Залуус хүмүүнлэгийн үйлст нэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Залуус хүмүүнлэгийн үйлст нэгдэв

Баянхонгор аймгийн залуу­чуудын шилдгийн шилдгийг шалгаруулах “BEST of BEST” сүлд модны наадам өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Залуучууд нэг өдөр баярлаад өнгөрөхийг   хүссэнгүй,  хүмүүн­лэгийн ажилд хувь нэмэр оруулж бусдыгаа ч уриаллаа. Баянхонгор аймгийн салбар салбарын шилдгүүдээс бүрдсэн 100 залуугийн тус баяраар ирэх онд оюутан болох шилдэг нэг сурагчийн сургалтын төлбөрийг бүрдүүлж чадсан байна. “Эрдэнэмандал” ахлах сургуулийн сурагч Э.Эрдэнэсолонго нь тус сургуульд 38 улирал дараалан онц дүнтэй суралцаж байгаа нийгмийн идэвхи бүхий шилдэг сурагч аж. Ар гэрийн гачигдлаас шалтгаалан их сургуульд элсэн суралцах боломжгүй болоод байсан түүнд “Шинэ үе” ТББ-ынхны уриалгын дагуу Хүний хөгжил сангаас сар бүр олгогдож буй 21 мянган төгрөгөөрөө нэгдэж сургалтын төлбөрийг нь бүрдүүлжээ. Нэгнийхээ төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн, сайн санаагаар гар дэлгэж байгаа тус залуучуудын үйл ажиллагаанд олон нийт сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдаж байв. “Баярын онцлог нь аль нэг нам, шашин шүтлэг харгалзахгүйгээр залуучуудыг нэгтгэхэд чиглэсэн. МАН, АН, нам бус, Будда, Христ, шашин шүтлэггүй зэргээр олон залуучууд нэгдэж чадлаа. Зөвхөн нэг өдөр баярлаад өнгөрөх биш, цаашид нэгдээд юу хийж болох, хамтдаа хэрхэн хөгжиж болохыг ойлголцсон шинэлэг арга хэмжээ болсон” гэдгийг “Шинэ үе” залуучуудын холбооны тэргүүн Э.Батзаяа онцолсон юм. “Best of best” наадамд ажил үйлсээрээ байгууллага, хамт олноо хошуучлан ажиллаж байгаа залуучууд оролцсон бөгөөд Хонгор нутгийнхаа залуучуудад үлгэр дуурайлал үзүүлсэн оны шилдэг залуучуудыг найман номинациар тодруулжээ. Үүнд, “Эрүүл мэндийн салбарын оны шилдэг залуу”-гаар Б.Янжинбадам, “Эдийн засгийн салбарын оны шилдэг залуу”-гаар Д.Чойжилсүрэн, “Урлагийн салбарын оны шилдэг залуу”-гаар Ж.Батболд, “Мэдээлэл харилцааны салбарын оны шилдэг”-ээр н.Сандагдорж, “Бизнесийн салбарын оны шилдэг залуу”-гаар Д.Байгальмаа, “Хуулийн салбарын оны шилдэг залуу”-гаар Б.Хүрэлчулуун, “Боловсролын салбарын оны шилдэг залуу”-гаар З.Орхончимэг нар шалгарчээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж