Хятадын Чиндао хотод 500 км/цагийн хурдтай галт тэргийг туршсан нь амжилттай болжээ. Тус улсад "CRH 380" загварын галт тэргийг нийтийн тээвэртээ ашиглаж байгаа бөгөөд хурд нь 250-300 км/цаг аж. Өнгөрсөн ням гаригт болсон дээрх туршилт амжилттай болсон ч аюулгүй байдлыг хангах үүднээс галт тэргийг үйлчилгээнд ашиглахаар бол хурдыг нь бууруулж, 350-380 км/цагийн хурдтай байлгах гэнэ. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргасан тогтоолоор одоо ашиглаж буй бүх хурдны галт тэргийн хурдыг 40-50 км-ээр бууруулахыг үүрэгдсэн. Энэ нь Вэнжоу хотын дүүрэгт өнгөрсөн долдугаар сарын 23-нд болсон ослоос үүдэлтэй аж. Тухайн үед хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөнөөс 40 хүн нас барж, 190 хүн шархадсан юм. Ослын шалтгаан нь дохиоллын систем буруу ажилласнаас болжээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн оны нэгдүгээр сард Хятадад үйлдвэрлэсэн "Хэсэ" буюу орчуулбал "зохицол" хэмээх хурдны галт тэрэг дэлхийн дээд амжилтыг эвдсэн удаатай. Тус галт тэргийн хурд нь 487.3 км/цаг байсан байна.