Эхчүүдэд урамшуулал олгох төслийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Эхчүүдэд урамшуулал олгох төслийг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжээгүй байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдод нийгмийн халамжийн чанартай амлалт өгөхийг хориглосон. Тиймээс бүлгийн хувьд  дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ. Энэ тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг  “Шинэ оны өмнөхөн УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталсан.  Энэ хуулийн зарим зүйл заалт 2012 оны эхний өдрөөс шууд үйлчилж эхэлж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид шударга өрсөлдөх үүднээс өөрсдөдөө давуу эрх үүсгэхгүй байхын тулд нийгмийн халамжийн чиглэлийн амлалтуудыг өгөхгүй байх учиртай. Хуулийн ийм зарчим үйлчилж эхэлсэн байхад УИХ болон Засгийн газраас нийгмийн халамжийн чиглэлээр сонгогчдын санаа сэтгэлийг татах зорилгоор шийдвэр гаргахгүй байх нь зүйтэй гэж бүлэг үзэж хуулийн төслийг дэмжээгүй” гэлээ.

Эхэд урамшуулал олгох тухай  хуулийн төсөлд тусгаснаар сар тутамд  гурван хүүхэдтэй эхэд  70200,  дөрвөн хүүхэдтэй эхэд 105300, таван хүүхэдтэй эхэд 140400, зургаан хүүхэдтэй эхэд 175500, долоон хүүхэдтэй эхэд 210600, найм ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд 280800 төгрөгийг олгоно гэж заасан байсан юм. Энэхүү төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг дэмжсэн байсан ч, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжсэнгүй. Цаашид үйл явдал хэрхэхийг цаг хугацаа харуулна.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм байна.  Энэ нь гурав дахь  удаагийн зохицуулалт бөгөөд  бүлгийн гишүүдийн хувьд  Ашигт малтмалын тухай шинэ хуулийг баталтал хуучин хуулийн үйлчлэлийг хэвээр үргэлжлүүлэх саналыг бүлгээс гаргаж, дэмжлэг хүлээжээ.  Ийм шийдвэр гаргахдаа тэд Ашигт малтмалын хуучин хууль 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул  шинэ хууль батлагдтал өмнөх хуулийг үргэлжлүүлэн мөрдөх нь зүйтэй гэж үзсэнтэй холбоотой аж.

Ингэснээр Ашигт малтмалын шинэ хууль батлагдтал хайгуулын лиценз олгохыг хориглосон хэвээр байх юм.

Харин гурав дахь асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай багц хуулийн төсөл байсан ч түүнийг энэ удаад бүлэг хэлэлцүүлгээсээ хойшлуулжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж