Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Мартагдашгүй он

(“Limes”, Итали, Никколо Локателли (Niccolт Locatelli))
 

 

АГУУ ОЙРХИ ДОРНОД

Сиди-Бузидаас эхлэн Тахрирын шинэ мөргөлдөөн хүртэлх Арабын хаврын жил

Хойд Африк, Ойрхи Дорнодын зарим орнуудын талбайгаас цуурайтсан өөрчлөлтийн шаардлага өнгөрсөн жилийн гол мэдээ байв. Иргэний болоод нийгэм, улс төр, эдийн засгийн эрхээ шаардсан хэдэн арван сая хүн гудамж талбайд гарлаа. Тунист үсэрсэн оч үсэрч, дөл нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсд тархав. Тунисийн Бен Али, Египетийн Мубарак  мөхөж, Йемений Салах огцрохоор амлаж, Ливийн Кадафи алагдав. Сирийн дарангуйлагч засагтайгаа зууралдан харгислал үйлдэж байна.

Арабын хаврын төгсгөл тодорхойгүй хэвээр. Гэхдээ гурван асуудал үүсээд байна. Үүнд:

  1. Хувьсгал ялах эсвэл Засгийн газар нь засгаа хадгалан ямар нэгэн хэмжээ хэмжээний өнгөц шинэчлэл хийн хувьсгалчдын самуунт сэтгэлийг тайвшуулан хэдэн арван жилийн турш дарангуйлагч нартай ашигтай бизнесээ хийгээд одоо хүний эрхийн номлолыг барьж буй барууныг уяруулж чадсан эхэн үе?
  2. Хувьсгал ялбал ардчилал ирэх үү? Засаглалыг хуваах, хууль ёс, улс орондоо үйлчлэх институци зэрэг эрх зүйт улс орны тогтмол зарчим байхгүй нөхцөлд ямар байх вэ? Цөөнхийн эрх хүлээн зөвшөөрөгдөх үү эсвэл олонхийн дарангуйлал тогтох уу? Хувьсгалыг удирдаагүй исламын нам хөдөлгөөний амжилт улс орны иргэний чанар баталгаажих уу?
  3. Эдгээр орнуудын болон хөршүүдийнх нь гадаад бодлого өөрчлөгдөх үү? Одоо бол эдгээр асуудалд хариулах, дүгнэлт хийх аргагүй байна. Хувьсгал хурдтайгаар энд тэндгүй ялна гэсэн жилийн эхний хөөрөл урт хугацаа шаардах хүндрэлээр солигдож байна. Үйл явдал эхлээд дэлхийн хувьд гэнэтийн зүйл болж өнгөрсөн оныг түүх болон геополитикийн талаас мартагдашгүй болгож байна.
Израиль, Иран, Турк гурав Арабын хаврыг тооцохоос өөр аргүй болов

Хойд Африк, Ойрхи Дорнодод гарч буй өөрчлөлт бүс нутгийн араб биш орнуудад нөлөөлж байна. Сирийн ерөнхийлөгчийн уналт нь Ливан, Палестины бодлогод нөлөөлнө. Учир нь Дамаск Ливаны шийтийн Хезболлах, Палестины эсэргүүцлийн исламист хөдөлгөөн ХАМАС-ыг дэмжиж ирсэн юм. Туркийн ”Mavi Marmara” хөлөг онгоцонд гарсан хэрэг явдлаас болон еврейн улс Турктай харилцаагаа сайжруулж чадсангүй. Израиль 12 сарын өмнөхөөс илүүтэй тусгаарлагдсан байна. Палестиныг НҮБ-д бүрэн эрхт гишүүн болгох шаардлагыг Аюулгүйн зөвлөл нь хаасан ч Палестины үндэсний засаг захиргаа нь ЮНЕСКО-гийн гишүүн болж чадав. Гэхдээ Израилийн дотоод асуудал нь хүндхэн хэвээр байгаа бөгөөд ирж буй он Ирантай дайтах жил ч болж магадгүй байна.

Тегераны удирдлага бүс нутгийн өөрчлөлтийн салхинд тэсч үлдсэн ч цөмийн бөмбөг бүтээх гэж буйгаараа барууныхны хоригт ороод байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг цөмийн бөмбөгийн ул мөрийг олоогүй ч үүнд нь эргэлздэг АНУ ба Европ Иранд эдийн засгийн хатуу хориг тавьсаар байна. Обама ч Иранд Нетеньяхутай зэрэгцээд цэргийн ажиллагааг явуулахаас буцахгүй байгаа. Их Британийн Элчин сайдын яаманд довтолсон нь үндсэрхэг үзэлтнүүдийн сэтгэл санааг өргөсөн ч Ираны хэлэлцээрийн байдлыг сайжруулсангүй.

Турк ерөнхий сайд Эрдогантайгаа томоохон амжилт авчирсан 2011 оноо үдэж байна. Ерөнхий сайдын нам нэг их давуутайгаар биш ч гэсэн сонгуульд ялав. Эдийн засаг нь Хятадын хурдаар өөдөлж явна. Исламистуудтай байгуулсан Туркийн ардчилсан байгуулалт нь Ойрхи Дорнодын хувьсгалчдад жишиг болж байна. Израильтай харилцаа нь хүйтнээс гадна тэд Европоо мартаж буй бололтой. Туркийн зураглалд зөрчил болох нэг зүйл нь Сирийн бослого болов. “Хөршүүдтэйгээ ямар ч асуудалгүйгээр” гэсэн тэдний бодлого явцгүй болохыг Сирийн хэрэг явдал харуулав. Анкара  одоо Ассадыг унагах зорилготойгоор ажиллаж байгаа ч эмзэгхэн хил нь тогтворгүйжих эрсдэл байна.

Иракаас Америкийн цэрэг гарснаас үүдэх олон асуултууд

Өнгөрсөн он Иракийн дайныг албан ёсоор төгсгөсөн жил болон түүхэнд үлдэнэ. Америкчууд цаг хугацаа, мөнгө, хүмүүсээ алдан байж “хамгаалсан” орон зайгаа орхин гарлаа. Ирак нь Арабын шахалт, дотоодын хүчирхийлэл, сонирхлоороо тоногдох эрсдэлд ороод байна.

ЕВРОП

Еврогийн төгсгөл ойртох он

Ойрхи Дорнодын ард түмний гол найдлага 2011 он байсан бол Европын хувьд хамгийн аймшигтай жил байв. Эхлээд гай Грек, Португали Ирландадыг дайрав. Улс өрөнд идэгдэж, энэ нь Испани, Италийг, бага зэргээр Бельгийг халдварлуулав. Жилийн төгсгөлд Франц хяналтын “бүс”-эд орлоо. Германы үнэт цаасны хэсэг нь худалдагдсангүй. Хямрал одоо Европ тивийг тэр чигт нь бүрхэн дэлхийн эдийн засагт заналхийлж эхлэв. АНУ, Япон, Хятад, BRIKS-ийн орнууд болон Их Британи түгшсэн ч Европын орнууд өөрсдөө асуудлаа шийдтэл нь тусламж үзүүлэхгүй байхаар шийджээ. Европ өнгөрсөн оноо биржүүдийн уналт, улсын үнэт цаасны ашгийн өндөр хувьтай,  хямрал босгон дээр үдэв. Португали, Итали, Ирланд, Грек, Испанийн Засгийн газар нь солигдсон ч бодлого нь санхүүгийн барьцаанд үлдлээ.

Хорват ЕХ-нд, Болгар, Румын Шенгений бүсэд багтаагүй хэвээр

Хорватад 17 жил эрх барьсан барууны хүчний дараа зүүний төвийнхөн засгийн эрхэнд гарч тус орныг 2013 онд Европын холбоонд нэгтгэх гэрээнд гарын үсэг зурав. Голланд, Финлянд хориг тавьсны улмаас Болгар, Румын хоёр Шенгений бүсэд элссэнгүй. Хориг тавьсан орнууд нь тэднийг авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд ихийг хийх хэрэгтэй гэв.

ХОЙД АМЕРИК, НОМХОН ДАЛАЙН АЗИ

Осама бин Ладены үхэл

Тавдугаар сард Пакистанд явуулсан тусгай ажиллагаагаар Аль-Каидагийн тэргүүнийг усгаж Америкийн цэрэг Иракаас гарсан, Афганыг удахгүй орхих гэж байгаатай давхцан олон улсын терроризмтай хийсэн 10 жилийн дайныг дуусгаж буй. Исламабадад хэлэлгүйгээр тусгай ажиллагаа явуулсан нь Вашингтон ба Пакистаны цэргийнхэн болон иргэний хүчний хооронд хэрүүлийн эхлэл тавив. Пакистан Isaf-ийн цэргийг хангах хамгийн дөт замыг хааж, цэргийн эргэлт гаруулахгүй байхыг гуйсан Элчин сайдаа солив. АНУ исламын терроризм ба талибуудтай тэмцэж буйд нь Пакистанд тусалж байсан зарим сангуудаа хаалаа.


