“Тэнгэрийн дардас” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн дардас” үзэсгэлэн нээлтээ хийнэ

“Занаду” артын үзэсгэлэнгийн танхимд нэгдүгээр сарын 4-нд Үйлдвэрлэл-Урлалын сургуулийн График дизайны багш, Зураач Л.Амарсанаа “Тэнгэрийн дардас” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь 2012 оны анхны үзэсгэлэнгүүдийн нэг гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэн “Тэнгэрийн дардас” нэртэй ба энэ нь Монголчууд бид тэнгэрээс заяатай бөгөөд газарт буухдаа хөх толботой тамгалагдан буусан юм гэсэн утга санаатайгаас гадна Л.Амарсанаагийн модон барын бүтээлийн нэр нь ажээ. Бар зураг нь дардасаар хэвлэгдэн гардаг бөгөөд монгол уран бүтээлчийн тэнгэрээс буусан дардас гэсэн санааг мөн илэрхийлж байгаа гэнэ. Үзэсгэлэнд орсон бүтээл бүр өөр өөрийн ертөнц, өнгө зохицол, үзэл бодол, уран санаа, арга барилаар олон төрлөөр туурвигджээ.

 Энэхүү “Тэнгэрийн дардас” үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, уран бичлэг буюу каллиграфийн урлаг, ваар урлаг, инстоляци, видео арт зэрэг урлагийн төрлүүдийн нийт 40 гаруй бүтээл нийтийн хүртээл болох юм байна. Эдгээр бүтээлүүд нь зураачийн мэргэжлийн онцлог болон өөр өөр арга ажиллагаа, уран сэтгэмж, сэтгэлгээ, дотоод ертөнцийн илэрхийллийг өвөрмөц шийдэлтэйгээр тусгажээ.

“Тэнгэрийн дардас” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нь уран зураг, зураасан зураг болон уран бичлэгийн урлагийн бүтээлийн үндэсний онцлогтой уламжлалт хэв шинжийг орчин үеийн урлагийн шинэлэг тал, чиг хандлагатай уялдуулан хослуулах, шинэ санаа шинэ шийдлийг бүтээлдээ тусган харуулахыг зорьсон бөгөөд  инстоляци зэрэг орон зайн төрлөөр мөн бүтээл хийсэн байна.

Уран бүтээлчийн бүтээлүүдийн гол агуулга нь түүх болон үндэсний уламжлал, бичиг соёл, тамга тэмдэгийн дүрслэлүүдээр илэрхийлэгдсэн байх бөгөөд хүний дотоод сэтгэлийг нээн илрүүлэх эрмэлзэлтэй, өвөрмөц сонин шийдэлтэй байна. Зураач  Л.Амарсанаагийн “Тэнгэрийн дардас”, “Ирэх цаг”, “Муна уул”, “Долоон бурхан”, “Есөн эрдэнэ”,”Хуучин бичээс” зэрэг бүтээлүүд нь зохиомжийн өвөрмөц илэрхийлэлтэй, сэтгэлгээний уран хэллэгтэй, өнгө зохиролын оносон шийдэлтэйн дээр  үзэгч олны оюуны мэлмийг мялаах нь дамжиггүй ээ. Үзэсгэлэн нэгдүгээр сарын 25-ныг дуустал гарна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж