Элтон Жон өөрийнхөө тухай кино хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. “Лос-Анжелес таймс” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр энэ киногоо тун шуурхай бэлэн болгоно хэмээн мэдэгджээ.
Нэлээд дуулиан тарьсан “Билли Элиот” мюзиклийн зохиолыг бичсэн Ли Хол уг киноны зохиолыг мөн бичсэн байна. “Таны дүрд ямар жүжигчин тоглох вэ?” хэмээсэн асуултад Элтон Жон “Мэдэхгүй. Гэхдээ надад миний дүрд тоглоосой гэж сонгосон жүжигчдийн жагсаалт бий. Хамгийн нэгдүгээрт Жастин Тимберлэйк байгаа. Өмнө нь тэр миний дүрд амжилттай тоглосон шүү дээ” гэж хариулав.
Энэхүү кино бага зэрэг мюзилийн хэлбэртэй бөгөөд 2-3 шинэ дуутай байх юм. “Энэ кино зүгээр л миний амьдралд тохиолдсон зарим нэг үйл явдлыг түүж харуулсан жив жирийн кино битгий байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл би тийм жирийн амьдралаар амьдраагүй” хэмээн 64 настай Элтон Жон өгүүлэв. Ижил хүйстэн тэрбээр өөрийн хамтран амьдрагч Дэвид Фурништэй албан ёсоор гэрлэсэн бөгөөд тэд нэг хүүтэй билээ.