Хятадын эсрэг зогссон жил

Өнгөрсөн оны G2-ын уулзалт нь Хятадын радарт үзэгдэхгүй онгоцны гэрэл зургаар дагалдав. Батлан хамгаалахын сайд Роберт Гэйтс Бээжинд айлчилж байх үеэр нь энэ зураг хэвлэлээр цацагдлаа. Обама, Ху Жиньтао нарын уулзалтаар ирсэн хэдэн сарын улс төр ба цэргийн хамтын ажиллагааны ахицыг Тайванийг хамгаалах гэсэн бодлого таслав. Номхон далайн бүсийн орнуудтай хурдавчилсан гэрээ байгуулж, Air Sea Battle Concept  төлөвлөгөөг Пентагон зарласан мөн Австралид Америкийн цэргийн бааз байгуулсан, бас дээр нь Хиллари Клинтоны Мьянмад хийсэн айлчлал зэрэг нь АНУ-ын стратегийг тодруулж өгөв. БНХАУ Өмнөд Хятадын тэнгис ба Зүүн Хятадын тэнгист дэх зарим бүсэд газар нутгийн маргаанаа үргэлжлүүлэв. Ингээд асуудал нээгдлээ.

Мартаж чадашгүй он Японыг дайрав

Газар хөдлөлт, цунами, цөмийн тогооны дэлбэрэлт зэрэг гурвалсан гамшгаар амь үрэгдсэн 20 мянга гаруй иргэнээ Япон гашуудан дурссаар байна.

“Уолл-Стритийг эзлэх” гэсэн жил

Америкийн эсэргүүцэгсдийн (indignados) Уолл-Стритийн дэргэд есдүгээр сард босгосон хоёр майхнаас эхлээд жилийн төгсгөлд дэлхийн бүх хэвлэлийн хуудаснаа төгсгөсөн эсэргүүцэл  улс орноо бүрэн хамаарч зах зээлийн гэхдээ санхүүгийн эсрэг эдийн засгийн хөтөлбөрийг гаргууллаа. Энэ хөдөлгөөнийг мэдрэхгүй өнгөрөх нь энэ жил ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Обамагийн хувьд эрсдэл болохоор байв. Ямар ч нөхцөлд энэ түүний сонгогчдын саналыг багасгахаар байв.

“Хятадын эзлэх” жил мөн үү?

Америкийн улс төр судлаач Уолтер Рассел Мид жилийн гол үйл явдлаар Арабын хаврыг биш Зүүн Өмнөд Азийн хятад ажилчдын хавар гэж нэрлэжээ. Өнгөрсөн он Хятадын хувьд улс төр, эдийн засгийн шалтгаангүй иргэдийн гомдол гаргасан Вукан (Wukan) тосгоны эсэргүүцлээр төгсөв. Ирж буй онд энэ тосгон нь шинэ Сиди-Бузид эсвэл эсэргүүцэлд байнга дарагдаж байдаг олон мянган хятад тосгодын нэг болох уу гэсэн асуултыг авчирч байна.

АФРИК

Өмнөд Судан, Ливи, Сомали: сэргэх ёстой улсууд

Өнгөрсөн оны нэгдүгээр сард бүх нийтийн санал асуулгаар христийн олонх амьдардаг Суданы өмнөд нутаг Суданаас тусгаарлан Өмнөд Суданы бүгд найрамдах улс байгуулав. Жуба нийслэлтэй шинэ орныг албан ёсоор долдугаар сараас байгуулав. Абьея, Өмнөд Кордофан ба Цэнхэр Нил бүсийн хил тогтоогдоогүй маргаан, нефтийн баялгаа хэрхэн хуваан ашиглах талаараа залуу улс Хартумтай холбоотой хэвээр байна. Шинэ улс төрж байхад нөгөө нь сүйрч байна. Сомалид эхлээд тэндхийн исламистуудын  Жамаат Аш-Шабааб бүлэглэл тонож, дараа нь гангийн улмаас ургацгүй үлдэв. Эцэст нь суурь исламистуудтай тэмцэх нэрээр тус орныг Этиоп ба Кенийн цэрэг эзлэв. Эдгээр орнуудад бас өөрсдийн сонирхол байгаа.

Кот-д’Ивуар улс 2011 онд ерөнхийлөгчөөр  Алассан Оуаттарыг сонгоод хуучин ерөнхийлөгч Лоуренс Гбагбог Гаагийн шүүхэд “илгээв”.

ОРОС БА ТУСГААР ТОГТНОСОН ОРНУУДЫН ХОЛБОО

Орос Шинэ Зөвлөлтийг мөрөөдсөн жил

Зөвлөлт холбоот улс задарснаас 20 жилийн дараа Москва түүний жижигрүүлсэн орчин үеийн хэлбэрийг бүтээхийн төлөө 2011 оны турш зүтгэв. Евро-Азийн холбоо байгуулах талаар яриа дэгдлээ. Энэ оны нэгдүгээр сараас Орос, Белорусь, Казахстаны Гаалийн шинэ холбоо ажиллаж эхлэнэ. Удахгүй үүнд Киргиз нэгдэх ёстой. Өнөөгийн ерөнхий сайд ирээдүйн ерөнхийлөгч Путин уг холбоонд Дундад Азийн улсууд нэн ялангуяа Украиныг нэгтгэх зорилготой байна. Оросууд Киевтай хийн асуудал болоод Тимошенког шийтгэсэн зэргээс үүдэн харилцаа нь сайн биш хэвээр байна.

АНУ-тай харилцааныхаа ачааллыг бууруулах бодлого Зүүн Европ дахь АНУ-ын Пуужингийн довтолгооноос хамгаалах системээс болон саадтай тулгарлаа. Зүүн өмнөд хэсэгтээ Орос Хятадаас болгоомжлох ёстой болж байна. Шанхайн байгууллагад тэргүүлэх эрмэлзэлтэй Хятад нь тус байгууллагад Энэтхэг, Пакистаныг элсүүлэх гэсэн Оросын сонирхлыг гаргаж байгаа. Оросын хувьд өнгөрсөн жил  ДХБ-д элссэн мөн Путины намын дэмжлэг унасан сонгуулиар төгсөв.  Сонгууль будлиантуулсныг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж буй ч Путин ерөнхийлөгч болохоор шийдлээ. Оросын хаврын бараа ч үл харагдаж байна.


ЛАТИН АМЕРИК

Хар тамхи, Кубын шинэчлэл, Номхон далайн эргийн орчмын үйл явдлууд

Мансууруулах бодисны наймааны асуудал хоёр чиглэлээр Мексикийн хилийг давав. Хойшоо, хамгийн чухал зах зээл АНУ, урагшаа АНУ болон Европын чиглэсэн Төв Америкийн транзитийн орнуудад  бүр цаашлаад Бразилийг чиглэн хар тамхи тархаж байна.  Мексикт энэ дайны хохирогч нь 50 мянга гаруй хүн болжээ.

Өнгөрсөн жил Кубын өөрчлөлт маш удаан байлаа. Фидель Кастро намын даргаасаа өөрчлөгдөв. 2008 оноос засаг барьж байгаа Рауль Кастро Хятад маягийн шинэчлэл хийхээр аажуухан үзэж байна. Каракасын эдийн засгийн хүндрэлээс болж Венесуэлийн Уго Чавестай харилцаа нь сулрав. Харин Венесуэл Урибегийн үеэс муудсан байсан харилцаагаа Колумбитай сэргээв. Колумби, Чили, Мексик, Перу өнгөрсөн жилийн зургадугаар сард эдийн засгийн интеграцийн гэрээ байгуулав. Энэ нь Номхон далайн эрэг дэх Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  форумын хэсэг болж байна. Тэр нь Азитай хөрөнгө оруулалт ба худалдааг эрхэмлэсэн гэрээ болж байна. Өнгөрсөн онд Чилийн оюутны эсэргүүцэл гарлаа. Төрийн тэргүүнүүд Бразили (Дилма), Перу (Хумала), Гаити (Мартелли) ба Гватемала (Перес Молина) орнуудад солигдлоо. Ортега Никарагуад, Киршнер Аргентинд  удирдагчид нь улиран сонгогдов.

ДАЯАРЧЛАЛЫН СЭДВҮҮД

Осама бин Ладены үхлийн дараа кибертерроризм болон далайн дээрэм гол аюул заналхийлэл боллоо.

BRIKS-ийн 10 жилийн ой

2001 онд Бразили, Орос, Энэтхэг, Хятадыг багтаасан Goldman Sachs банкны шинжээчийн байгуулсан холбоонд Өмнөд Африкийг заасан “S” үсэг нэмэгдэв. Арван жилийн турш эдгээр орнуудын Сангийн сайд нар саммитад яригдах  сэдвээ нэгтгэхээр оролдож ирэв. Тэд ОУВС-нд төлөөллөө оруулах гээд чадаагүй хэвээр байна. Тэдний холбоог нэгдмэл гэхээргүй ч Ливид нислэгийн биш бүс байгуулах талаар нэгдсэн шийдвэрээ гаргаж чадлаа. Тэдний эдийн засаг өсч байгаа. Тиймээс бид энэ холбооны талаар 2012 онд олон шинэ мэдээлэл сонсох нь лавтай. Латин Америкийн орнуудаас гадна, Орос, Хорват, Словени, Польш, Либери, Нигери, Таиландад сонгууль болсон юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж