67.8 тэрбум төгрөгийн хөрөнгө хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

67.8 тэрбум төгрөгийн хөрөнгө хийнэ

Өвөрхангай аймагт 2012 онд улсын төсвийн 67.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар малын гаралтай түүхий эд боловсруулах, малын тэжээл, сүүний болон ногоон бизнесийн жижиг дунд үйлдвэрүүд байгуулагдахын зэрэгцээ өндөр ашигтай цэвэр үүлдрийн мал худалдаж авах, эргэн төлөгдөх нөхцөлөөр “Малжуулах сан” бай­гуулах, сумдын бизнес хөгжлийн төвийг дэмжих зэрэг олон ажлууд хийгдэхээр болжээ. Энэ онд улсын төсвөөр Уянга сумын Бадрал, Жаргалант, Төгрөг сумын Мазар, Өлзийт сумын Бор хошуу, Бат-Өлзий сумын Улаан амны багууд, Богд, Хайрхандулаан, Нарийнтээл сумдын төвийн ойролцоох үйлчилгээний төвүүд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 107 км, Хархорин-Хужиртын 16.4 км, Хужирт-Төвхөн хийд-Улаанцутгалан чиглэлийн 90 км хатуу хучилттай авто замууд, Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга сумдын төвд бетонон авто зам тавигдаж, авто замын өргөтгөл, шинэчлэлийн олон ажлууд хийгдэх боллоо. Мөн тус аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн өргөтөл, Уянга сумын сургууль, соёлын төв зэрэг одоо баригдаж байгаа барилгуудыг ашиглалтад оруулах ба олон суманд сургууль, цэцэрлэг, хүн эмнэлгийн барилгууд шинээр баригдах буюу өргөтгөл, засварууд хийгдэх юм байна. Арвайхээр хотод байгуулагдсан Өндөр гэгээний дурсгалын цогцолборын тохижилт, музей байгуулах ажлын төсөв, зардал нь батлагдлаа.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж