
Цагдаагийн удирдлагуудад холбогдох долдугаар сарын 1-ний хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр шилжүүлжээ. Уг хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж дуусаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Уг хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан, өршөөлд хамруулсан бол уг хэргийг сэргээн шалгаснаас хойш тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн юм. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги юм байна.
Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийг өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Харин 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь насаа алдсан дөрвөн залуугийн ар гэрийнхэн Ерөнхий прокурор Д.Дорлигжавт удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд сэргээн шалгахаар болсон юм. Уг хэргийн шүүх хурал энэ сардаа багтаж Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдох бололтой.
С.Отгон