АН-ын нарийн бичгийн дарга Ц.Жадамба:
-Шинэ жилээр хоёр намын залуус хамтарч ардчиллын төлөөх залуучуудын шинэ жилийн баяр “Mind Awards-2011” гэсэн арга хэмжээ зохион байгуулсан. Аль аль нам нь ардчиллын төлөө учраас тэр утгаараа залуус шинэ жилийн баяраа хамтарч хийсэн. Харин АН, ИЗН нэгдэх эсэх нь цаг хугацааны асуудал юм. Одоо бол хоёр нам нэгдэхийг хэн ч шийдвэрлээгүй, хаанаас ч тийм шийдвэр гараагүй байна. Тийм болохоор үүнд хариулт өгөхөд эрт байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн хувьд ИЗН, Ногоон нам хамтарч Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжиж ажилласан. Түүний үр нөлөө ч их байсан. УИХ-ын 2012 оны сонгуульд яаж оролцох нь намуудын удирдах дээд байгууллагын шийдвэрээс шалтгаална. АН, ИЗН-ын удирдах дээд байгууллагын шийдвэр гараагүй учраас ямар нэг хариулт өгөхөд эрт байгаа юм. АН, ИЗН хамтрах асуудлыг албан ёсоор шийдээгүй гэдгийг хэлье.
ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбат:
-АН, ИЗН-ын залуучууд анх удаа хамтарч цэнгүүн хийсэн зүйл биш, 2005 оноос хойш харилцаа сайтай, хамтрах үедээ хамтарч, өрсөлдөх үедээ өрсөлдөж явсаар өнөөг хүрсэн. Залуучууд хоёр намын удирдлагад мессеж өгөх маягаар нэгдэнэ гэсэн үг хэлсэн байх. Тэрнээс биш намууд нэгдэж хамтрахыг АН, ИЗН-ын эрх барих байгууллага шийднэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр АН, ИЗН-ын байгуулсан гэрээ байдаг. Түүнд УИХ-ын 2012 оны сонгуульд хоёр нам хамтарч оролцоно гэсэн утга бий. АН-ын залуучуудын байгууллага 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувийг залуусаар бүрдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа юм билээ. ИЗН-ын залуучууд бас ийм баримт бичгийг намтайгаа байгуулах гэж байна. Ингээд хоёр намын залуучууд орон нутгийн сонгуульд хамтарч оролцъё гэсэн байдлаар санал солилцож байгаа юм билээ. Цэнгүүнд дарга нараа урьж байр сууриа илэрхийлсэн.
Аль аль нам барууны, либерал байр суурьтай, үнэт зүйлс ижил тул хамтрах нь зүйтэй шүү гэсэн мессежийг л удирдлагадаа өгсөн хэрэг л дээ. Намууд хамтрах тухай асуудал өнөөдөр яригдаагүй байна.