УМБГ-ын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрдэнэзуу музейн ажилтнуудыг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу музей болон хийд нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус музейд түүх соёлын хосгүй үнэтэйд тооцогдох Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан бурхан тахил байдаг гэдгийг хийдийн удирдлага хэлсэн бөгөөд хийд зөвхөн хурал номын үйл ажиллагаа явуулдаг түүхийн ховор үнэт бүтээлүүд байдаггүй хэмээн мэдээлжээ.
УМБГ-т Эрдэнэзуу музейн удирдлага болон няравыг нь шалгаж байгаа гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр уг хэрэг нэлээд удааширч байгаа гэнэ. Түүнчлэн хэргийн гол сэжигтнээр тус музейн няравыг татан шалгаж байгаа ажээ. Хэвлэлээр хоёроос гурван бурхан солигдож хэмээн мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад түүх соёлын ховор дурсгалт, бүтээлд тооцогдох 20 гаруй бурхныг дуурайлган БНХАУ-д хуурамчаар хийлгэж, жинхэнээр нь сольж авсан нь тогтоогдож байгаа гэнэ.