Өндөржүүлсэн бэлэн байдалтай хуучин оноо үдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдалтай хуучин оноо үдлээ

Нийслэлчүүд уламжлал ёсоор өнгөрсөн оны ажил амжилтаа дүгнэж Сүхбаатарын талбайдаа нижигнэсэн салюттай, Мөнгөн үдшийн цэнгүүнтэй нэгэн оныг үдлээ. Хуучин оноо үдэж шинэ оноо угтсан энэ өдрүүдэд цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эмнэлэг, Онцгой байдлын газарууд иргэдийн амгалан тайван байдал, эрүүл мэндийн манаанд зогсох үүргээ биелүүлэн ажилладаг билээ. Эдгээр байгууллагууд баярын өдрүүдэд хэрхэн ажилласныг сурвалжиллаа.

Баярын өдрүүдэд 111 хүү, 89 охин мэндэлжээ

Өнгөрч буй он буюу 2011 оноо үдэж, шинэ оноо угтах мөчид Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 31 эх амаржиж, 32 хүүхэд шинээр мэндэлж ээж аав, эх орондоо нэгэн баярыг нэмсэн байна. Энэ өдөр 20 хүү, 12 охин мэндэлж шинэ оноо угтлаа. Харин нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 1-ний хооронд 200 эх амаржсанаас 111 хүү, 89 охин мэндэлжээ. Мөн энэ өдрүүдэд  яаралтай түргэн тусламжийн төвд 2307 дуудлага ирж  2272 хүнд яаралтай тусламж үзүүлсэн байна. Үүнээс осгосон 12, архинд хордсон 31, гэмтэл бэртэл 331, хоолны хордлого авсан хүн хоёр байсан аж. Яаралтай тусламж авсан 1092 том хүн 248 нь бага насны хүүхэд эмнэлэгт хэвтжээ.  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 2011 оны шинэ жилийн баярын амралтын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй, бэлэн, шуурхай байдлыг хангахаар нийслэлийн Эрүүл мэндийн газар болон түүний харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны 18 цагаас 2012 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүрүүдийг томилон ажиллуулсан аж.

Салют буудуулснаас хоёр хүн бэртсэн байна

Гэмтэл согог, үндэсний төвд 400 гаруй хүн бэртэж гэмтэж, анхан шатны тусламж үзүүлэхээр тус хандсан байна. Үүнээс 108 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Ирсэн хүмүүсийн дийлэнх нь согтуу хүний гарт өртсөн болон өөрийгөө гэмтээсэн байжээ. Он солигдох мөчийг салют ёслолын буудлагагүйгээр төсөөлөх аргагүй юм. Гэхдээ ёслолын буудлагаас болж олон хүн гэмтэж бэртдэг тул иргэд хувиараа салют буудуулахгүй байхыг анхааруулж байсан. Гэвч энэ жил салютанаас болж хоёр хүн бэртэж эмнэлэгт хэвтэн цөөнгүй хүн эмнэлгийн анхан шатны тусламж аваад буцсан байна. Харин өнгөрсөн жил буюу 2010-2011 он солигдох мөчид салютаа  буруу ашигласнаас бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 40 гаруйд хүрч 10 хүн гарын хуруунуудаа тайруулж байсан харамсалтай явдал болсон билээ. Харин энэ жил гар дээрэс салют заруулахгүй, иргэдэд салют ашиглах мэдээлэл тараасан байсан учраас гэмтэл бага гарлаа гэж ГСҮТ-өөс мэдээллээ. Мөн тус төвд бусдад зодуулсан гэх дуудлага хамгийн их ирсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-ний хооронд 130 хүн  зодуулснаас хүнд, хөнгөн бэртэл авсан аж.

Галд 12 настай хүүхэд өртөж нас баржээ

Нийслэлийн онцгой байдлын газарт арван­хоёр­дугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-ний хооронд обьектын гал түймрийн болон галын зөрчлйин 16 дуудлага ирсэн бол автомашин цасанд суусан нэг, мөс цөмөрсөн нэг, цогцос гаргасан нэг, тусламжийн 20 дуудлагатай хуучин оноо үдсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн гудамжинд “Сонота-2” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг,  тус дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын гудамжинд  дөрвөн ханатай гэр шатаж нурснаас 12 настай эрэгтэй хүүхэд нас барсан байна. Мөн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Их амны голын Харзтайн салаанд “Тоёото Марк-2” загварын суудлын автомашин дугуйн хэсгээрээ цөмөрч орсон байсныг, Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хайрхан гэдэг газар   долоон зорчигчтой хоёр автомашин цасанд суусныг  тус тус аврах тусламж үзүүлжээ. Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр  нийтийн байранд гал гарсан билээ. Үүний улмаас цахилгаан, дулааны хангамж тасалдаж тус орон сууцанд амьдарч байсан 22 өрхийн 86 иргэн хэвийн амьдрах нөхцөл боломжгүй болсон байна.  Шинэ жилийн баяр тохиож байгаа энэ өдрүүдэд тухайн орон нутагт ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүд, аймгийн  удирдлага Улсын онцгой комисст хүсэлт гаргасны дагуу шуурхай арга хэмжээ авч арванхоёрдугаар сарын 31-нд Улсын нөөцөөс 22 гэр гарган тус аймагт хүргэсэн.  Дээрх 22 айл өрхөд гэр хүлээлгэн өгөх арга хэмжээг Дорнод аймгийн ЗДТГ, Онцгой комиссын дарга Ц.Жанлав, Онцгой байдлын хэлтэс зохион байгуулж өчигдөр гардуулсан байна.

Гэмт хэргийн 237 дуудлага ирж, 156 хүн эрүүлжүүлэхэд хоноглов

Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн 237 дуудлага ирсний 45 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Нийслэлийн хэмжээнд 156 хүн эрүүлжүүлэгдсэн бол орон нутагт 36 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутагт оршин суу есөн настай эрэгтэй Ч өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан бол тус  дүүргийн XX хорооны нутагт оршин суух 27 настай эрэгтэй Т осгож, нас баржээ. Мөн арванхоёрдугаар сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн  XIV хорооны нутагт оршин суух айлын хашаанд нэг сартай эрэгтэй хүүхэд орхисон байсныг цагдаагийн байгууллагынхан Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хүргэсэн байна. Хүүг хэн орхиж явсныг тодруулахаар ажиллаж байгаа гэв.

Зам тээврийн ослоор 25 хүн бэртжээ

Шинэ жилийн баярын амралтын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 1-нд Замын цагдаагийн газрын жижүүрийн утсанд зам тээврийн ослын 217 дуудлага  ирж, зам тээдрийн ослоор 25 хүн гэмтэснээс бага насны гурван хүүхэд  бэртжээ. Үүнээс 82 жолооч архи согтууруулах унаан хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоо барьж явсныг саатуулан, ослоос урьдчилан сэргийлсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан долоон тохиолдол бүртгэгджээ.  Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний хэсэг Сүхбаатарын талбайн урд замд Nissan Bluebird 37-23 УНГ дугаартай автомашины жолооч Б нь Hyundai Verna маркийн 18-44 УНР дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч 26 настай Э, дөрвөн настай М-нарын хоёр хүн гэмтсэн бол Nissan Bluebird 37-23 УНГ дугаартай автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явсан бөгөөд согтолтын зэрэг нь 1,59 хувьтай гарсан байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж