Иргэд ба албан тушаалтнууд

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Иргэд ба албан тушаалтнууд

Долоо огтлуулж нэг хэмжүүлдэг иргэд, долоо хэмжүүлж
нэг огтлуулдаг албан тушаалтан

Дөрвөн жилийн өмнө үрээ алдсан эхийн элгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлал гуйлт бага ч болов дэвтээлээ. Эрүүл мэнд, эрх чөлөө, амь насаараа ноцтой хохирсон иргэдээ хамгаалж чадаагүй төрийн өмнөөс Ерөнхийлөгч уучлалт гуйлаа. Ингэснээрээ 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт уучлалт гуйсан анхны хийгээд цорын ганц төрийн өндөр тушаалтан тодотголыг одоогоор зүүв.

Төрийн тэргүүн өмнөх сонгуулийн өнөөг хүртэл шийдэгдээгүй үймээний хэрэгт төрийг буруушаалаа. Төрийн нэг эрх мэдэлтэн дунджаар долоон эрх эдэлж ганцхан үүрэг хүлээж байхад иргэнийг ганцхан эрх хамгаалж, долоон үүрэг сөхрүүлж буйг чуулганы танхимаас анхааруулав. Үүгээрээ иргэдэд учирсан бүхий л хохирлын шалтгааныг холбогдох хууль ёсны байгууллага тогтоох ёстойг дахин санууллаа.

Түүний хөндсөн арван асуудлын нэг нь шударга ёс. Хууль, хяналтынхны зарим нь Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд ундууцсан бол олонх алга ташилтаар угтлаа. Иргэдэд хууль сахиулагчид нэг хуулийг харилцан ялгаатай тулгадаг нь байж боломгүй явдал хэмээн Ерөнхийлөгчийн ил цагаан хэлсэнтэй олон хүн санал нийлнэ. Хуулийг хэн дуртай нь гуйвуулдаг. Ижил хэрэг үйлдсэн этгээдүүдэд хууль өөр өөрөөр үйлчилдэг. Хэн нэг нь ял завшдаг. Харин хэн нэгэнд нь хүчээр хэрэг хүлээлгэдэг тухай бишгүй гомдоллодог ч тэдэнтэй хариуцлага тооцох тухай юу ч хийдэггүй. Энэ бүхэн нь эцэстээ иргэдийг тулгарсан асуудлаа хүчээр шийдэхэд хүргэж байгааг ч сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Үүнээс шалтгаалаад ноцтой гэмт хэргийн гаралт ч ихэсчээ.
 
…Эрт үед нэг өдөр нэг цагт хоёр эмэгтэй амаржиж хоёул хүү төрүүлсэн байна. Удалгүй нэгнийх нь хүү амьсгал хураажээ. Хоёр эмэгтэй амьд байгаа хүүхдийг өөрийнх гэж булаацалдан хоорондоо маргав. Асуудлаа шийдвэрлүүлэхээр Соломон хаанд ханджээ. Хаан хоёр эмэгтэйд хүүхдийг дундуур нь хоёр хуваахыг тушаасан байна. Ингэхдээ хаан хүүхдийг үхлээс хамгаалан өөрийнхөө шаардлагаас татгалзсан тэр эмэгтэй бол уг хүүхдийн эх байх ёстой гэж бодсон хэрэг. Ингээд хүүхдийг амьд үлдээхийг гуйж, өөрийн шаардлагаас татгалзсан эмэгтэйд хүүхдийг өгчээ. Гэхдээ Соломон хааны шийдвэр үнэхээр шударга байсан бол хоёр эмэгтэйн гагцхүү нэг нь л хүүхдийг хайрладаг гэсэн нөхцөлтэйгээр шударга байж чадна. Хэрэв хоёулаа адилхан хүүхдийг хайрлаж байсан бол. Хоёулаа хүүхдийг үнэнээсээ хүсч, хоёулаа шаардлагаасаа татгалзсан бол энэ маргаан үл шийдэгдэх байсан биз. Манайд адаглаад ийм байдлаар ч хууль үйлчлэхгүй байна. Ямар улмаас хэрэг үйлдэв. Ямар шалтгаан байв. Хөдлөшгүй нотолгоо олдов уу. Хэрэг үйлдэхээс өөр аргагүйд хүргэсэн хүчин зүйлс байсан уу гэхээсээ илүүтэй ял тулгахыг урьдал болгодог. Мөрдөн байцаагч хийгээд прокурорын үзэмжээр хавтаст хэргийн баримтыг бүрдүүлдэг. Ийм л нийтлэг жишиг тогтжээ. Үүнийг иргэд байнга ярьж, гомдоллож байдаг ч нааштайгаар шийдэгдсэн нь ч ховор. Эцэстээ дундаж, ядуу амьдралтай иргэдээр монголын шорон дүүрч байна. Дахиад тэдэнд зориулсан шоронг барьж өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Харин албан тушаалтнууд, чинээлэг нөхөд ял авах нь өдрийн од адил ховор. Төрийн албан тушаалтнуудын хэргийг шүүх, прокурорынхон долоо хэмжиж нэг огтолдог бол иргэдэд эсрэгээрээ. Долоо огтолж нэг хэмждэг байх нь элбэг.   

“Иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах болон эрх мэдлээ иргэдээрээ шийдүүлэх асуудлыг манай эрх баригчид онцгой анхаарах ёстойг долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдал хойшид ч сануулсаар байх болно” гэж Ерөнхийлөгч сануулж буй.

Хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн хяналтын прокурор Г.Энхтайван, сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Т.Эрдэнэбаатар, шүүгч С.Жаргал нар хахууль авсан хэргээр ял сонссон. Түүнээс гадна ахлах офицер цолтой хэрэг бүртгэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам хөндлөн гарах гэж байсан иргэнийг дайраад зугтсан ч баригдсан. Цагдаагийн албан хаагч хүчингийн хэрэгт холбогдсон гээд олон дуулиан болж байсан ч эдгээр хэрэг шүүхээр шийдэгдсэн нь бас л ховор. 

Ер нь төрийн нэрээр далайлган иргэдийн эрхэнд халддаг жишээг эрүүлжүүлэхээс эхлээд захын гудамжнаас олно.

Хагас сая төгрөг хүрэхгүй цалинтай, гэр бүлийнх нь сарын орлого дөнгөн данган сая төгрөгт шүргэдэг хэрнээ хауст амьдарч, жийп хөлөглөн давхингаа хамгийн үнэтэй тарифтай 9911…… дугаар барьдаг бишгүй олон хууль, хяналтын албан хаагч бий. Тэд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэсэн ч үүнийгээ хувийн давуу тал болгон зөрчиж, зөрчсөнийгөө хаацайлах байдлаар хөрөнгөждөг. Шударга ёсыг сахиулах тангарагтай. Гэсэн ч тангаргаа зөрчиж “халтуур” хийдэг.

Хэний бизнес өнөөдөр амжилттай цэцэглэж байна вэ? Улстөрчдийн бизнес. Дээр нь цагдаа, прокурор мэт хууль, хяналтынхны хамгаалалтад орсон хамсаатнууд.
 
Ийм жишээг өнөөгийн баар, цэнгээний газраас төвөггүйхэн харж болно. Хэдхэн жилийн өмнө “Азийн чоно” гэгч архинд 20 гаруй хүн хордож амиа алдсан. Үүнээс үүдэн сарын турш согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон. Тэр үед хууль, хяналтынхны хамгаалалтанд байдаг баар, цэнгээний газар, дэлгүүрүүд л хатуу дарсыг хорио цээргүй борлуулж байсан. УДЭТ-ын хойно байрлалтай “Royаl” баар тухайн үед цаг харгалзалгүйгээр архи, шар айраг зардаг байсныг үйлчлүүлж байсан хүмүүс андахгүй. Ганц “Royаl” ч биш. Аль ч дүүргийн 24 цагаас хойш ажилладаг баар, цэнгээний газруудын дийлэнх нь тухайн дүүргийнхээ аль нэг цагдаад татвар төлж, хамгаалалтад нь байдаг нь нууц биш. Мэдээж шударга хууль сахиулагчид бишгүй олон бий.

Тиймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, цагдаад хэлтсийн даргаас дээш, шүүх, прокурорт түүнтэй адилтгах албанаас дээш алба, тушаал хашиж ирсэн, магадгүй 20-иос дээш жил ажилласан хүмүүсийг нарийн мэргэжлийн шалгалтад оруулахыг санал болголоо. Нэг ёсондоо хууль сахиулагчдыг аттестатчилалд оруулахыг санал болгож байна гэсэн үг. Ингээд зогсохгүй хөрөнгө, орлогыг нь ёс төдийхөн архивлах бус нарийвчлан бүртгэх нь зүйтэй аж.

Өөр нэг гаргасан Ерөнхийлөгчийн санаачилга нь тэдний сард, жилд олдог орлогыг тогтоох явдал. “Ингэснээр манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогын дунджаас орлого нь давж байвал, тэр нь хууль ёсных бол, тийм хүнд хувийн бизнесээ хийхийг зөвлөж төрийн ажил албанаас нь чөлөөлье. Хууль бус бол шийтгэл хүлээлгэе” гэж Ерөнхийлөгч хэлж байна. 

Энэ санаа хуульчлагдаад хэрэгжвэл хатуухан эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, олон арван алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөж мэдэх нь. Цөөнгүй нь ч АТГ-т шалгуулж, тэндээсээ шүүхэд шилжиж магадгүй аж. Харин хуулийнхан үүнийг эрс шүүмжлэн хүлээн авч байгаа сурагтай. Хулгайч ч гэлээ хулгайчаараа дуудуулах дургүй шүү дээ. 

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж