Шилдгүүдээр бялхсан Монгол

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Шилдгүүдээр бялхсан Монгол

Эх орныхоо нийгэм эдийн засгийн мөчир, салаа бүрийг төлөөлж, үйл ажил­лагаагаа тууштай явуулсан хүмүүст… Таны уншиж буй энэ үг, өргөмжлөлийн хамт чухам хэнд очих ёстой вэ? Улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан тамирчинд уу, эсвэл ядууст туслаж буй хүнд үү, эсвэл УИХ-ын чуулганы танхимд хэрэлдэх улстөрчдөд үү, эсвэл бүр хэн ч биш нэгэнд үү? Шагнал олон ч харамсалтай нь энэ асуултын хариу олдохгүй хэвээр… Чухам хэдэн хүн оны шилдгийн шагнал гардсаныг би таашгүй.

Хэн нэгний цоллож, шагнал өгөөд байгаа тэдгээр хүмүүс, энгийн нэгнээс илүү юм хийсэн л байж таараа. Яагаад гэвэл бүгд дарга нар, урлаг соёлын одод учраас.

Энэ цагийн эгэл баатар С.Жавхлан. Монгол үндэснийхээ түүх соёлыг сэргээн сурталчилж, ирээдүй хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн үйл хэрэг, уран бүтээлээ хүргэж байгаа дуучин. Эгэл баатрын шагналын тодот­голд ингэж бичжээ. Галдан бошигтын хэлсэн үгийг Чингис хааныхтай андуурч, дээлийн захаа буруу харуулсан түүнд энэ шагналыг өгчээ. Элэрсэн XIII зууны хүн ардын соёлыг иргэншсэн XXI зуунд тарааж байгаа түүнд шагнал өгөх ёстой ч байж магадгүй. Яагаад гэвэл мартагдсан соёл байх л даа. Түүх соёлоо сэргээн сурталчилж байгаа МУИС-ийн эрдэмтэд, Шинжлэх ухааны академийн түүхчдээс илүүг хийсэн бололтой.

Туулай жилийн есөн алдартан. Алдартнуудыг магнайлсан эрхэм бол Ерөнхий сайд С.Батболд. Дуурийн дуучны хажууд тэр чухам ямар амжилт гаргав. Монгол Улс дундаж хөгжилтэй улс болов уу, дотоодын нийт бүтээгдэхүүн  нэмэгдэв үү, жирийн ардын цалин хүрэлцдэг болов уу? Эдгээр асуулт хариултаа хүлээж байгаа ч шагнал нь тодорхой болов.  Утааг бууруулна гэж 10 жил яриад, түгжрэлийг бууруулна гэж жил болгон яриад бараагүй хотын мэрүүдийн залгамж халаа Г.Мөнхбаяр шилдэг болжээ. Яг үнэндээ нийслэлд өндөр байшингууд л нэмэгдсэнээс биш улаанбаатарчуудын амьдрал сайжирсан билүү. Иргэн бүрт 536 ширхэг хувьцааг, Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгтэй хамт өгнө гэж “хөөрхөн” молигодоод авсан С.Баярцогт шилдгийн эгнээнд багтжээ. Уул уурхай дагасан хөрөнгө, мөнгө нэмэгдэж улсын “халаас” зузаарсныг түүнтэй холбож байгаа нь энэ. Ямар ч сийрэг ухаанаар бодсон уул уурхайгаас орж ирэх ашиг сайд болсон Дорж, Цогт, эсвэл өөр хэн нэгэнд хамаагүй хэрэг л дээ. Олны танил хүмүүс Монголд их айлчилдаг болсноор нь сайд Г.Занданшатарт шагнал олгов. Германы канцлер, Финланд, Энэт­хэг, Унгарын ерөнхийлөгч, Хятадын төрийн зөвлөлийн дарга гэх мэтчилэнгийн хүмүүсийг Монголд авч ирсэн буянтан. Гэтэл манайд ирсэн гээд дээдлэн шүтээд, ирүүлснийх нь төлөө шагнагдаад явж байгаа эдгээр хүмүүс бүгд бүс нутаг болоод эх нутагтаа шүүмжлүүлээд сууж байдаг. Гэтэл П.Сэрдамба, Э.Амартүвшин нар тэдний хажууд дэлхийд Монгол гэдэг нэрийг бага ч атугай дуурсгаж чадсан хүмүүс. Харин улстөрчид яав?

Эх оронч төрийн түшээд. Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Ш.Сайхансамбуу, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Н.Батбаяр, Д.Балдан-Очир, З.Энхболд, Ц.Батбаяр, Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Ч.Улаан. Эх оронч төрийн түшээдийн эгнээ эдгээр хүмүүст л хамаатай. Оюутолгой, Тавантолгойн гэрээг шу­дар­га бус болсон гэж галт тэрэг хөдөлсний дараа хашхирсан хүмүүст эх оронч цолыг олгов. Угтаа Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Дамдины Сүхбаатар нартай адилтгасан нь энэ. Эдгээр хүмүүсээс өөр эх оронч гэж нэрлэгдэхээр хүмүүс энэ цаг үед байхгүй учраас энэ тэдэнд энэ цолыг олгосон байж ч болох юм.

Энэ бүх шагналын араас шилдэг залуу 50, эмэгтэй 17 улстөрч гээд шагналын цуваа үргэлжилнэ. Хоёр сая 750 мянган хүн амтай Монгол Улсад ийнхүү 200 гаруй хүн шилдгийн эгнээнд багтлаа. Үүний араас албан газар бүрийн шилдгүүдийг нэмбэл бид шилдгүүдээр халгиж цалгисан улс болж таарч байна. Гэтэл шилдгээр бялхаад байгаа Монгол Улсын иргэдийн амьдрал огт дээшилсэнгүй хэвээр.

Энэ бүгдийг эргээд нэг харвал үзэл сурталжсан эрин үеийн Аргентин, Итали, Германы дүр зураг ажиглагдаж байна. Тухайн үед тэртээ тэргүй нийгэм нь тааруу, бүр муу байгаа учраас амыг нь хаахын тулд шилдэг гэсэн цолыг, агуу их удирдагчийнхаа нэрийн өмнөөс өгдөг байж. Шилдгээр шагнагдах хүмүүсийн тоо нэмэгдэх тусам нийг­мийг шүүмжлэгчдийн тоо буурдаг байсан учраас шагналыг хайр найргүй цацаж байсан хэрэг. Гэтэл манайд бол арай боловсронгуй болжээ. Тухайн намын дарга, улстөрчийн захиалгаар өөр нэгэн байгууллага шилдгийг тод­руул­на. Энэ бүгдийг халхлах хамгийн том үг нь олон нийтийн санал асуулга. Начир дээрээ энгийн ард Дулмаа хэн нэгэн Бат, Болдыг шилдэг болохыг ч, болсныг ч мэдээгүй байдаг.

Ийнхүү шилдгээр халгиж, цалгисан нэгэн жил шувтарч, шилдэг хүмүүсээр халгиж цалгих шинэ он ирлээ. Ёстой л нөгөө тэнгэр заяат Монгол гэдэг нь энэ байх даа.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж