Зээл том бизнес рүү орж байгааг зогсооно

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Зээл том бизнес рүү орж байгааг зогсооно

Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийснийхээ дараагаар “Өндөрхаан-Уул” ХХК-ийн худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа эрхэлж буй иргэдтэй уулзлаа. Тэдний дунд ийм хөдөлмөр эрхэлж амьдралаа хүний зэрэгтэй авч яваа хөгжлийн бэрхшээлтэй, сонсголгүй гэр бүлийн хоёр залуу байлаа. Тэд 10 гаруй жил ийм бизнес эрхэлж буй бөгөөд “Өндөрхаан-Уул“ ХХК тэдний лангууны түрээсийг 30 хувь хөнгөлдөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ гар сунган тусалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа тус компанийн удирдлагад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархаж байгаагаа илэрхийлээд ийм хүмүүсийг дэмжиж урам өгч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй, амьдралын төлөө зүтгэж байгаа иргэддээ баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр жижиг дунд, бизнес эрхлэгчид гааль, татварын хөнгөлөлт эдлэхийг хүсдэг, гаальтай машинууд баяр ёслолын үеэр үнээ нэмдэг, бизнес эрхлэх зээл авъя гэхээр зээлийн хүү өндөр байдаг, барьцаа хөрөнгө шаарддаг зэрэг гомдлыг Ерөнхий сайдад хэлж байлаа. Тэд мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т жижиг бизнес эрхлэгч болон малчдыг хамруулж өгөхийг хүслээ. 

Иргэдийнхээ санал хүсэлтийг сонссоны дараагаар Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улсын Засгийн газар шинэ гарсан энэ 2012 онд  бага орлоготой гэр бүл болон бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарч ажиллана. Татварын бодлогоор дэмжих, зээлийн баталгааны тухай хууль гаргах ёстой гээд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг энэ асуудалд анхаарч, дэмжиж идэвхтэй ажиллахыг хүслээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өгч буй зээл жинхэнэ эздэдээ хүрч чадахгүй, хэдхэн том компанид очоод байгаа нь аудитын шалгалтаар илэрсэн. Энэ байдлыг таслан зогсооно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор мэдэгдлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн ажлын уялдааг сайжруулах ёстой гэдгийг ч Засгийн газрын тэргүүн энэ үеэр хатуу анхаарууллаа. Энэ талаар асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

100 мянган айлын орон сууц хөтөлбөр болон анх удаагаа орон сууц худалдан авах иргэдийг 6 хувийн зээлэнд хамруулна. Ингэхдээ зөвхөн төрийн албан хаагч гэсэн ангилал зааг гаргахгүй бүх хүнд хамаатай. Зээлийн хөрөнгийг “Хөгжлийн банк” болон бусад эх үүсвэрээс гаргана. Энэ жилээс бодлогоор хэрэгжүүлнэ. Хэнтий аймагт л гэхэд 128 айлын орон сууц баригдах төлөвлөгөөтэй, энэ нь бүх хүнд зориулагдсан орон сууц юм гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж