Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр нийтийн байранд гал гарсан билээ. Үүний улмаас цахилгаан, дулааны хангамж тасалдаж тус орон сууцанд амьдарч байсан 22 өрхийн 86 иргэн хэвийн амьдрах нөхцөл боломжгүй болсон байна. Шинэ жилийн баяр тохиож байгаа энэ өдрүүдэд тухайн орон нутагт ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүд, аймгийн удирдлага Улсын онцгой комисст хүсэлт гаргасны дагуу шуурхай арга хэмжээ авч арванхоёрдугаар сарын 31-нд Улсын нөөцөөс 22 гэр гарган тус аймагт хүргэсэн. Дээрх 22 айл өрхөд гэр хүлээлгэн өгөх арга хэмжээг Дорнод аймгийн ЗДТГ, Онцгой комиссын дарга Ц.Жанлав, Онцгой байдлын хэлтэс зохион байгуулж өчигдөр гардуулсан байна.
Ш.Чимэг