Үүний зэрэгцээ Иран улс удаан жилийн уйгагүй оролдлогын эцэст цөмийн эрчим хүчний салбар дахь өөрсдийн амжилтыг дахин нэг шат урагшлуулж чадсан тухай өчигдөөс эхлэн мэдээлж байгаа юм. Өчигдөр “Франс пресс” агентлагийн мэдээлснээр бол Иран улс атомын реакторууддаа шаардлагатай цөмийн түлшний гинжин урвалыг анх удаагаа гаргаж авчээ. Үүнээс өмнө Иран улс цөмийн эрчим хүчний станцууддаа Оросоос авсан цөмийн түлшийг хэрэглэж байсан юм.
Харин өчигдрөөс эхлэн Иран нь цөмийн эрчим хүчний түлшээ өөрсдөө бэлтгэх боломжийг олж авсан талаараа албан ёсоор зарласан байна. Энэ тухай Ираны Цөмийн эрчим хүчний хороо гэх засаг захиргааны нэгж байгууллага албан ёсоор мэдэгдэл хийсэн аж. Одоо Ираны эрдэмтэн мэргэжилтнүүд энэхүү гаргаж авсан цөмийн түлшээ тэдний хүсэн хүлээж байгаа үйлдвэрлэлийн ашиглалтад хэр нийцэх нь вэ гэдгийг шалгаж, шаардлагатай бүхий л туршилт сорилтуудыг хийсээр байгаа юм байна.
Харин Ираны энэхүү цөмийн салбар дахь амжилт нь атомын эрчим хүчийг ашиглах нэрийн доор цөмийн зэвсэгтэй болох гэсэн оролдлого хэмээн АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хардан буруутгаж байгаа билээ. Түүний дээр Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA) энэ асуудлаар хамгийн сүүлд гаргасан илтгэлдээ Иран улсыг атомын зэвсэг бүтээхээр хичээж байна гэж дүгнэсэн нь дээрх хардлагыг улам ч дэвэргэжээ.Ер нь энэ асуудал Өрнөдийн улсууд болон исламын томоохон улс болох Ираны хооронд урт хугацааны ширүүн тэмцлийг өрнүүлээд байгаа юм.
Тэгэхдээ зөвхөн энэ хоёр тал ч биш бүр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн дунд ч санал зөрөлдөөн бий болгоод байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны хоёр нь буюу ОХУ, БНХАУ энэ асуудлаар АНУ болон бусад өрнөдийн орнуудын баримталж байгаа байр суурийг дэмжихгүй гэдгээ илэрхийлдэг. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA)-ийн мэдээлснээр бол Иран улс нь цөмийн зэвсгийн хөтөлбөрөө аль 2003 оноос эхэлсэн гэж байгаа бөгөөд энэ салбарт улам бүр амжилт олж байгааг түгшүүртэй зүйл хэмээн онцолж байжээ. Харин Ираны талаас зэвсэглэлийн асуудал байхгүй гэж мэтгэсээр байгаа аж.
АНУ болоод Өрнөдийн орнууд Ираны цөмийн хөтөлбөрийг нуун далдалсан цөмийн зэвсгээр хөөцөлдөх эрмэлзэл гэж үзэж байгаа бол ОХУ болон Хятад улсууд энэ бүхэн нь дэмий хардлага хэмээн байр сууриа илэрхийлсээр байна. Дээрх хоёр орон Ираны талд орох болсон ноцтой шалтгаан байдаг гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. ОХУ нь Ираны цөмийн түлшийг баяжуулан нийлүүлж өгөх гэрээтэй байгаа бөгөөд өнгөрсөн оны Есдүгээр сард ашиглалтад оруулсан Ираны анхны атомын цахилгаан станц ОХУ-аас авсан түлшээр ажилласаар байна. Мөн өнгөрөгч арванхоёрдугаар сард Иран нь дахин нэг шинэ атомын цахилгаан станц барьж эхэлсэн гэдгээ мэдэгджээ. Харин Хятадын хувьд тус улс Ираны нефтийг хамгийн ихээр худалдаж авдаг орны нэг учраас Ираны ашиг сонирхлыг тодорхой хэмжээгээр хамгаалах сонирхолтой байдаг бололтой.
Ираны цөмийн хөтөлбөр улам бүр идэвхжиж байгаагийн хэрээр АНУ болон өрнөдийн орнуудын сөрөг хориг арга хэмжээ ч улам бүр ширүүсч байгаа юм. Шинэ оны босгон дээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ирантай хамтран ажиллаж байгаа бүх компаниудыг Ираны Төв банк болон бусад санхүүгийн бүтэцтэй харилцахыг нь хориглох хоригт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг нь Ираны Төв банктай аливаа ажил хэргийн холбоотой зөвхөн АНУ-ын төдийгүй бусад орны компаниудад ч мөн хамаатай байх ажээ.
Энэ шийдвэр нэг талаас олон улсын санхүүгийн үйл ажиллагаанд маш хатуугаар тусч байгаа бөгөөд ялангуяа Ирантай нефтийн худалдаа хийдэг орнуудад амар биш сорилтыг тулгаж байна. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгчийн хориг хагас жилийн дараа хүчин төгөлдөр болох боловч олон улсын компаниуд одооноос үйл ажиллагаагаа тооцож зохицуулахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Өнөөгийн байдлаар олон улсын хэмжээнд хийгдэж байгаа нефть болон байгалийн хийн худалдааны гэрээ хэлэлцээрийн багагүй хэсэг нь яг энэ хориг тавигдаад байгаа Ираны Төв банкаар дамжиж байгаа нь дэлхийн олон томоохон компаниудын өмнө маш хэцүү бэрхшээлийг учруулахаар байна.
Иран улс нефтийн эскпортоор өнөөдөртөө дэлхийд гуравдугаар байранд явж байгаа бөгөөд олон улсын зах зээл дээр том байр суурийг эзэлсэн хэвээр байгаа юм. Тиймээс л Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад АНУ-ын эдийн засгийн энэ хоригыг үл тоосон байр суурь илэрхийлсэн хэвээр байгаа ажээ. Тэрээр АНУ-ын хориг арга хэмжээг Ираны Төв банк даваад гарах “тэнхээтэй” хэмээн бардамнажээ. Харин бусад улс орнуудын хувьд санхүүгийн энэ хориг арга хэмжээ таагүй үр дүн авчрах нь гарцаагүй.
Хагас жил болох хугацаанд Иран улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсэн хэвээр байгаад, АНУ-ын хориг үйлчлээд эхэлбэл олон улсын компаниудад гарцаагүй нүүрлэх хүнд сонголт ирэхээр байна. Энэ нь нэг бол АНУ-ын санхүүгийн хүчирхэг бүтэцтэй харилцаа холбоогоо хадгалж үлдэх, эс бөгөөс Ираны Төв банкийг сонгож мөн тус улсын нефтийг худалдаж авсан хэвээр үлдэх гэсэн хоёр л сонголт үлдэж байна. Өнгөцхөн харахад л Хятад зэрэг Ираны нефтийг их хэмжээгээр хэрэглэдэг дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс орны худалдааны тэнцвэр алдагдаж, багагүй савлах байдал үүсч болохоор таамаг бий. Мэдээж АНУ-д эргээд нөлөөлж таарахаар байгаа ч тус улс ямар ч болов Иранаас бусад орнууд нефть худалдаж авахыг болиулахын тулд шаардлагатай бүхнийг хийхээр зорьж байгаа аж. Хэрэв ингэж чадвал Ираны экспорт багасч бардамнал нь дарагдана хэмээн найдаж байгаа бололтой.
Дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурьтай АНУ өөрийн санхүүгийн хүч чадлаараа түрээ барьж Ираныг чаддагаараа хааж боохыг зорьж байгаа бол Иран ч бас мөчөөгөө өгсөнгүй өөрийн орны газарзүйн байршлын онцлогийг ашиглан зарим нэг боолт хийхээр зарлаж байна. Иран улс сүүлийн өдрүүдэд олон улсын ачаа тээврийн усан замыг хаана хэмээн мэдэгдэж, тэнгисийн цэргийн сургуулийг эрчимтэй хийх зэргээр хүчээр далайлгасан үйлдлүүдийг удаа дараа хийж байгаа юм. Энэ үйлдлийг зарим ажиглагчид Иран улс цөмийн эрчим хүчний салбарт амжилт олж байгаагаас улбаатай гэж үзэх нь ч байна.
Ямар ч байсан Иран нь өөрийн улсын яг дэргэдүүр нь өнгөрөх олон улсын нефтийн усан тээврийн замыг хааж бооно хэмээн сүрдүүлсэн хэвээр байгаа юм. Дэлхийн нефтийн экспортын 20 хувь нь тээвэрлэгддэг Ормузийн суваг нь дэлхийд нефтийн экспортоор тэргүүлж байгаа хэд хэдэн орны газар нутгийн хилийг холбосон онцлог байршилтай бөгөөд яг нарийссан тойруу хэсэг нь Иран улсын дэргэдүүр гарч байгаа билээ. (Зураг дээр харна уу).
Ормузийн хоолойг тойрсон Ойрхи Дорнодын орнууд бүгд шахуу дэлхийн нефтийн экспортын тэргүүлэгчид байгаа болохоор Ираны “боолт” олон улсын нефтийн зах зээл дээр багагүй төвөг учруулж мэдэхээр байна. Тухайлбал, Ормузын хоолойн баруун хэсэгт өдөртөө 2 сая 395 мянган баррель нефть экспортолж дэлхийн тэргүүн экспортлогчдын дөрөвт ордог Арабын Нэгдсэн Эмират улс оршиж байгаа юм. Харин нөгөө талд нь өдөртөө 2 сая 400 мянга гаран баррель нефьт гаргадгаараа дэлхийн газрын тос олборлогчлын гуравт бичигдэх Иран улс ”өөрөө” байршиж байгаа билээ.
Мөн дэлхийн нефть экспортлогчдыг тэргүүлж бусад улс орнуудад өдөр бүр 21 сая гаруй баррель нефть нийлүүлж байдаг Арабын лигийн гишүүн орнууд ч бас бий. Тухайлбал өдөртөө 5 сая 450 мянга гаруй баррель гаргаж нефть экспортлогчдын жагсаалтад хоёрт орж байгаа Саудын Араб улс болон Ирак байрлах ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн нефьтийн хангамжийн нэг том “артерийн судсыг” нь бооно гэж томрох Иран болоод дэлхийн санхүүгийн судсыг барьж байдаг АНУ хоёрын сүр ч ихтэй, сүүдэр ч ихтэй сөргөлдөөн газар авсаар байна.