2011 онд ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн салбар салбарын оны шилдгүүдэд аймгийн удирдлагууд шагнал гардууллаа. 2011 оны “Төрийн шилдэг байгууллага”-аар аймгийн Татварын хэлтэс, “Бизнесийн шилдэг байгууллага”-аар худалдаа үйлчилгээний “Мөнх шувуут” ХХК, “төрийн байгууллагын 2011 оны шилдэг ажилтан”-аар ОБГ-ын эрэн хайх аврах салбарын дарга, шадар ахмад Н.Нацагдорж, “хуулийн байгууллагын оны шилдэг ажилтан”-аар Цагдаагийн газрын хэв журмын байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Адъяабилэгт, “эрүүл мэндийн салбарын оны шилдэг ажилтан”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний эрхлэгч, зөвлөх эмч Г.Ганболд, “ХАА-н салбарын оны шилдэг ажилтан”-аар аймгийн ХХААЖДҮГ-ын мал үржлийн албаны дарга Д.Батсүрэн, “соёл урлагийн салбарын оны шилдэг ажилтан”-аар “Хан Хэнтий” чуулгын бүжгийн багш Д.Цогт-Эрдэнэ, “оны шилдэг бизнесмен”-ээр “Ханбүргэд Хэнтий” ХХК-ий захирал Ц.Цэнд-Очир, “Биеийн тамир спортын салбарын оны шилдэг ажилтан”-аар Бор-Өндөр хотын “Есүхэй мэргэн” буудлагын клубын дасгалжуулагч Ц.Цэрэннадмид, “Боловсролын салбарын оны шилдэг ажилтан”-аар “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн багш Л.Эрийнтовч нар шалгарлаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 217 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Хэрлэн сумын өндөр настан Ц.Сайнууз, Цэргийн гавъяаны одонгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Б.Батболд, Алтан гадас одонгоор аймгийн Биеийн тамир спортын газрын парга Л.Насанжаргал, МХГ-ын байцаагч Ж.Уртнасан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Тэмүүжин цогцолбор сургуулийн багш Ц.Гангамөрөн, Хэнтий-Ус ХХК-ийн жолооч Ё.Нямжав, Мэдээлэл холбоо сүлжээний ажилчин Ш.Дэрийлаа нар шагнагдсаныг шинэ жилийн төв сүлд модны наадам дээр гардуулж баяр хүргэлээ.
Хэнтий аймгийн Хүндэт тэмдгээр Холбооны газрын ахлах инженер Ж.Дэлгэрмаа, сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Цэрэндулам нарын 11 хүнийг, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр МХГ-ын барилга техникийн хяналтын улсын байцаагч Н.Ганболд нарын 14 хүнийг шагнасан бол сүлд модны наадмын өвлийн өвгөн Мөнххутаг компанийн ажилчин Б.Нандинбаяр нарын 20 хүнд бэлэг өгөв.