Ноцтой осол гарч, хүний амь эрсэдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Ноцтой осол гарч, хүний амь эрсэдлээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөө өглөө 08.50 цагийн орчим хоёр автомашин мөргөлдөж нэг хүний амь үрэгдсэн зам тээврийн ноцтой осол гарлаа.  Ослын талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Батбаяраас тодруулахад “Баянзүрхийн гүүрнээс баруун тийш 200 гаруй метр газарт 5696 УНМ улсын дугаартай Тоёота Прүс,  7222 УНМ дугаартай Рэнж Ровер маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн. Тоёота Прүс маркийн автомашины жолооч нь газар дээрээ нас барсан.

Харин Рэнж Ровер маркийн 7222 УНМ дугаартай автомашинд гурван хүн зорчиж явжээ. Урд талын суудалд сууж явсан хоёр хүн хүнд гэмтэж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Рэнж Ровер маркийн автомашинд зорчиж явсан хүний ярьж байгаагаар бол Прүс маркийн автомашин  гулгаж зам хөндөлсөж орж ирээд мөргүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Уг хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэс шалгаж байна” гэх хариулт өглөө.

Энэ замд өнгөрсөн арванхоёрдугаар сард нийтийн тээврийн том овры  автобус, суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн газар дээрээ нас барсан хэрэг гарсан юм.

Уг замд тээврийн хэрэгслийн тоо бага, түгжрэл саатал байхгүй учир жолооч нар хурд хэтрүүлдэг. Мөн замын гадаргуу хөлдсөн байгаа учир орчноо зөв үнэлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж