Хуульд тусгаснаар их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутан 10 сарын турш тус бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг авна. Хэдийгээр хуулиндаа оюутан бүрт олгохоор тусгасан ч сурлагын дүн, бусад байдлыг харгалзан үзэж ялгамжтай олгох талаар яригдаж байсан. Энэ мэт асуудлыг зохицуулсан журмыг БСШУЯ-наас боловсруулсан гаргахаар болсон юм. Оюутанд сар бүр тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг хэрэгжүүлэх хугацаа эхэлсэн. Гэвч хэзээнээс, ямар журмаар, хэдэн оюутанд олгох нь тодорхойгүй байгаа. Энэ талаар БСШУЯ-ны Боловсролын газрын дарга Б.Баасанжаваас тодруулах гэсэн боловч Боловсролын тухай хуулийн хэлэлцүүлэгт оролцож байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байв. Харин тус яамны хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Зоригоогоос тодрууллаа.
-Оюутанд сар бүр 70 мянган төгрөг олгохоор болсон. Хуулийг хэрэгжүүлэх хугацаа өчигдөр эхэллээ. Хэдийнээс энэ мөнгө оюутнуудын гар дээр очих вэ?
-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хууль хэрэгжиж эхэлнэ гэдэг нь шууд мөнгийг олгоод эхэлнэ гэсэн үг биш. Яамны зүгээс тэтгэлэг олгох журмыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар оруулахаар оны өмнө өгсөн байгаа. Ойрын хугацаанд журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах байх. Журам батлагдахаар хэдийнээс оюутнуудад олгож эхлэх нь тодорхой болно. Одоо хугацаа хэлэх боломжгүй байна.
-Яамнаас гаргасан журамд ямар зохицуулалт орсон бэ?
-Бидний зүгээс хийх ёстой ажлаа хийсэн. Засгийн газрын хуралдаанаар батлаагүй байхад журмын талаар ярих нь олон нийтэд буруу ойлголт өгөх талтай. Тэгэхээр журам батлагдсаны дараа холбогдох мэргэжилтнүүдээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм. Нэгэнт хууль нь батлагдаад улсын төсөвт хөрөнгө нь тусгагдсан болохоор энэ мөнгийг олгох нь тодорхой шүү дээ. Сургалтын төрийн сангаар дамжуулан их, дээд сургуулиудад олгох болов уу.