Ө.Энхтүвшин: Амласнаа биелүүлэх л ёстой

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Амласнаа биелүүлэх л ёстой

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Боловсролын тухай багц хуулийн төслүүдийг авч хэлэлцсэн бөгөөд хамаг цагаа тус төсөлд зарцууллаа. Бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн тайлбарласнаар бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуулийн төсөл, нэр бүхий гишүүдийн санаачилсан мөн энэ төрлийн хуулийн төсөл нь агуулгынхаа хувьд давхцжээ. Тухайлбал, орон нутагт ажиллаж байгаа цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш,  цэцэрлэгийн туслах багш, сургуулийн эмч, номын санч зэрэг албан тушаалтнуудад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох тухай.  Тэднийг эмнэлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байх тухай, сургуулийн багш, цэцэрлэгийн багш удирдах албан тушаалтны мэргэжлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутамд мэргэжлийг нь дээшлүүлэх тухай заалт давхцаж буй юм  байна.

Мөн Засгийн газраас өргөн барьсан төсөлд хэд, хэдэн чухал заалтууд байгаа аж. Тухайлбал, сургуулийн болоод цэцэрлэгийн эдэлбэр газрыг нөөцөд авдаг байх. Ингэснээр эдэлбэр газрыг хэн нэгэн хүнд  худалддаг, шилжүүлдэг явдлыг зогсоох. Нөгөө талаараа газрыг сургууль,  цэцэрлэгийн хэрэгцээнд нь хуульчилж өгөөд мэдэлд нь байлгах.  Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сумын Засаг дарга томилж байгааг аймгийн Засаг дарга томилдог болох гэсэн заалт хуулийн төсөлд туссан аж. Тиймээс төслийг ерөнхийд нь дэмжих нь зүйтэй гэж үзэж бүлэг шийдвэрлэжээ. Гэхдээ тус төслийг боловсронгуй болгох ажлын хэсгийг  таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм байна.

Түүнээс гадна бүлгийн гишүүд боловсролын салбарт тулгамдсан асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг тусад нь байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан тэтгэлэг,  тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал нь зөвхөн боловсролын салбар дахь багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго агуулсан зөвхөн нэг хэсэг. Цаана нь сургалтын чанарыг сайжруулах, энэ олон их, дээд сургуулийг цэгцлэх, чадавхижуулах, хөтөлбөрийг нь нэгдмэл болгох гэх мэт асуудлыг зайлшгүй авч үзэх ёстой гэжээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ сургуулиудын сургалтын хөтөлбөр нь өөр өөр байдаг гэнэ. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай сургуулийн хөтөлбөр нэг өөр, хувийнх нь өөр, улсын сургуулийнх мөн өөр. Тийм учраасМонгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж,  монголын үр хүүхэд сурч байгаа нөхцөлд сургалтын хөтөлбөр нь нэг л  байх. Мөн бүх шатны сургууль дээр сургалтын төлбөр харилцан адилгүй байгааг анхаарах. Энэ нь гадаадын олон байгууллага боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдож гарч байна гэж үзжээ. Цэцэрлэг гэхэд 10 мянган ам.доллараас дээш төлбөртэй байдаг бол олон улсын сургуулиуд жилийн төлбөрөө 20 мянган ам.доллараас дээш тогтоодог. Боловсролын яам үүнийг өөрийнхөө хяналтад авах. Дур дураараа сургалтын төлбөр нэмдгийг зогсоох. Хүүхдүүдэд дүрэмт хувцсыг улсын хэмжээгээр нэг л загвартай олгодог зардлыг улсын төсөвт тусгах гэх мэтээр боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудлыг бүхэлд нь авч үзсэн, хуулийн төсөл боловсруулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд энэ удаагийн хуралдаанаас үзжээ.

Хоёр дахь асуудал нь Ашигт малтмалын тухай хууль аж. Бүлгийн гишүүдийн хувьд “Ашигт малтмалын хууль, лицензийг цаг алдалгүй цэгцлэх шаардлагатай байгаа. Гэтэл өнөөг хүртэл холбогдох хуулийн төсөл Засгийн газраас оруулж ирэхгүй байна гэсэн шүүмжлэлийг өрнүүлжээ. Холбогдох сайдынх нь тайлбараар бол Засгийн газар долоон сарын өмнө Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулсан ч өнөөг хүртэл ямар нэгэн чиглэл звөлөмжийг өгөөгүй юм байна. Тиймээс тус бүлэг “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хүлээлгүйгээр бэлэн болгочихсон төслөө УИХ-д өргөн бар”ь гэдэг саналыг гаргаж дэмжжээ. Энэхүү мэдээллийг хийсний дараа дараах асуултад хариулт авсан юм.

-Засгийн газраас боловсруулсан Боловсролын тухай багц төсөл хийгээд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тус салбарт ажиллагсдад таван жил тутамд  зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох тухай заалт тусаагүй байгаа. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцсэн үү. 10, 20 жилийн турш тасралтгүй ажилласан ажилчдад яагаад энэ урамшууллыг олгож болдоггүй юм бэ. Хоёрдугаарт, боловсролын салбарт ажиллагсад эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах заалт бий юу. Дахиад л багш, захирал, байрын багш, номын санч, сургуулийн эмч л зөвхөн эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана гэсэн агуулгаар ажилчдыг орхигдуулчихаад байна уу?

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах гэдгийг боловсролын салбарт ажиллагсдыг гэж үзэж байна. Харин нөгөө нэг асуудлыг хойш тавьсан байгаа. Энэ бол яах аргагүй зайлшгүй авч үзэх ёстой асуудлын нэг.

-Ардчилсан намын бүлгийн хувьд сонгууль дуустал нийгмийн халамжийн чиглэлийн амлалтуудыг өгөхгүй байх ёстой гэж үзээд Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг дэмжилгүй буцаах шийдвэрийг гаргасан байгаа. Гэтэл танайх эсрэгээр яваад байна. Боловсрролын тухай хуульд мөн л бөөн мөнгө, амлалт өгсөн заалтууд байна?

-Манай намын мөрийн хөтөлбөр дотор угаасаа Эхчүүдэд урамшуулал олгох тухай асуудал агуулгаараа тусгагдсан байсан. Урамшуулал, тэтгэмжийг нэмэхгүй гэдгийн тухайд бол сонгууль болдгоороо болно. Сонгууль болох гэж байна гээд бусад асуудлаа шийдэхгүй байж болохгүй. Сонгууль болоход зургаан сар байна. Урьд өмнө шийднэ гээд амлачихсан асуудлаа шийдэх ёстой. Ялангуяа багш нарын тухайд оны өмнөхөн ажил хаялт болж, ажил хаялтын дараахан зөвшилцөх уулзалт болж, хэд хэдэн асуудал дээр тохиролцсон. Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод хамтраад. Тийм учраас энийгээ хэрэгжүүлэх ёстой, нэгэнт амлалт авсан л бол. Харин сонгуулийн хуулин дээр хориглосон зүйлүүд дээр бол анхаарах ёстой. Аль нэгэн гишүүн хүн, аль нэг нам урд өмнө яригдаагүй зүйлийг энэ нэг сарын 1-нээс хойш хууль зөрчиж амлаж хийж болохгүй гэдэг дээр байр суурь нэг байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж