хүйтэн хошуутай, гарзгүй мал гэх мэтээр ад үздэг байсан цаг саяхан.
Харин сүүлийн жилүүдэд ноолуур гэгч тансаг хэрэглээг дэлхий нийтээрээ
хэрэглэж, уг бүтээгдэхүүнийг боловсруулж, гадаадын оронд өндөр үнээр
худалдаанд гаргадаг болсноор ноолуурын эрэлт хэрэгцээ ихэссэн. Эрэлт
ихэсвэл үнэ нэмэгддэг эдийн засгийн хулиар ноолуурын үнэ ч багагүй
нэмэгдсэн. Малчдын хувьд ч жилдээ ганц удаа бэлэн мөнгөтэй болох,
амьдрал ахуйгаа дээшлүүлэх алтан боломж нь ямаагаа самнаж, ноолуурыг нь
тушаах. Ноолуураа түшиглээд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм байна
гэдгийг ойлгосон малчид маань ямаагаа өсгөх бодлогыг төр засгийн ямар
нэг дэмжлэг туслалцаагүйгээр дөнгөөд л байв. Гэтэл үүн дээр төр
засгийнхан ч ташуур нэмэх шаардлагатай гэж үзсэн бололтой ямаанд мөнгө
олгож бүр санхүүгийн хөшүүргээр дэмжихээр болсон. Үүнийхээ шанд
Өнгөрсөн
онд хийсэн мал тооллогоор манай улсад нийт 36 сая мал тоологдож өмнөх
оныхоос даруй 10 хувиар өссөн. Үүний 43,9 хувь буюу 15 сая 809 мянга нь
ямаа байна гэсэн урьдчилсан дүн гарчээ. Ямааны тоо толгойг өсгөх нь нэг
талаас эдийн засгийн ач холбогдолтой ч, угаасаа талхилагдаад байгаа
бэлчээрийг улам талхилж, экологийн сүйрэл авчрах хэмжээнд хүргээд байна.
Хонь, ямаа бэлчсэн бэлчээрийг судалж үзэхэд дан ямаа бэлчсэн
газрын 4.6 хувь нь доройтсон гэсэн судалгаа байдаг. Нарийвчилбал, ямаа
хөрсийг 38 удаа цавчсан байхад хонь 21 удаа цавчилсан байдаг гэнэ. Мөн
хөрснөөс гадна өвс ургамлыг ч ямаа илүү сүйтгэдэг. Ямааг дангаар нь
бэлчээхэд 198 төрлийн өвс ургамлыг идэж гэмээсэн бол хонь 64 төрлийн
ургамлаар хооллодог. Эндээс ямаа хониноос илүү бэлчээрт хор хөнөөлтэй
гэдгийг гэдгийг харж болох юм. Угаасаа ч монголчууд ямааг өвсний үндсийг
цавчилж, сорыг шимж, идэхээсээ сүйтгэх нь их байдаг хорлонтой амьтан
гэлцдэг л дээ.
Тэгвэл өнөөдөр зөвхөн ашиг орлого, улстөрчдийн
ахар бодлыг бус биш урт хугцааны туршид байгаль экологио хамгаалахын
тулд 16 сая хүрэхэд дөхөөд байгаа ямааны тоо толгойг эргэж нэг харах
шаардлага зүй ёсоор тулгарч байна. Өдрөөс өдөрт доройтож байгаа
бэлчээрийг хэрхэн хамгаалж, ямар бодлого зохицуулалт хийж байгаа талаар ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Биньеэтэй уулзаж тодруулсан юм.
-Сүүлийн
жилүүдэд малын тоо толгой өссөнөөр бэлчээрийн даац хэтэрч, доройтолд
ороод байгаа. Манай орны бэлчээр хэр хэмжээгээр доройтоод байгаа юм бол
тодорхой судалгаа, тоонд тулгуурлан үүнд тайлбар өгөөч?
-Яг
Монгол улсын хэмжээнд нийт бэлчээрийн даац хэтрээд доройтоод байгаа юм
биш. Харин тодорхой бүс нутгийн хэмжээнд бэлчээрийн даац хэтэрсэн зүйл
байгаа. Ялангуяа төвийн бүс нутгаар буюу Булган, Архангай, Өвөрхангай,
Дархан, Эрдэнэт, Төв аймаг, Улаанбаатар зарэг аймаг хотуудад бэлчээрийн
даац 3-4 дахин хэтэрсэн бол Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг зарим
аймгуудад бэлчээрийн даац хэтрээгүй хэвийн хэмжээнд байгаа. Улсын
хэмжээнд нийт 113 сая га газар бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж
байгаагаас 36 сая га газарт нь бэлчээрийн даац хэтэрсэн байгаа. Ер нь
бол бэлчээрийг сэлгэж ашиглах нь зөв гарц юм. Харин сүүлийн жилүүдэд
малчид нэг газраа удаан нутаглах, малаа бэлчээх зэргээр бэлчээрийг
доройтуулж байгаа юм.
-Үүнийг зохицуулах үүднээс ямар арга хэмжээг авч байгаа вэ.
-Ер
нь бол үүнийг эдийн засгийн аргаар зохицуулах ёстой юм. Мөн эрх зүйн
орчин сайн байх ёстой. Түүнээс биш ямар нэгэн захиргаадалтын аргаар
малаа цөөрүүл, ямаагаа битгий өсгө гэж огт болохгүй. Мал бол малчдын
өмч. Харин энэ мал бэлчиж байгаа бэлчээр улсын өмч юм. Тэр ч утгаараа
манайхаас Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бэлчээр
ашигласны хөлс гэж малчдаас авдаг болъё, тэр мөнгөөрөө эргээд бэлчээрээ
нөхөн сэргээхэд зарцуулдаг болъё гэсэн санааг гаргаад УИХ-д өргөн
барьсан байгаа. Хэрвээ УИХ батлах юм бол энэ хууль хүчин төгөлдөр болох
юм. Мөн хуульд өөрчлөлт оруулахаасаа өмнө ард түмнээсээ саналыг нь
асуух нь зөв гэж үзээд “Бэлчээр ашигласны хөлсийг авах нь зөв үү” гэсэн
санал асуулгийг улс орон даяар хийсэн. Судалгаанд хамрагдсан 1560 гаруй
хүний 70 орчим хувь нь энэ хуулийг гаргах шардлагатай гэж үзсэн
байгаа.
-Энэ хууль батлагдвал малчдад ямар нэгэн дарамт шахалт болох юм биш үү?
-Мэдээж
малчдын боломж бололцоо, ахуй амьдралыг судалж үзсэний үндсэн дээр энэ
хуулийн төслийг өргөн барьсан байгаа шүү дээ. Түүнээс биш малчдад ямар
нэгэн дарамт болж, эдийн засгийн шахалт үзүүлэх гээд байгаа юм биш.
Гэхдээ мэдээж дааж давшгүй их мөнгө малчдаас нэхээд өгөхгүй бол малыг нь
бэлчээхгүй хашаанд нь хашчихаад гаргахгүй гэсэн үг биш. Ганцхан
малчдад бэлчээрээ зөв зохистой ашиглаасай гэсэн санааг давхар
илэрхийлээд байгаа юм. Таван ямаатай ч айл байгаа, 500 ямаатай ч айл
байгаа. Бүгд л эзэмшдэг малынхаа хэмжээнээс хамаараад татвараа төлдөг
болно гэсэн үг. Жишээ аваад хэлэхэд нэг ямаа жилд дунджаар 30 боодол өвс
иддэг гээд бодъё. Нэг боодол өвс дунджаар 6000 төгрөг. Харин нэг
ямаанаас гарах ноолуур 300 грамм гээд зах зээлийн үнээр бодоод үзэхээр
жилдээ нэг ямаа 180 мянган төгрөгийн өвс идчихээд 12 мянган төгрөг
төгрөгийн ноолуур өгнө гэсэн үг. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр
бэлчээр гэхлээр хэзээч дуусдаггүй дундардаггүй юм биш, харин сэлгэж
нутаглаад хайрлаж хамгаалаад явбал ашиг шимээ өгөх чухал зүйл гэдгийг л
хэлээд байгаа юм гэлээ. Бэлчээрт ургадаг ургамлын 50 хувийг мал идэж
байгаа тохиолдолд бэлчээр нөхөн сэргээгдэх боломжтой гэдгийг эрдэмэд
баталсан байдаг. Харин 70-аас дээш хувийг нь идүүлсэн тохиолдолд
ургамлын үндэс мөхдөг аюултай. Байнга давтаж идүүлээд байх юм бол
бэлчээр доройтдог юм гэдгийг малчид, ард иргэд маань мэдэх цаг нь нэгэнт
болжээ. Хайран сайхан бэлчээрээ талхлан байж өсгөсөн малынхаа ашиг
шимийг хүртэж чадахгүй гадагш нь тавиад туучихдаг гүндийгүй гэхэд
дэндсэн нэг тогтолцоо бас үйлчилсээр, байгалиа сүйтгэж бас харийнхний
гэдсийг цатгасаар байх гэж үү.
"Ардын эрх" сонин