Катарын спортын хөрөнгө оруулалт компани өнгөрсөн зун Францын лигийн “Парис Сен Жермейн” клубыг худалдаж авснаар багийн нүүр царайг өөрчилж эхэлсэн. Баян эзэдтэй болсон нийслэлийн баг бүрэлдэхүүнээ ч эрс шинэчлэх болсон билээ. Роналдиногийн үеэс хойш дэлхийн хэмжээний одыг гараандаа гаргаагүй тус баг энэ зуны солилцоонд 70 гаруй сая фунт зарцуулж, Мохаммэд Сиссоко, Кэвин Гамэйро зэрэг сайн тоглогчдыг авснаас гадна клубын рекорд үнэ болох 37 сая фунтээр Аргентин хагас хамгаалагч Хавьер Пасторег эгнээндээ нэгтгэсэн. Ийнхүү бүрэлдэхүүний хүчээ сайжруулсан Францын клуб энэ улиралд боломжийн тоглолт үзүүлж, одоогийн байдлаар Лиг 1-ийн хүснэгтийг гурван онооны давуутай тэргүүлж байгаа. Гэхдээ тэд Европа лигээс хасагдсан учраас клубын эзэд дасгалжуулагчаа солих шийдвэрийг гаргасан байна. Дасгалжуулагч Антуан Комбуартай байгуулсан гэрээгээ цуцалж, оронд нь Карло Анчелоттитой хоёр жилийн гэрээ байгуулахаар болжээ. 52 настай Итали дасгалжуулагч өнгөрсөн оны тавдугаар сард “Челси”-гийн дсгалжуулагчийн ажлыг өгснөөс хойш “гэртээ сууж” байсан юм. Одоо гэрээний жижиг заалтуудыг тохиролцоод баасан гаригт албан ёсны гэрээ байгуулахаар болжээ. Анчелоттигийн хувьд “Челси”-г удирдсан эхний жилдээ л лиг болон цомын тэмцээнд түрүүлж байсан. Мөн “Милан”-тай хамт Аваргуудын лигт хоёр удаа цом өргөж байлаа. “ПСЖ”-ийн спортын захирал Леонардо тухайн үед Анчелоттигийн удирдлага дор тоглож байсан түүхтэй. Энэ хоёр эрхэм одоо Францын багийг Европын тавцанд нэрээ гаргахад нь дахин хамтарч зүтгэхээр болж байна. Анчелоттигийн хувьд ажил нь өвлийн солилцоо наймааны цонхоор тоглогч авахаас эхэлнэ. Юун түрүүнд “ЛА Галакси”-тай гэрээ нь дууссан Дэвид Бэкхэмийг авахаар хөөцөлдөж байгаа бол “Челси”-гийн хагас Флоран Малудаг авахаар мөн яриа хэлэлцээ эхлүүлжээ.
Score Studio