Хөгжлийн шинэ шатыг тодорхойлж буйдаа баяртай байна

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Хөгжлийн шинэ шатыг тодорхойлж буйдаа баяртай байна

Хэвлэл, мэдээллийн байгууллага нь нам, төрийн үзэл суртал, ухуулгын хэрэгсэл гэдэг хэвшсэн ойлголт 1990 оны хувьсгалаас хойш аажим, аажмаар өөрчлөгдөхийн хамтаар алхам алхмаар хөгжиж ирсэн юм. Энэ хөгжил, хөдөлгөөн дунд технологийн дэвшил асар нөлөөтэй хүчин зүйл, хөдөлгүүр болон орж ирснээр мэдээллийн хэрэгслийн хэлбэр дүрс, агуулгыг эрс өөрчилж, шинэ эрин үеийг эхлүүллээ. Нэг талаас технологийн хурдтай шинэчлэл, хувьслыг ашиглан мэдээллийн цоо шинэ хэрэгсэл бүтээх, нөгөө талаас тэрхүү хэрэгслээ мэдээлэл, агуулгаар дүүргэх гэдэг өвөрмөц талбар сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн үе шатыг тодорхойлох боллоо. Манай хамт олон энэхүү хөгжлийн шинэ үе шатыг тодорхойлон илтгэх хэмжээнд ажиллаж байгаа мэдээллийн хэрэгслүүдийн тэргүүн эгнээнд яваагаа ойлгож ухамсарлах, басхүү урамших сайхан завшаан тохиолдсоныг уншигчдадаа уламжлах таатай байна.

Манай хамт олон гэдэг нь “Монгол масс медиа” группийн эрхлэн гаргадаг өдөр тутмын “Ардын эрх” сонин, цаг, минут тутамд шинэ мэдээллээр баяждаг www.news.mn сайт, мэдээллийн дагнасан телевиз “Eagle” болон “Боловсрол суваг”, "Box Network" телевиз, долоо хоног тутмын мэдээлэл, аналитикийн “Үндэстний тойм” сэтгүүлийн эрч хүчтэй, залуу баг юм.

Хоёр он солигдох мөчид өнгөрсөн жилийн амжилтаа дүгнэдэг уламжлалын дагуу сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн байгууллагууд ч 2011 оны шилдгүүдийг нэрлэсэн. Тэдгээр шалгаруулалтаас “Монгол масс медиа” группийн эрхлэн гаргадаг мэдээллийн хэрэгслүүд олон тэргүүн шагналыг авч, өөрсдийн үйл ажиллагааны цар хүрээ, мэргэжлийн ур чадвартаа мэргэжлийн хүрээнийхнээс өндөр оноо авсандаа баярлаж байна. Мэдээллийн www.news.mn сайт Монголын радио телевизийн академийн шалгаруулалтаас “Оны онцлох сайт”, УИХ-ын Тамгын газар, “Төрийн мэдээлэл” эмхэтгэл сэтгүүлээс явуулсан шалгаруулалтаас мөн тэргүүн шагнал, Мэдээллийн сайтын ассоциацийн үнэлгээгээр “Оны тэргүүн” шагналыг тус тус авсан бол телевизүүдийн холбооны “Алтан шонхор” наадмаас “Eagle” телевиз “Мэдээллийн шилдэг хөтөлбөр, “Телевизийн шилдэг сэтгүүлч” шагналуудыг, “Боловсрол суваг” телевиз “Шилдэг тайз засал”, “Шилдэг хүүхдийн нэвтрүүлэг”, спортын мэдээллийн “Скор ньюс” хөтөлбөр шилдэг спортын хөтөлбөрийн шагналыг тус тус хүртлээ. “Боловсрол суваг” телевизийн “50 саяын уналт” нэвтрүүлгийн тайз засалт, үндэсний хүүхэлдэйн баатрыг төрүүлсэн “Бонго” нэвтрүүлэг, зөвхөн спортын мэдээгээр дагнасан хамгийн урт хугацааны хөтөлбөр зэргийг мэргэжлийн салбарт ийнхүү онцолсон хэрэг.

Мэдээлэл хэмээх бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай, бодитой хүргэх нь бидний зорилго байдаг бол үүндээ хүрэхэд маань технологийн дэвшлүүд ямагт тусалсаар ирснийг хэлэх хэрэгтэй болов уу. www.news.mn сайтын мэдээллийг мобайл хэлбэрээр авах боломжоос эхлээд технологийн олон шинэ гарцыг бид үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбартаа эрэлхийлж, хөрөнгө оруулж ирсэн юм. “Eagle” телевиз л гэхэд өнөөдөр CNN, BBC телевизүүдэд ашиглагдаж байгаа техник, технологиор мэдээллээ бэлтгэн дамжуулж, олон улсад нэр хүнд бүхий “Weather central” байгууллагын албан ёсны төлөөлөгчөөр ажиллан ганцхан цагийн өмнө шинэчлэгдсэн цаг агаарын мэдээллийг нарийвчилсан дүрслэл, зураг схемтэйгээр 2D болон 3D хэлбэрээр үзэгчдэд хүргэж байна. Мөн тус телевиз Монголын телевизүүдээс хамгийн олон цагаар буюу хоногт 10 цагийн эфирээр зөвхөн мэдээллийн хөтөлбөр бэлтгэн үзэгчдэд хүргэдэг юм.

Хэвлэл, мэдээллийн салбарт амжилттай ажиллаж буй “Монгол масс медиа” группийн шинэчлэл зөвхөн технологид суурилаад зогсохгүй оюун санаа, үзэл бодлын шинэ тэсрэлтээр баяжиж ирснийг мөн дурдах нь зүй. “Үндэстний тойм” сэтгүүл өнгөрсөн онд “Нью-Йорк Таймс”-тай хамтран ажиллах шангаа татлаа. Энэ бүх шинэчлэл, эрмэлзэл бол уншигч, үзэгч, хэрэглэгч та бүхний эрэлт, хэрэгцээ, таашаалд эцсийн бүтээгдэхүүнээ нийцүүлэх гэдэг цорын ганц зарчмаас урган гардаг төдийгүй зүй ёсны хөгжлийг дагуулж буй билээ. Тэгэхээр манай хамт олон “Монгол масс медиа” группийн хүртсэн шагнал хөгжил дэвшил бүхэн уншигч, үзэгч, хэрэглэгч та бүхний хамтын бүтээл юм. Та бүхэндээ баярлаж байгаагаа дахин илэрхийлэх байна.

“Монгол масс медиа” групп
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж