Супер багуудын “сүйрэл”

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Супер багуудын “сүйрэл”


Робин ван Перси энэ улиралын 17 дахь гоолоо оруулж байна

Хөлбөмбөгийн томоохон лигүүд амралтаа авсан энэ үед Английн “Премьер лиг”-ийн багууд 10 хоногийн дотор хамгийн багадаа гурван тоглолт хийх шахуу хуваарьтайгаар өрсөлдөж байна. Үүнийг “Boxing Day” буюу Английн хөлбөмбөгийн холбооноос үнэнч фанатууддаа зориулсан Зул сар, шинэ жилийн онцгой бэлэг гэж болно. Энэ жилийн “Boxing Day” арванхоёрдугаар сарын 26-нд эхэлж,  нэгдүгээр сарын 5-нд өндөрлөхөөр товлосон. Энэхүү арав хоногийн хугацаанд “Премьер лиг”-ийн 18, 19, 20 дугаар тойргийн нийт 30 тоглолт болно.

Эдгээр тойргуудад Английн “Премьер лиг”-ийн аварга болох багийн чанар, чансаа тодорхойлогддог гэж үздэг тул зөвхөн тамирчид, дасгалжуулагчид төдийгүй хөлбөмбөгийн хорхойтнууд чухал ач холбогдол өгдөг юм.

Бүрэлдэхүүн султай баг, тактикаа буруу боловсруулсан дасгалжуулагч, эсвэл олон тоглогч бэртсэн багуудын хувьд “Boxing Day”-ийн тоглолтууд хүнд тусдаг. Тэгвэл энэ жилийн “Boxing Day”-ийн тоглолтууд харин ч эсрэгээрээ хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй, туршлагатай шилдэг менежрүүдэд хатуухан өрнөж байна. Ингээд “Boxing Day”-ийн тойргийн тоглолтуудын эргэн тойронд болж буй үйл явдлуудаас товчлон хүргэе.

Сити “сууж” эхлэв үү?

Шинэ улирлыг хожлын цуврал, гоолын “бороо”-гоор эхлүүлсэн “Манчестер Сити” “Boxing Day”-ийн эхний тойрогт “Вест Бромбич”-ийн талбайд зочлон, 0:0-ийн харьцаатай тэнцлээ. “Сити” багийг Арабын тэрбумтан эзнийхээ мөнгөөр солилцоо наймааны цонхоор олон шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэн, энэ цаг үеийн хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй багийн нэг болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. “Сити”-гийн сэлгээний тамирчид гэхэд сулхан багуудын гарааны бүрэлдэхүүнээс ч илүү хүчирхэг харагддаг. Жеймс Милнер, Адам Жонсон тэргүүтэй Английн шигшээ багийн ирээдүй гэгддэг залуусаас гадна Самир Насри, Эдин Жеко, ах дүү Туре гээд л сэлгээнийх нь байрлал бүрт дэлхийн хэмжээний одод тоглоно. Эдгээр тоглогчид гараанд гарлаа гэхэд Марио Балотелли, Серхио Агуэро, Давид Сильва тэргүүтэй бас “одод” сэлгээнд суух жишээтэй. Тиймдээ ч хөгжөөн дэмжигчид нь шахуу хуваарьтай эдгээр тойргуудад бусад багуудаас оноогоор “тасарна” гэж итгэлтэй байсан биз. Дараагийн тойрогт дасгалжуулагч Роберто Манчинигийн хэлсэнчлэн “сүйрэв”. Тэд энэ улиралд төдийлөн амжилт гаргахгүй байгаа, дасгалжуулагч нь саяхан солигдсон “Сандерлэнд”-ийн талбайд зочлон, тоглолтын турш илүүрхэн тоглосон ч шүүгчийн мэдлийн гурав дахь минутад сөрөг довтолгоогоор гоол алдсанаар улирлын хоёр дахь ялагдлаа хүлээв.  “Сити” авах ёстой байсан зургаан онооноос ердөө нэгийг нь арайхийн салгасан байгаа. Эдгээр муухан үзүүлэлтийн дараа хөлбөмбөгийн мэргэжилтэн, сонин хэвлэлүүд дуугүй байсангүй. “Манчестер Сити”-гийн уран, гоё, үзүүштэй тоглолт, олон гоолын цуврал зогсч, “сууж” эхэлж байна гэж зарим хэвлэлээр мэдээлэх болов. Ямартаа ч “Сити” маргааш лхагва гаригийн шөнө  өөрийн “Этихад” цэнгэлдэхдээ “Ливерпуль”-ийг хүлээн авч, бага багаар алдаж буй нэр хүндээ эргүүлэн авахын төлөө тоглоно.

Сэр Алекс Фергюсон: Энэ бол гамшиг

Өмнөх тойрогтоо “Уиган” багийг талбайдаа 5:0-ийн харьцаатай хожиж, лигээ хөрш “Сити”-гийн хамт тэргүүлэх болсон “МанЮ” 19 дүгээр тойрогт “Мөрөөдлийн театр”-таа  “Блэкбурн”-ийг дахин хожсон бол жагсаалтыг ганцаараа тэргүүлж, оныг баяр дүүрэн угтах байлаа. Гэтэл “Премьер лиг”-ийн жагсаалтын сүүлийн байранд бичигдэж буй “Блэкберн” тэднийг талбайд нь 3:2-ын харьцаатай хожиж шуугиан тарив. Дуулиан дагуулсан энэ тоглолтын гарааны бүрэлдэхүүн болон сэлгээнд Рууни багтаагүйд хөгжөөн дэмжигчид гайхсан биз. Харин Рууни “Уиган”-ыг 5:0-ээр хожсон, мөн оруулсан хоёр гоолын баяраа багийн анд Жонни Эванс, Даррон Гибсон болон эхнэрийнхээ хамт өнгөрсөн даваа гаригийн шөнө тэмдэглэсэн нь багийн дотоод журмыг зөрчсөн явдал болж, мэдүүлэгт тусгаагүй аж. Мөн мөнгөн торгууль тавьжээ. Тоглолтын дараа Сэр Алекс Фергюсон “Энэ бол гамшиг. Ийм зүйл болно гэж огт бодсонгүй. Бид эхлээд хоёр гоол алдсан. Чухал тоглолтод ийм олон гоол алдаж болохгүй. Харин 2:2-ийн харьцаатай болж, тэнцэхэд багаа хожно гэж бодлоо. Багийн олон тоглогч гэмтэлтэй байгаа. Аргагүй эрхэнд зарим хөнгөн бэртэлтэй тамирчдаа талбайд гаргахад хүрээд байна” гэж хэлжээ. “Kean out” буюу “Кин зайл” гэж багийнхаа дасгалжуулагчаа эсэргүүцсэн лоозонг сүүлийн хоёр сарын турш өргөсөн “Блэкбурн”-ийн хөгжөөн дэмжигчид шинэ оноо баяр хөөр дүүрэн угтсан биз ээ. Тэдний баг өмнөх тойрогт “Ливерпуль”-ийн талбайд тэнцсэн бол энэ удаа “МанЮ”-г талбайд нь хожиж, хэрэгтэй гурван оноогоо авлаа.

Лондон хотыг “шок”-нд оруулсан гоол

Шинэ дасгалжуулагч, тоглогч­доор хүч нэмсэн Лондоны “Челси” 2011 оныг тааруухан амжилттайгаар үдсэн. Харин шинэ ондоо ч төдийлөн өөрчлөгдсөнгүй бололтой. 19 дүгээр тойрогт “Астон Вилла” багийг талбайдаа хүлээн авч, 3:1-ийн харьцаатай хожигдлоо. Энэхүү тоглолт “Челси”-гийн дасгалжуулагч Андре Виллаш Боашийн төлөвлөсөн ёсоор эхний гоол орж, давамгайлсан ч “Астон Вилла”-гаас 28 дахь минутад Стифен Айрлэнд гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн. Эхний хагас өөр гоолгүй өндөрлөлөө. Харин тоглолтын хоёрдугаар хагаст “Челси” өөрийн талбайн “Стэнфорд Бриж”-дээ хожиж, хэрэгтэй гурван оноогоо авахаар тэмцсэн ч зочин багаас 83 дахь минутад С.Петров, 86 дахь минутад Д.Бент гоолдон тэдний мөрөөдлийг “үгүй хийв”. Энэ хоёр гоолыг Астон Виллагийн фанатууд “Лондонг шоконд оруулсан гоолууд” гэж нэрлэжээ. Энэ хожигдлын дараа Андре Виллаш-Боаш албан тушаалдаа үлдэх нь эргэлзээтэй болсон.  “Челси” энэ улиралд талбайдаа удаа дараа хожигдсон нь португаль мэргэжилтний авьяас чадварт эргэлзэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд байна. Тоглолтын дараа Андре Виллаш Боаш сэтгүүлчдэд хожигдлын шалтгаанаа тоочих болсон. Тэрбээр “Миний ирээдүйн талаар багийн эздээс асуух хэрэгтэй. “Челси”-гийн гол зорилго “Премьер лиг”-т түрүүлэх. Гэтэл одоогийн байдлаар дөрвөн багийн ард бичигдэж байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг харж байна. Аварга болох гэдэг мөрөөдөл төдий харагдаж байж болно. Магадгүй бид эхний дөрөвт багтахын тулд тэмцэх хэрэгтэй байж болох юм” гэжээ.

“Boxing Day”-ийн шахуу хуваарьтай тоглолтын хүрээнд лигийн жагсаалтыг тэргүүлэгч гурван баг харамсалтай гэмээр ялагдлыг амссан бол “Ливерпуль”, “Арсенал” багууд тэдний “бүдрэлтийг” ашиглан, ээлжит ялалт, гурван оноогоо 19 дүгээр тойрогт авч чадлаа.

“Ливерпуль” талбайдаа эхний 15 тойрог хүртлээ хожигдоогүй гэсэн гайхалтай амжилт үзүүлсэн “Нью Кассле”-тай тоглож, 3:1-ийн харьцаатай буулган авчээ. Багийн ахлагч Стивен Жеррард гэмтлээс эргэн ирсэн тоглолтдоо гоол оруулсан нь “Ливерпуль”-ийн хөгжөөн дэмжигчдийн шинэ жилээр авсан хамгийн том бэлэг байсан биз ээ.

Харин “Арсенал” талбайдаа “КПР”-ийг хүлээн авч, багийн ахлагч ван Персигийн гоолоор хожиж, хэрэгтэй гурван оноогоо “халаасласан”. “Арсенал” өнөө шөнө “Фулхэм” багийг талбайдаа хүлээн авснаар “Boxing Day”-ийн тоглолтоо дуусгах учиртай. Энэ тоглолт Лондон хотын дерби гэсэн утгаараа сонирхолтой, өрсөлдөөн дүүрэн болох гарцаагүй. Робин ван Перси 19 тойргийн дараах байдлаар 17 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж буй бол түүний араас 13 гоолтой “Сити”-гийн Серхио Агуэро, “МанЮ”-гийн Уэйн Рууни нар бичигдэж байна.

Энэ улирлын хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тамирчнаар “Сити”-гийн хагас хамгаалагч Давид Сильва тодорсон. Есөн гоолын дамжуулалт болон олон гоол оруулах боломжийг бий болгосныг “Премьер лиг”-ийн хорхойтнууд мэднэ. Харин хамгийн олон торгуулийн хуудас хүртсэн тамирчин бол “Уиган”-ы Гари Колдуэйл. Долоон шар, нэг улаан хуудсаар шийтгүүлжээ.

 
Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж