Урд Тамирын голын толин цэнхэр мөсөн дээр мөсөн шагайн төрлөөр Архангай аймгийн аварга шалгаруулах, Монголын үндэсний мөсөн шагайн холбооны 15 жилийн ойн нээлтийн тэмцээнийг ЗДТГ, МҮМШХ хамтран өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгууллаа. 400 гаруй харваачдаас шигшигдэж ирсэн тус аймгийн Эрдэнэмандал, Батцэнгэл, Өгийнуур, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэбулган сумын 142 тамирчнаас цуваа харваанд Эрдэнэбулган сумын харъяат Монгол Улсын мэргэн ахмад харваач А.Батсүх хурц хараа онч мэргэнээрээ манлайлав. Цэнхэр сумын мөсөн шагайч Б.Нямбат, Батцэнгэл сумын залуу харваач Н.Уламбаяр нар удааллаа. Багийн үзүүлэлтээр 54 баг цэц мэргэнээ сорьсноос Цэцэрлэг хотын оршин суугч Ш.Даваадэмбэрэл, И.Баярсайхан нарын баг тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртэв. Мөсөн шагай бол өвлийн цагт хангай нутгийн эрчүүлийн тоглодог үндэсний өвөрмөц наадгай юм. Анхдугаар Зая бандидагаас ихтэй эл наадгайг 1970-1980 оны үед хориглосон байв. Монгол оронд ардчилсан хувьсгал гарсны дараа дээрх хорио цээр нь тавигджээ.
А.Зул