Сонгуулийн хууль хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль хэрэгжиж эхэллээ

АЛБАН ТУШААЛАА ӨГЧ АМЖСАН УУ?

Өнгөрсөн оны сүүлээр баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуу­лийн зарим заалт  үйлчилж эхэллээ. Нүдэнд ил харагдаж байгаа нь сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор албан тушаалаа өгөх хүсэлтээ гаргасан яам, тамгын газар, их, дээд сургууль, УИХ-ын Тамгын газар, судалгааны төв зэрэг газрын албан тушаалтнуудын тухай мэдээлэл.

Хуулиар бол “26.6-д Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заажээ. Ингэхээр өмнөх онд багтаж албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй бол сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байгаа хэрэг.

Энд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч гэдэгт хэн, хэн орохыг жагсаавал нэлээд олон зүйл дурдана.  Харин улс төрийн албан тушаалтнуудыг дурдвал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гээд цөөн хүмүүс бий. Үндсэндээ Төрийн албаны хуульд заасан төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны албан тушаалтнуудаас сонгуульд өрсөлдөх санаатай бол ажлаа өгөх байжээ гэсэн үг. “Байжээ” гэсний утга нь хуулийн хязгаар нэгэнт өнгөрсөн тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө одоо өгөөд нэмэргүй гэж байгаа юм. Тэр ч бүү хэл өнгөрсөн онд багтаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч түүнийг нь байгууллага нь шийдвэрлэж “чөлөөлөх шийдвэр албан ёсоор гаргаагүй” бол мөн л сонгуульд өрсөлдөх боломжгүй байх учиртай.

Албан тушаалаасаа чөлөөлөгд­сөн иргэдийн талаар тодорхой, тойм­той мэдээлэл гарчи­хаж болохоор л хугацаа өнгөрлөө, ямар олон зуугаараа ажлаа орхиод байгаа биш. Албан бус эх сурвалжаас дам сонсохнээ амжаагүй нөхдүүд бичиг цаас янзалж, өмнөх оны бланкан дээр тушаал гаргуулаад сууж байгаа гэнэ шүү, бүү мэд.

СУРТАЛЧИЛГААНЫ “НҮХ”-ЭЭ ОЛСОН УУ?

Хууль бүрэн дүүрэн хэрэгжвэл нэр дэвшигчид их л нарийн “нүх”-ээр сонгуулийн PR, сурталчилгаагаа хийх болж буй аж. Нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх дараагийн зохицуулалт бол “сонгуулийн жилд нэр дэвшигчид, намуудын зүгээс хийж болохгүй үйлдлүүдийн тухай”.

Сонгуулийн жил эхэлснээс хойш үйлдэж болохгүй үйлдлүүдийг харин ч сайн гэгч нь гаргажээ. “Сонгуулийн буянаар” гэгдэх үг алга болж цаг аяганаас эхлээд флаш, үнэгүй тоглолт үзэх сугалаатай тасалбарууд ч мань мэтийн сонгогчдод олдохгүй болох нь бололтой.

Жагсаалтыг цааш үргэлжлүүл­бэл, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг аж.

Үргэлжлүүлбэл, хамаг шилдгүү­дээ, рейтинг нь тодорхойлсон улстөрчдийн нэрсээ өнгөрөгч оны сүүлийн сард багтааж тодруулсан нь ч учиртай аж. Хуулиар “хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэл­бэрийн шалгаруулалт зохион байгуу­лахыг хориглоод орхиж. Энэ заалтаас болж жил бүрийн цагаан сараар зохиодог уламжлалт шалгаруулалтаа оны өмнө яаран тодруулсан хэвлэлийн байгууллага ч байна.

Түүнчлэн захиалгатай, захиал­гагүй бүхий л судалгаа үүнд багтаж буй тул тулхтай судалгааны төвийн “шпи”-г сонгогчид бид энэ удаагийн сонгуульд харахгүй нь шүү. 

Эцэст нь хэлэхэд, суртал­чил­гааны материалын хэмжээ хязгаарыг, тэр байтугай хаана наахыг зааж хатуурхсан атлаа “дарга нар” өөрсөддөө давуу тал бий болгосон гарц гэж хардаж болохоор нэг заалт ч бас бий аж.  Хуулийн 37.19-д Улсын Их Хурлын гишүүн, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлын тайлангаа иргэд, сонгогчдод сонин, сэтгүүл болон бусад хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх нь энэ хуулийн хязгаарлалтад үл хамаарна” гэж. Тайлан нэртэй тараах материал дээрээ нүүр дүүрэн мальтгар царайгаа инээмсэглүүлсэн эрхэм нэр дэвшигчийн сурталчилгаа үнэхээр давуу тал болж байгааг мэдэх боломж удахгүй гарах байх. Бүр хаалгыг тань тогшоод л ороод ирнэ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж