“Нийгмийн хамгааллын сүлжээ” төсөл нь 2009-2010 оны зудын гамшиг болон дэлхийн санхүүгийн хямралын нөлөөлөлд өртсөн хөдөө орон нутгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор манай улсын 10 аймагт нэг жилийн хугацаатай хэрэгжсэн байна. Төсөлд Улаангом сумын 4, 7, 9, 10 дугаар багийн 160 иргэн хамрагдаж, амьдрах ухааны сургалтуудад зургаан сарын турш суралцжээ. Сургалтанд хамрагдсан иргэдийн 30 хүүхдийг тухайн хугацаанд цэцэрлэгт хамруулж, сургуулийн өмнөх боловсрол олгосон бөгөөд одоогоор 21 хүүхэд цэцэрлэгтээ үргэлжлүүлэн хүмүүжиж байна.
Үүний зэрэгцээ хөдөлмөр эрхлэхэд нэн шаардлагатай 14 мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг орон нутгийн болон үндэсний хэмжээнд сургалт зохион байгуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 484 иргэний сургалтын төлбөрийг төслөөс санхүүжүүлэх замаар сургаж дадлагажуулсан аж. Сургалтанд хамрагдсан иргэдээс 22 иргэн байнгын, 12 иргэн түр ажлын байраар хангагдсан байна. Мөн ажил олгогчдыг урамшуулах замаар 24 аж ахуйн нэгжид 40 байнгын ажлын байр бий болгож ажилд авсан иргэнээ нийгмийн даатгалд бүрэн хамруулж байна. Эдгээр ажлын байрыг бий болгоход зориулсан хөрөнгө оруулалтанд нийтдээ 24000.0 ам долларын санхүүжилтыг төслийн зүгээс олгожээ. Зөвлөлгөөнд оролцогчид эл төслийн амжилттай болсон хэмээн ам сайтьай байлаа.