хулгайлуулдаг” ард түмэнд Элбэгээ сэрэмжтэй байхыг зөвлөв. “Зуун жилийн хугацаанд монгол хүн наад зах нь гурван хувьсгалын нүүр үзсэн байх юм. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал. Энэ хувьсгалд оролцогчдоос юуны төлөө тэр хувьсгалыг хийснийг асуувал нэг л утгатай хариулт давамгайлах байх. Монгол хүний төлөө, монгол хүний эрх чөлөөт сайн сайхан амьдралын төлөө гэсэн хариулт зонхилох биз. “Монгол Улс нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт ордог” гэгддэг. Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжил, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл” гэж эрх баригчдад хандаж хэлсэн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг ч улалзуулав. “Зуун жил явж ирсэн шигээ манай иргэд данхтай халуун усаар /Хүүхдээ унтуулчихаад/ ээлжилж усанд орж биеэ угаадаг байдлыг халах ёстой. Үүнийг төрөөс шийдэж чадахгүй бол “Би асуудлыг тань шийднэ. Намайг сонгооч” гэж гүйлдэхээсээ бүгд ичих хэрэгтэй” хэмээн парламентын гишүүн болчихоод сайдын суудал, сайдын суудалд заларчихаад Ерөнхий сайд, түүнээс цаашхи эрх мэдэлд шунадаг түшээдэд хандаж хэлэв. Намын гишүүний үнэмлэхийг эрх мэдлийн тавцанд гарах “виз” болгон ашигладаг нөхдөд ч энэ үг хатуухан сануулга болог. Ямартай ч үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганы үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн айлтгалыг зуун хувь биелүүлэх эсэх нь улстөрчдийн хүсэл, зоригоос хамаарна.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж