Ц.Улаанхүү начныг Багануурын хорихоос авчирчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Ц.Улаанхүү начныг Багануурын хорихоос авчирчээ

Хар  тамхи, мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хадгалсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих  ял сонсч, Багануур  дүүргийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан  Улсын начин Ц.Улаанхүүг өнөөдөр нийслэлд авчирч, цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонссон ч Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Хоёр шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол хүчингүй болсон учраас цагдан хорих ангид шилжүүлсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд Дээд шүүхээс уг хэргийг шалгах явцдаа буюу мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй учир хохирлын хэмжээг тогтоож, гэрчээс зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Хяналтын  шатны шүүхийн шийдвэр гарсан учир Ц.Улаанхүү начныг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх эрх зүйн үндэслэлгүй болсон байна. Тиймээс түүнд оноосон хорих ялыг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөхөөр болсон нь энэ аж.

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд 11 жилийн хорих ял сонссон Ц.Улаанхүү начин дөрвөн сар хоригдоод байгаа. Багануур дүүргийн чанга дэглэмтэй хорих ангид шилжсэнээсээ хойш түүний биеийн байдал сайнгүй байгааг ар гэрийнхэн нь ярьж байв.

 Ц.Улаанхүүг НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн нэгдсэн конвенци”-ийн  гуравдугаар жагсаалтад орсон мансууруулах бодис болох морфин, героины бэлдмэлийг онц их хэмжээтэйгээр буюу 0.523 кг-ыг хууль бусаар олж авч, хадгалан улмаар борлуулах зорилгоор бусдад шилжүүлсэн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Түүнд  Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж