Шинэ оныг хогтойгоо угтсан шүү

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Шинэ оныг хогтойгоо угтсан шүү

Сахил хүртээд шал дордов гэдэг үг байдаг даа. Манай нийслэлийн ТҮК яг тийм байна. Өнгөрсөн жилээс хогны мөнгөө тогны мөнгөтэй хамт хураахгүй бол болохгүй байна, ингэж байж л нийслэл хогноосоо сална гээд байсан. Тэгж байгаад тогны мөнгөтэй хамт хогны мөнгө хураадаг болоо биз дээ. Гэтэл сар болгон хогоо ачих нь битгий хэл улиралд ч нэг удаа ачихгүй байгаа. Миний мэдэхийн манай тэр хавийн хогийг сүүлийн  дөрвөн сарын турш ачсангүй. Аргаа бараад шинэ жилээр хуу хамах юм байх гэж бодсон, тэгсэнгүй.  Хашаагаар дүүрэн хог, үнс. Гудамжинд гарна бас л бөөн хог, үнс. Зарим айлууд нь халтиргаа арилгах нэрээр үнсээ гудамжинд гаргаж асгаад, хашааныхаа хогийг багахан дундруулсан байх. Бусад нь бол том машины дуу сонсч, хэдэн сар суусан нь үнэн. Уг нь нэгэнт мөнгөө хураасан юм чинь сар сардаа байя гэхэд хоёр сард нэг удаа ачихад болохгүй юм юу байна аа. Гэтэл тийм юм алга. Тэр мөнгө хураагаад байгаа нөхдүүд нь идэж, уухдаа үрчихээд байдаг юм уу, хаашаа юм. Санаагаар болдог бол хорооны Засаг дарга дээр хогны мөнгө төвлөрдөг байвал сайнсан. Хэрвээ тийм байвал сар сардаа хогоо аччихаад байна. Хорооныхоо иргэдтэй ч зохицоод ажиллаад байж болно шүү дээ. Ажил ихтэй, өдрийн цагаар эзэнгүй байдаг айлуудаас хогны мөнгөн дээр нь нэмээд ганц хоёр мянган төгрөг аваад, хогийг нь аччихаж болж байна. Энэ мэт зохицох асуудал байхад гэмгүй шүү дээ. Тиймээс хорооны Засаг даргад  ядаж хогны мөнгөө хорооны байрандаа хурааж аваад, хогоо ачаад байх эрх мэдэл өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй дээгүүрээ хогны мөнгө хураагаад авчихдаг. Тэгсэн хэр нь хогоо ачдаггүй. Тэр дунд хорооны Засаг дарга муугаараа дуудуулж байна. Тэгээд ч хорооныхоо айлуудын хогны мөнгийг хуваарилуулж авах гэж Засаг дарга нийслэл байна уу, яам  ороод байх нь илүүц биз дээ. Уг нь манай дарга нар багахан сэтгэлтэй бол нэг хоёр хорооны дунд нэг хогийн машин авч өгөөд, хогны мөнгөө хороо хорин дээр нь хураагаад, сар сардаа хогоо ачаад байх нөхцлийг нь бүрдүүлээд өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл гудамжинд хогоо гаргаж асгаад байх айл цөөн байх байлгүй. Ямар ч байсан шинэ оныг хогтойгоо угтсан шүү. Гэхдээ хэнд хандаж энэ үгийг хэлэхээ мэдэхгүй байна даа.   

Н.Пунцаг

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж