Дэлхийн улс орнууд шинэ жилээ хэрхэн угтав

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн улс орнууд шинэ жилээ хэрхэн угтав



Энэ жил Григорианы тоололд шилжсэнээр дэлхийн улс орнуудтай нэгэн зэрэг шинэ жилээ угтах болсон Токелау болон Самао улс шинэ жилээ сүрлэг угтсан байна. Ингээд дэлхийн улс орнууд 2012 оныг хэрхэн угтсаныг сонирхуулъя.

АНУ, Нью-Йорк хот, Тайм Скүэрийн талбай

Нью-Йорк хотын захирагч Майкл Блүүмберг, Леди Гага тэргүүтэй улс төр, урлаг соёлын одод шинэ оныг ёслол төгөлдөр угтсан юм. Тайм Скүэрийн талбайн өндөр барилгын урд байрлах электрон дэлгэцүүд дээр нэгэн зэрэг тооны дүрсийг үзүүлж, галын наадам хийсэн байна. Америкчууд 1907 оноос хойш Тайм Скүэрийн талбайд шинэ оныг угтдаг болсон бөгөөд ойролцоогоор гадаад дотоодын нийлсэн нэг сая гаруй хүн цуглардаг гэсэн тооцоо бий. 2007 оноос хойш электрон гэрлээр чимэглэсэн бөмбөлгийг хөөргөдөг уламжлалтай болжээ. Энэ жилийн хувьд алдарт дуучин Леди Гага бөмбөлгөнд байрлуулсан тусгай гэрлийг үлээж ёслолын ажиллагааг эхлүүлсэн байна.

Египет, Кайр хот, Тахрирын талбай

Египет улсын өнцөг булан бүрээс ирсэн мянга, мянган хүн Кайр хотын Тахрирын талбайд цугларч шинэ оноо гаргасан байна. Тэд шинэ жилийг бусад улс орнууд шиг сүртэй угтаж авсангүй. Хэдхэн сарын өмнө Хосни Мубаракийн олон жилийн турш амь бөхтэй байсан засаглалын нураахын тулд амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж гартаа лаа барин жагссан байна. Гэхдээ бас ирж буй шинэ онд зориулан урлагын тоглолт сонирхуулж, цагийн хормыг нэгэн зэрэг тоолон шинэ жилээ угтлаа.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Йоханнесбург хот

ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотод тус улсын муж бүрээс ирсэн уран бүтээлчид үндэсний, дуу, бүжгээ харуулсан багт наадам хийсэн байна. Энэ улсад цаг агаар харьцангуй дулаан байдаг учраас Санта Клаус салхи нэвтрүүлэх боломжтой маш нимгэн хувцас өмсдөг ажээ. 1990 оноос тус улс өөрсдийн үндэсний онцлогыг харуулсан дуу, бүжгээр багт наадам хийн шинэ жилээ угтдаг болсон бөгөөд энэ үйл ажиллагаанд Йоханнесбург хотын удирдлага болоод ӨАБНУ-ын ерөнхийлөгч болон албаны хүмүүс оролцдог юм байна.

Шинэ Зеланд, Оклэнд хот

Дэлхийн бусад улс орнуудаас хамгийн түрүүнд 2012 оныг угтсан улс бол Шинэ Зеланд юм. Тус улсад жирийн ард иргэдээс гадна, урлаг соёлын одод, улстөр, спортын алдартнууд ирж нэгэн зэрэг шинэ оноо угтдаг байна. Энэ жилийн тухайд маш сүрлэг галын наадам зохион байгуулжээ. Гэсэн хэдий ч Оклэнд хотод манантай байсан болохоор хотын бусад хэсгээс галын наадам сайн харагдаагүй аж.  Шинэ Зеландын Оклэнд хотод одоо ч баярын арга хэмжээ үргэлжилсээр байна. Оклэнд хотын үзвэр, үйлчилгээний газрууд энэ сарын 31-нийг дуустал уртасгасан цагаар ажиллах ажээ.

Австрали, Сидней хот

Австрали улсын томоохон хотуудын нэг болох Сидней хотын боомтонд шинэ оноо угтах ёслол болжээ. Тухайн улсын Засгийн газраас энэ өдөрт их анхаардаг бөгөөд дэлхийн бусад улсуудтай сүрлэг галын наадмаараа өрсөлддөг билээ. Харбор гүүрийн нуман хэлбэрийн тулгуур дээрээс олон өнгийн салют буудуулсан байна. Шинэ оноо угтах ёслолыг зөвхөн телевизээр л гэхэд 1,5 сая хүн үзсэн гэсэн судалгаа гарчээ. Тасманы тэнгисээс ирсэн салхины урсгалын улмаас цаг уурын байдал тааруу байсан хэдий ч Австралийн сүрлэг галын наадам болдгоороо болсон юм.

Тайвань, Тайпей хот

Тайванийн сая, сая иргэд Тайпей хотын цамхаг байрлах төв цэгтээ цугларчээ. Шинэ он гарах мөчид сүрлэг ёслолын буудлагыг Тайпей цамхагаас буудуулсан байна. Энэ жилийн хувьд цамхагийн дээрээс доош чиглэсэн давхар болгоноос олон өнгийн салют буудуулжээ. Хэдийгээр маш хүйтэн салхи сэвэлзэж байсан ч ард иргэд нь үүнийг тоогоогүй байна. Ёслолын буудлага болох хүртэл Тайванийн урлаг, соёлын одод жижиг хэмжээний тоглолт сонирхуулжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бээжин хот

БНХАУ-ын Бээжин хотод орших Шинан /Диваажин/ сүмийн урд шинэ жилээ угтах ёслолын ажиллагаа болжээ. Энэ үеэр Хятадын цэргийн найрал хөгжим болон ардын урлагийн тоглолт болов. Мөн 1000 дугуйчны сүрт жагсаалыг ард иргэддээ үзүүлсэн ажээ. Мөн орчин үеийн гэрлийн эффектээр Шинан сүмийг чимэглэж, сүмийг тойрсон бүх хэсгээс лазерын эффектийг үзүүлсэн байна. Мөн энэ ёслолын ажиллагааны үеэр гадны жуулчид ихээр ирсэн болохыг хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон тэмдэглэсэн юм.

Индонези, Жакарта хот

Индонези улсын нийслэл Жакарта хотод сүүлийн 50 жилийн турш зохиож байгаа шинэ жил угтах ёслолын ажиллагаа энэ жил маш сүртэй болсон байна. Жакарта хотын төв хэсэгт байрлах олон арван өндөр барилгын дээвэр дээрээс нэгэн зэрэг ёслолын буудлага хийжээ. Баярын арга хэмжээнд урлаг соёлын одод болон улстөрчид оролцсон байна. Мөн ардын урлагын тоглолтыг олон нийтэд үзүүлжээ. Индонези улсын залуучууд тус улсын дүүрэг бүрт шинэ жилийн бүжгийн хөдөлгөөнийг үзүүлсэн “флаш моб”-ыг хийсэн байна. Мөн твиттерээр нэгэн зэрэг мэндчилгээ дэвшүүлэх ажиллагааг ч зохион байгуулсан ажээ.
 

Арабын Нэгдсэн Эмират Улс, Абу Даби хот

Абу Даби хотын Эмирийн шилтгээн болон Марина худалдааны төвийн урд талбайд шинэ жилээ угтах ёслолыг хийжээ. Бусад улс орнуудыг бодвол галт наадмыг даруухан хийсэн ч дараа нь эхэлсэн урлагын тоглолт бараг үүр цайтал болсон байна. Шинэ жилээ угтах баярын хөтөлбөрийг тус улсын төв телевиз шууд дамжуулан үзүүлжээ. Мөн шинэ жилийн баярын үеэр тус улсын Эмир үг хэлсэн бөгөөд “Манчестер Сити” багийн тоглогчид интернетээр мэндчилгээ дэвшүүлсэнийг том дэлгэцээр үзүүлсэн байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Берлин хот

ХБНГУ-ын Берлин хотод байрлах Бранденбургын хаалганы урд шинэ оноо угтах ёслол болжээ. Бусад улс орнуудтай ижил ёслолын буудлага, баярын тоглолт бүгд байсан. Мөн одоогоос 50 гаруй жилийн тэртээ хүүхдийн парадад оролцож байсан настангууд энэ шинэ жилийн арга хэмжээг чимжээ. Мөн Бундеслигийн алдарт тоглогчид шинэ жилийн ёслолын ажиллагаанд оролцсон байна. Энэ жилийн шинэ оноо угтах баярын арга хэмжээнд 400 мянган хүн оролцсон нь өмнөх жилүүдийнхээс харьцангуй бага үзүүлэлт аж.

Их Британи, Лондон хот

Их Британийн Лондон хотод баярын арга хэмжээ сүртэй болж өнгөрлөө. Учир нь энэ жил хатан хааны төр барьж эхэлсний Очир эрдэнийн ой буюу 60 жилийн ой тохиож байгаа юм. Шинэ жилээ угтах ажиллагаа ч мөн үүнд чиглэгдэж байлаа. Мөн шинэ жилийн ёслолд энэ жилийн зуны олимпийн бэлэг тэмдэг болсон Венлок, Мандевиль нэртэй үлгэрийн баатрууд цугларсан олныг хөгжөөж байсан гэдэг. Ёслолын арга хэмжээнд Лондон хотын захирагч Борис Жонсоноос гадна энэ жилийн авьяаслаг британичууд наадмын тэргүүн байрын шагналт Жай Макдовал оролцсон байна.

Өмнөд Солонгос, Сөүл хот

Сөүл хотын төвд байрлах Бошингак хонх 33 удаа цохисноор ирж буй 2012 оныг угтлаа. Хонхыг ингэж дуугаргасны дараа ёслолын буудлага буудуулав. Урлаг соёлын томоохон тоглолт болсны дараа тус улсын гоймонтой шөлний газар ачаалалд дарагдсан гэхэд болно. Учир нь солонгосчуудын зан заншлаар дараа жилдээ амар, амгалан, аз жаргалтай байхыг бэлгэдэн гоймонтой шөл иддэг заншилтай ажээ. Баярын арга хэмжээг радио, телевизээр нэг сая гаруй хүн үзсэн гэх судалгаа гарчээ.

Япон улс, Шибаяа дүүрэг

Залуусын дүүрэг гэгддэг Шибаяа дүүрэгт Японы өнцөг булан бүрээс ирсэн залуус шинэ оноо ёслол төгөлдөр угтжээ. Хэдийгээр томоохон ёслолын буудлага, соёл, урлагийн тоглолт зохион байгуулаагүй ч залуус нэгэн зэрэг ирж буй оныг угтан тоо тоолсон байна. Мөн сумогийн алдартай тамирчид ч энэхүү баярын арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл байгаа юм. Японы муж бүрийн төлөөлөл болсон залуус фейсбүүкээр давхар энэ ёслолын ажиллагаанд оролцсон ажээ.

Бразил, Рио де Жанейро хот

Рио де Жанейро хотод зуны халуун өдрүүд үргэлжилж байхтай зэрэгцэн шинэ оноо угтах ёслол болов. Рио де Жанейрогийн далайн эрэгт усны хувцастай хүмүүс шинэ оноо угтсан байна. Мөн усны хувцастай өвлийн өвгөн, цасан охид цугласан олонд бэлэг тараажээ. Рио де Жанейрогийн төв талбайд ёслолын буудлага болж цугласан хүмүүс бүгд нэгэн зэрэг ирж буй оноо угтан тоолсон байна. Мөн Бра­зилийн алдарт самба бүжгийн бо­лон ардын урлагийн үзүүлбэрүүдийг үзүүл­сэн багт наадам зохион байгуулжээ.

Энэ мэтчилэнгээр баяр ёслолын байдалтайгаар шинэ жилээ угтлаа. Гэсэн хэдий ч дэлхийн зарим улс гүрнүүд өлсгөлөн болон зарим нэгэн халдварт өвчинд нэрвэгдсэн хүндхэн байдалтай шинэ оноо угтан авсан юм. Нигер болон Уганда, Замби зэрэг улсуудад өлсгөлөн газар авсан учраас НҮБ-ын тусламжийн хүнс очих өдрийг хүлээсээр байна. Мөн Афганистан, Пакистан, Сири зэрэг улсад томоохон халдлагууд болсон бөгөөд 2012 оныг 160 гаруй хүн үзээгүй юм. Шинэ оны эхний өдөр ч 70 гаруй хүн амь үрэгдсэн аймшигт дэлбэрэлт болсон билээ.

С.Болор


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж