”Монгол, Тайвань хамтран ажиллах асар их ирээдүй бий”

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

”Монгол, Тайвань хамтран ажиллах асар их ирээдүй бий”

Монгол Улсад суугаа Тайванийн худалдаа эдийн засгийн төлөөлөгч Эдмунд Цэнь-тэй нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан ярилцсан юм. Түүнийг Монголд Тайванийн худалдаа эдийн засгийн төлөөлөгчөөр томилогдсон цагаас хойш Тайваньд тэтгэлгээр суралцаж буй Монгол оюутнуудын тоо эрс өссөн гэдэг билээ.

-Та удахгүй нутаг буцах гэж байгаа юм байна. Монголд ирээд гурван жил болсон байх аа. Анх Монголд ирж байсан сэтгэгдлээ өнөөдөр дурсвал…?

-Монголд ирээд гурван жил гаруй болжээ. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрчээ. Надад бол Монголд онгоцноос бууж байсан цаг өчигдөр юм шиг л санагдаж байна.

-Өвөлд дасч байна уу? Гадныхан Монголын өвлийн хахир хатуу, хүйтэн гэдэг?

-Эхний жил дасч өгөхгүй хэцүүхэн байсан шүү. Өвөл гэж ямар байдгийг мэддэггүй над шиг хүний хувьд. Харин хоёр, гуравдахь жилээс өвөлд овоо дасч, зарим аймгуудаар хүртэл аялсан. Монгол маш үзэсгэлэнтэй орон юм. Би энд ирэхээс өмнө Монгол орны талаар огт мэддэггүй байсан. Хэдийгээр өвөл их хахир хатуу боловч ард иргэд нь маш найрсаг, сайхан сэтгэлтэй. Өнгөрсөн жил би Тайвань дахь гэр бүлийнхнээ Монголд урьсан. Тэдэнд Монгол Улс их таалагдсан шүү.

-Гурван жил гэдэг нэг талаасаа богинохон хугацаа мэт боловч нөгөө талаасаа бас урт ч санагдаж болох юм. Та энэ хугацаанд монголчуудтай танилцаж чадав уу, монголжуу болж чадав уу?

-Би чинь хагас Монгол, хагас Тайвань хүн шүү дээ. Олон монгол найз нөхөдтэй болсон. Тэд намайг бараг монголжсон гэж хэлдэг юм.

-Таныг Монгол дахь Тай­ванийн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчөөр томилогдсон цагаас хойш Тайваньд тэтгэлгээр суралцагч оюутнуудын тоо эрс нэмэгдсэн гэдэг билээ?

-Намайг Монголд төлөөлөгчөөр томилогдож ирэх тэр үед Тайваньд ердөө 300-аад монгол оюутан суралцаж байсан. Гэхдээ суралцагчдын тоо жил болгон өөр өөр байсан юм. Харин одоо Тайваньд нийт 550 Монгол оюутан суралцаж байна. Тайваньд суралцагч оюутнуудын тоо 200-550 болж өссөн. Энэ бол эхний зорилт. Хоёрдугаарт, Тайваньд суралцагч монгол оюутнуудын тоог цаашид ч өсгөхөөр зорьж байна. Монгол Тайванийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэг хэсэг нь залуу үеийг дэмжих зорилт. Үүний тулд тэтгэлгээр суралцагч оюутнуудын тоог нэмэх нь маш чухал. Би Монголд Тайванийн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчөөр томилогдож ирэхдээ хэд, хэдэн зүйлд голлон анхаарсан. Ялангуяа Тайваньд тэтгэлгээр суралцагч монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхийг чухалчилсан. Монгол оюутнуудад одоо Тайваньд тэтгэлгээр суралцах нь илүү хялбар болсон гэж боддог. Хэдийгээр өнгөрсөн жил зөвхөн 100-аад монгол оюутанд тэтгэлэг олгосон боловч ирэх жил тэтгэлгээр суралцагчдын тоог 300 болгож нэмэхээр болсон. Монгол оюутнууд Тайванийн бүх их дээд сургууль, коллежид элсэхэд одоо нээлттэй болсон. Тайванийн их дээд сургуулийн төлөөлөгчид хэдэн сарын өмнө Монголд ирж тэтгэлэгт хөтөлбөрийн талаар сургалт, сурталчилгаа явуулсан нь оюутнуудад их таалагдсан.

-Харин Тайваниас Монголд оюутнууд суралцаж байна уу?

-Маш цөөхөн. Гэвч урьдынхыг бодвол тоо нь өссөн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт визний асуудал. Тэр бүү хэл, дипломат паспорттай, дипломат визтэй миний хувьд ч энэ  асуудал хэцүү байдаг. Тайваньчууд Монголд ирэхийн тулд визнээс гадна тамга дарах тусгай цаас паспорт дээрээ хавсаргах ёстой болдог. Албан томилолт болон амралтаар нутаг буцаж, ирэх болгонд би энэ тусгай цаасан дээр тамга даруулах ёстой. Би танд үзүүлье. Заримдаа гаалийн ажилтнууд “Уучлаарай зурган дээр чинь тамга дарахаас өөр арга алга” гэж хэлдэг юм. Харин би тэдэнд “Нэгэнт өөр сонголт байхгүйгээс хойш яах вэ дээ” гэдэг. /Ноён Эдмунд дипломат паспорт болон тамгатай хавсралт бичгээ үзүүлэв. Хилийн шалган нэвтрүүлэхээр гарсан орсныг тэмдэглэсэн хавсралт цаасан дээр тамга дарах өөр зай үлдээгүй байсан. сурв/ Би олон орноор зорчиж байсан. Тэд зүгээр л гадаад паспорт дээр тамга дарчихдаг. Харин танайх яагаад тусгай хавсралт гаргасныг би ойлгодоггүй. Хэрэв би энэ цаасыг алга болгочихвол хаашаа ч явж чадахгүй болно. Тайванийн иргэд дэлхийн 125 оронд визгүй зорчдог. Монгол, Тайвань улс найрсаг харилцаатай боловч визтэй зорчдог нь харамсалтай. Гэвч визгүй зорчих тухай асуудлыг хэлэлцэхээс өмнө зүгээр л энэ асуудлаа шийдэх хэрэгтэй.

-Яагаад зүгээр паспорт дээр тамга дарчихалгүй тусгай хавсралт олгодгийг нь би ч бас сайн ойлгохгүй байна л даа?

-Үүнд улс төрийн шалтгаан байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв улс төрийн шалтгаан байсан бол би энд Тайванийн төлөөлөгч гээд суухгүй байсан. Хятад, Тайванийн харилцаа хурцадмал байсан үед бол би ийм асуудлыг ойлгох байсан. Гэвч өнөөдөр Монгол, Хятад, Тайвань бүгд найрсаг харилцаатай орнууд шүү дээ. Өнгөрсөн сард АНУ визгүй зорчих орнуудын тоонд Тайванийг оруулах болсноо мэдэгдсэн. Энэ бол Тайваниас АНУ руу  зорчигчдын тоо улам нэмэгдэнэ гэсэн үг. Миний дараа томилогдох төлөөлөгч Тайванийн жуулчид, оюутнууд болон бизнесменүүдийг Монгол руу татахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

-Та энэ талаар албаны хүмүүсээс ч юм уу асууж, лавлаж байсан уу?

-Тийм ээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайдад нэг удаа хандаж байсан юм. Сайд надад “Тийм ээ, бид таны энэ бэрхшээлийн ойлгож байна” гэсэн. Монголд хүнд суртал маш хэцүү байдаг.

-Сайд танд ямар хариу өгсөн бэ?

-Энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэж хэлсэн. Гэвч асуудлыг хэлэлцэх гэж дор хаяж найман жил болно шүү дээ. Би үүнд л их харамсч явдаг.

-Та сая Монголд хүнд суртал маш хэцүү гэлээ. Уг нь бол хүнд суртлыг монголчууд ч бас үзэн яддаг?

-Зарим хүнд суртлыг ойлгож болно. Жишээлбэл, улс төрийн дарамт шахалтын үед хүнд суртал үүсдэг. Гэвч Монголд улс төрийн ямар ч дарамт шахалт байхгүй. Визний энэ хэцүү асуудлыг шийдчихвэл Тайваниас олон бизнесмен, жуулчин Монголд ирэх боломжтой.

-Тайванийн бизнес эрхлэгчид Монголын худалдаа эдийн засгийн аль салбарт хамтарч ажиллах сонирхолтой байдаг вэ?

-Тайванийн бизнес эрхлэгчид Монголын ноолууран болон сүү сүүн бүтээгдэхүүн, хонины махыг их сонирхдог. Яагаад гэвэл Тайваньд хонины мах их үнэтэй байдаг юм.

-Монгол Тайванийн худалдаа, эдийн засгийн харилцаанд хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ?

-Хоёр улс худалдаа эдийн засгийн харилцааны үндсийг тавьсан. Монгол Улс газар доороо ч, газар дээрээ ч асар их баялагтай. Хэрэв би буруу сонсоогүй бол 50 сая малтай. Ердөө 2.7 сая хүн амтай.  Харин Тайвань байгалийн баялаг гэхээр юм байхгүй ч хүн ам нь Монголынхоос найм, ес дахин их. Хүний нөөцийг гол баялаг болгосон улс. Олон улсын тавцанд өрсөлдөж, хийж, бүтээж, санаачлахгүй бол бид мөхнө. Монголын хүн амтай харьцуулахад Тайванийн хүн амын дийлэнх нь маш өндөр боловсролтой. Бид оюун ухаанд суурилсан эдийн засгийг бий болгож чадсан бөгөөд үүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Монгол, Тайвань хоёр орон харилцан ашигтайгаар хамтран ажиллах асар их ирээдүй бий.

-Эрх баригчид Монголын эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна гэдэг. Гэхдээ баян хоосны ялгаа улам л нэмэгдээд байдаг? Эдийн засгийн өсөлтийг юу тодорхойлдог гэж та үздэг вэ?

-Баян хоосны ялгаа ихсэх нь нийгэмд сөрөг үр дагаврыг л авчирдаг. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Тайваньд баян хоосны ялгаа маш бага байдаг. Хүн амын дийлэнх хувь нь дундаж давхаргынх. Гэвч баян хоосны ялгаа байгаа цагт үүнийг арилгах нь бидний зорилго.

-Монгол Улс байгалийн асар их баялагтай талаар хүн болгон ярьж байна. Та ч бас сая хэллээ. Таны бодлоор байгалийн ийм их баялаг давуу тал уу эсвэл сул тал уу?

-Байгалийн баялаг бол бурхны бэлэг. Үүнийг сул тал гэж ойлгох хэрэггүй. Харин баялгийг жинхэнэ суу билиг, хүч чадал, хөгжил цэцэглэлт болгох нь хамгийн чухал.

-Цаг зав гаргасанд баярлалаа. Монгол Тайванийн худалдаа, эдийн засгийн харилцаа цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Н.Энх


н.энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж