Ард түмнээсээ уучлалт гуйж чадлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Ард түмнээсээ уучлалт гуйж чадлаа

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан хийсэн УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч томоохон агуулгатай үг хэлсэн нь олны анхаарлыг татсаар байна. Ерөнхийлөгч үгэндээ 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн луйврыг эсэргүүцэн цугларсан иргэдийн жагсаал цуглаан хурцдах үеэр Монголын ардчиллын 19 жилийн түүхэнд гараагүй том эмгэнэл тохиож, онц байдлын орчинд таван хүний амь хохирсон үйл явдлын төлөө ард иргэдээсээ уучлалт гуйсан нь Төрийн тэргүүний эр зоригийг харуулсан үйл явдал болсон гэж хэлж болох юм.

Үйл явдал халуунаараа, шатсан байрны хиншүү арилаагүй, амь үрэгдэгсдээ хөдөөлүүлж амжаагүй, суманд оногдогсдын шарх аниагүй, олон залуус, эмэгтэйчүүд, бүр насанд хүрээгүй хүүхдүүд “улс төрийн хоригдол” гэсэн 20 жил дуулдаагүй хаяг зүүн торны цаана орчихоод байхад тухайн цагийн төр, засаг эмгэнэлт хэргийн төлөө уучлалт гуйж зүрхлээгүй. Хэний буруугаас гэдгийг одоо хэр нь тогтоож амжаагүй ч, ердөө л ардчилсан Монгол Улсын нийслэлийн төв цэгт буун дуу гарч, таван хүний амь цаг бусаар тасарч, олон хүн халуун зэвсгийн шарх авсны төлөө, олон хүн хоригдол болсны өмнөөс, хүний хамгийн нандин эрх зөрчгдсөний төлөө төр, засгийн удирдлага уучлалт гуйх ёстой байсан, тийм эр зориг харамсалтай нь төр, засгийн тэргүүнүүдэд дутсан. Тайван замаар социалист тогтолцоог халж, ардчилалд хөл тавин нийгэм солих процессыг хүний амь үрэгдэх бүү хэл ганц цонхны шил хагалалгүй хийж чадсанаараа Монгол Улс 19 жилийн турш бахархсан. Тэр бахархал 2008 оны долдугаар сарын 1-нд унтарч, гурван жил хагасын турш монгол хүн бүрийн сэтгэлд хар сүүдэр бууж явлаа. Төрөөсөө айж 70 жилийг өнгөрөөсөн монголчуудын айдас үргэсэн 19 жилийн эрх чөлөөг долдугаар сарын 1-ний буун дуу тасалж гурван жил хагасыг цээжний мухарт түгшүүр тээн өнгөрөөсөн юм. Тэгвэл энэ хар сүүдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үг цайруулж өгөв.

“100 жилийн өмнө Манжийн төрд хорссондоо монголчууд босч байсан. 100 жилийн дараа эрх баригчдадаа баярлаж суугаа манай иргэдийн тоо олонхи байж чадах уу. Өнгөрсөн зуунд монголын төр иргэдээ баярлуулсан нь цөөнгүй байх. Бас хохироосон, гомдоосон, хэлмэгдүүлсэн нь багагүй юм. Хорьдугаар зуунд гаргасан алдаа, хийсэн хэлмэгдүүлэлт, хохироосон иргэдийнхээ амь нас, эрх, эрх чөлөөнийх нь төлөө Монгол Улсын Их Хурал 1996 онд тогтоол гаргаж Монголын төр, ард түмнээсээ уучлал гуйж байсан. Тэр цагаас хойш удаагүй ч иргэнийхээ эрх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж чадаагүй харамсалтай тохиолдол Монголын төрд гарсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон онцгой байдлын орчинд 2008 оны долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хүний амьд явах эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж, хүний амь нас хохирсон. Энэ харамсалтай үйл явдал манай нийгэм, төрд гүн сургамж үлдээсэн. Иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангах болон эрх мэдлээ иргэдээрээ шийдүүлэх асуудлыг манай эрх баригчид онцгой анхаарах ёстойг долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал хойшид ч сануулсаар байх болно. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн ардын сургааль ч бий.

Тэр өдрүүдэд иргэнийхээ аюулгүй байдал, эрүүл мэнд, амьд явах үндсэн эрх, эрх чөлөөг нь хангаж чадаагүйнхээ төлөө ард иргэдээсээ болон  амь насаа алдсан, эрүүл мэнд, эрх чөлөөгөөрөө хохирсон нийт иргэдийнхээ гэр бүл, ойр дотныхноос Монгол улсын төрийн нэрийн өмнөөс уучлал гуйя. Иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөх, эрүүл мэнд, амь нас нь хохироход хүргэсэн учир шалтгааныг төрийн зохих байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хариуцлагатай шалган тогтоох ёстой. 2008 оны долдугаар сарын 1-ний өдрүүдэд гарсан эмгэнэлт явдал манай түүхэнд дахин давтагдах ёсгүй”.

Энэ хэдэн өгүүлбэрт гурван жил хагасын турш алдагдсан хүний эрх, эрх чөлөө, амь насны үнэ цэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч багтаан ард иргэдээсээ уучлалт гуйж чадлаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин долдугаар сарын 1-ний төлөө төр, засаг уучлалт гуйх ёстой гэж нээлттэй сонсгол хийгээд ч, тогтоолын төсөл боловсруулаад ч УИХ хүлээж аваагүй. Харин Ерөнхийлөгч энэ саадыг үл хайхран Төрийн тэргүүний хэлэх ёстой үгийг хэлж чадсанд дээрх хэдэн өгүүлбэрийн үнэ цэнэ оршино. Тэрбээр цаашид ч долдугаар сарын 1-нийг давтуулахгүй байхын төлөө, юуг санаж сэрэх ёстойг анхааруулж өгөв.

“Төрийн тухай ярианд та бүхний анхаарлыг эргэн хандуулъя. Монголд гарсан хувьсгалууд голдуу бусдад булаагдсан эрхийг иргэддээ шилжүүлэх зорилготой байсан нь харагддаг. Гэвч цаг алсрах тутам тэр эрхээр иргэд нь биш эрх баригчид нь хангагдаад, эргээд тухайн нөхцөл байдал дараагийн хувьсгал руу хөтөлсөн байдаг. Өнөөдөр манайд байдал ямар байна вэ?

Хориодхон жилийн өмнө ардчилсан хувьсгалын нэг гол зорилго бол төрийн эрх мэдлийг хязгаарлахад бүр хуваахад оршиж байсан. Эрх зүйт нийгмийг байгуулах зорилготой байсан. Уг нийгмийн мөн чанар нь төрийн эрхийг хуулиар хязгаарлахад, иргэний эрхийг хуульчлан хамгаалахад, нээхэд оршиж байсан. Эрх зүйт төр гэдэг бол эрх нь хуулиар хязгаарлагдсан төр юм. Иргэний эрх нь хуулиар хамгаалагдсан нийгэм юм. Төр гэдэг бол хийсвэр зүйл биш. Бодит махан биетэй, албан тушаалтай хүн юм. Ерөнхийлөгчөөсөө эхлээд энд суугаа хүмүүс бол өнөөгийн төрийн биет төлөөлөл нь.

Би энд энгийн жишээ хэлье. Манай улсын хууль тогтоомжоор монголын төр, албан тушаалтанууд нь эрх, эрх мэдлийн цуглуулга, иргэн хувийн хэвшил нь үүрэг хариуцлагын цуглуулга болж хувирчээ. Өдөр тутмын нэгэн сонинд гарсан нийтлэлээс иш татъя. Хуулиар Ерөнхийлөгчид 41 эрх 2 үүрэг, УИХ-ын удирдлага гишүүдэд 281 эрх 14 үүрэг, Ерөнхий сайдад 67 эрх, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт 1721 эрх 264 үүрэг ноогджээ.

Дунджаар төрийн нэг эрх мэдэлтэн долоон эрх эдэлж нэг үүрэг хүлээж байхад, иргэнийг нэг эрх дагаж долоон үүрэг дарж байна. Төрийн эрх долдугаар сарын 1 шиг, иргэний эрх нэгдүгээр сарын 7 шиг харагдаж байна. Зарим газар эрх үүргийн харьцаа 10 сарын 1 шиг бас нэг сарын 10 шиг байгаа нь тохиолдол биш.

Нийгмийн удирдлагын шинжлэх ухаанд зонхилж байгаа хандлагыг харахад албан тушаалтанд эрх биш үүрэг хүлээлгэдэг. Харин тэр үүргийг хэрэгжүүлэхэд нь зориулж цалин авах, унаагаар хангах, албан өрөөтэй байх гэх мэт эрхийг эдлүүлдэг. Эрхийн биелэлт хүнд суртлыг гааруулдаг, үүргийн биелэлт хариуцлагыг нэхдэг. Монголын төрийн нэр хүнд муу байгаагийн,  ажил нь явахгүй байгаагийн нууц энд байгаа юм биш үү” хэмээсэн нь чухам энэ алдаанаас болж иргэдийн бухимдал дэгдэн эргээд долдугаар сарын 1 гаруузай гэсэн Төрийн тэргүүний сануулга байлаа.

Энэ 2012 онд болох УИХ, орон нутгийн сонгуулиудаа зөв, шударга хийж, төр, засгаа луйваргүй байгуулах нь долдугаар сарын 1-нийг давтахгүй байх үндэс гэдгийг ч сануулж өглөө. Долдугаар сарын 1 бол ахархан хугацаанд хүн, малын зоо тэнийдэг Монголын хамгийн сайхан дэлгэр цаг, наадмын уухай дөхөж морьдоо тарлаж, бөхчүүдийн бяр тэгширч, харваачдын цэц торгон ирэндээ ирдэг, уртын дуу шуранхайлж, айраг сэнгэнэсэн жаргал цэнгэлийн оргил үе. Гэвч тэр дэлгэр цагийг хүний амь үрэгдсэн гашуун мэдээ, энх цагт халуун зэвсэгт шархдагсдын энэлэн, торны цаадах гашуун тавилан,  хиншүү хярвасаар бүү гутаагаасай гэсэндээ Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйв. Сонгууль дөхсөн энэ цагт улстөрчид үүнийг санах сэрэх цаг болжээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж