
Өнгөрсөн оны сүүлээр багш нар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавин жагсч, улмаар ажил хаялт зарласан. Харин Засгийн газрын зүгээс Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээрийн ширээний ард сууснаар ажил хаялтыг зогсоож, улмаар цалинг нэмэгдүүлэх амлалт өгсөн. Түүний зэрэгцээ Боловсролын тухай хуулийн хүрээнд багш нарыг чадавхижуулахаар төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаагаа дуулгаж байсан. Харин энэхүү төсөлд тусгаснаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, номын санч, сургуулийн эмч нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгож байхаар заасны зэрэгцээ багш нарыг сургах талд арга хэмжээ авахаар нэлээд заалтууд оруулж өгсөн. Эл асуудлыг хоёр бүлэг нэлээд цаг зав зарцуулан хэлэлцсээр байна.