Энэ удаа бид тоглоомын ертөнцөд 2011 болсон онцлох үйл явдлуудаас нэрлэж байна.
АНУ-ын Засгийн газар болон америкийн урлагийн Үндэсний сан компьютерийн болон видео тоглоомыг урлагийн төрөл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр тоглоом боловсруулагчид кино, хөгжим, уран зураг, утга зохиол туурвигчдын нэгэн адил улсын тэтгэлэгт хамрагдах эрхтэй болж байгаа юм.
10-аас 200 мянга хүртэлх америк долларын хэмжээтэй байдаг энэхүү санхүүгийн дэмжлэг бие даасан мэргэжилтнүүд болон компаниудад туршилтын (концепт) төсөл боловсруулах, сонирхолтой, шинэлэг санаануудыг амьдралд хэрэгжүүлэх боломж олгох юм.
Dead Island-ын трейлер Каннд “Алтан арсланг” хүртлээ
Каннд жил бүр болдог олон улсын маркетинг, рекламын Их наадамд Dead Island тоглоомын трейлер “Интернет-кино” төрөлд “Алтан арслан” хүртсэн билээ. Шүүгчид энэ бүтээлийн найруулга, уран сайхны тавилт, сэтгэл донсолгосон “хүнд” шийдлийг онцлон сайшааснаар видео тоглоом ч гэсэн уран сайхны үнэ цэнэтэй гэдгийг нотолсон юм.
Tribeca 2011 кино наадмын сонголт L.A. Noire
L.A. Noire адал явдалт тоглоомыг шүүгчид Tribeca 2011 кино наадмын хүрээнд албан ёсоор толилуулах бүтээлээр сонгожээ. Иймэрхүү арга хэмжээнд ямар нэгэн тоглоом кино шүүмжлэгчдийн хүлээн зөвшөөрсөн үнэлгээг хүртсэн нь анхны тохиолдол болжээ.
Tribeca Enterprises компаний уран сайхны захирал Джефф Гилмор бээр Rockstar болон Team Bondi-гийн ажлын талаар хүндэтгэлийн үг хэлж, L.A. Noire бол тоглоом, киноны зааг дээрх бүтээл болсныг онцолжээ. Энэ төсөл зохиомж болон үзэгдлүүдийнхээ тавилтыг нэлээн гүн гүнзгий, нямбай боловсруулсан, баатруудын нүүрний хувирал, сэтгэлийн хөдөлгөөнийг тун бодитой үзүүлснээрээ өмөрмөц болсон билээ.
Жил бүрийн уламжлалт Art of Encouragement арга хэмжээний үеэр Япон улсын Боловсрол, Шинжлэх ухааны Яам Nintendo компаний дизайнер, ерөнхий менежер Сигеру Миямототод шагналаа олгожээ. Энэ мэргэжилтний тоглоомын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, улс орны өмнө байгуулсан гавьяа зүтгэлийг нь ийнхүү үнэлсэн байна.
Donkey Kong, The Legend of Zelda, Star Fox и Super Mario Bros зэрэг супер төслүүдийн зохиогч Миямото өөрийнх нь ажлыг ийнхүү өндөр түвшинд үнэлсэнд сэтгэл нь хөдөлж, нэн баяртай байгаагаа мэдэгдэж байсан юм.
Америкийн Зохиолчдийн Нэгдэл (Writers Guild of America) Assassin’s Creed: Brotherhood төслийг “Тоглоомын зохиолын салбарт гаргасан гоц амжилтынх” нь төлөө шагналаа хүртээсэн юм.
Шагналыг Джеффри Йохалем, Кори Мэй, Патрик Десиле нар хүртсэн байна. Энэ багтай New Vegas, God of War III, Prince of Persia: The Forgotten Sands, Singularity, Star Wars: The Force Unleashed II зэрэг мангасууд өрсөлдөж байсан билээ.
Call of Duty: Black Ops 3D салбарын манлайлагч
Олон улсын The International 3D Society нийгэмлэг Call of Duty: Black Ops тулаант тоглоомд Creative Arts Lumiere номинацийн тэргүүн байрын шагналыг олгожээ. Activision болон Treyarch компанийн уран бүтээлчид гурван хэмжээст тоглоомын салбарт гаргасан гайхамшигт амжилтынхаа төлөө энэ шагналыг хүртсэн байна.
The International 3D Society бол стерескоп 3D технологийг урлагийн төрөл зүйлүүдэд нэвтрүүлэхийг дэмжих зорилготой арилжааны бус байгууллага юм. Арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнд The Hollywood Reporter, Spike TV, Associated Press, IGN зэрэг хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд орсон байна.