”Элэгний” Ж.Амарсанаа АН-ыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

”Элэгний” Ж.Амарсанаа АН-ыг сонголоо

Шинэ үеийн залуусын төлөөлөл шинэ оны босгон дээр АН-ыг сонгож, гишүүнээр элслээ. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 02‑ны өдөр "Хаппи Веритас" элэгний төв лабораторийн ерөнхий захирал, "Интерферон Альфа" эмнэлгийн ерөнхий захирал Жазагийн Амарсанаа АН-д элсч, АН-ын дарга Н.Алтанхуягаас намын батлахаа гардан авлаа.  Түүний хувьд АН‑аас хэрэгжүүлж буй “Монгол хүн‑2020” хэлэлцүүлгийн Эрүүл чийрэг Монгол хүн дэд хөтөлбөрийг дэмжиж, Монгол түмнийхээ эрүүл мэндийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхээр АН-ыг сонгосон гэдгээ намын батлахаа гардан авах үеэрээ хэлсэн юм.  Тэрбээр “Олон генийг зэрэг дарангуйлах аргаар нойр булчирхайн хорт хавдрын эсийн TGF замыг тогтоосон нь” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлээрээ дэлхийд танигдсан эрдэмтэн аж.

Ж.Амарсанаа нь 1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998‑2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач,  2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002‑2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006‑2008 онд АНУ‑ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан. 2008 оны тавдугаар сард Монгол эх орондоо ирж Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, “Гарваа” сангийн Ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөхийн ажлыг тус тус хийж байгаа аж.

Ж.Амарсанааг эрүүл мэндийн салбарынхан төдийгүй түүний ачаар эрүүл болсон хүмүүсийн хувьд “Элэгний Амарсанаа” гэдгээр нь андахгүй юм билээ. Ийнхүү шинэ цагийн төлөөлөл болсон шилдэг залуус АН‑д сонголтоо хийсээр байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж