Олимпийн жилд Монголд болох хамгийн эхний томоохон тэмцээний тухай мэдээллийг хүргэе. Энэ нь нэгдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Mongolian open 2012” чөлөөт бөхийн олон улсын нээлттэй тэмцээн байх бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “Буянт-Ухаа” спортын шинэ ордонд болно.
Анхны буюу өнгөрсөн 2011 онд зохион байгуулж байсан тус тэмцээнд 11 орны 300 гаруй тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээн Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны /FILA/ албан ёсны хуанлид багтсанаар одоогийн байдлаар ОХУ, АНУ, Япон, БНХАУ, Болгар, Румин, БНСУ, Чех, Иран, БНАСАУ, Куба, Канад, Франц, Казахстан, Узбекстан зэрэг 20 орчим улсын баг, тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
FILA-гийн нэгдсэн төлөвлөгөөнд Монголын дэвжээнд болж буй тэмцээнийг багтаана гэдэг чөлөөтийнхний хувьд том амжилт. Тэр утгаараа FILA-гийн нэгдсэн журмын дагуу олон улсын А зэрэглэлийн тэмцээнд олгодог өндөр шагналыг медальт байрт шалгарсан тамирчдад олгох ёстой. Тэр ёсоор жин тус бүрийн тэргүүн байрын тамирчдад 3000 ам.доллар, дэд байрт 2000 ам.доллар, хүрэл медалийн эзэнд 1000 ам.долларын шагналыг дагалдуулан өгөх юм байна. Дээр нь нэмээд “Шилдэг эрэгтэй болон эмэгтэй” тамирчдыг шалгаруулж, дурсгалын зүйлсээр шагнахаар болжээ.
“Mongolian open 2012” тэмцээн өндөрлөсний дараа дэлхийн шилдэг бөхчүүдийг нэгэн танхимд 7 хоног хамтарсан бэлтгэл хийх боломжийг ивээн тэтгэгч, зохион байгуулагчдын зүгээс олгож байна. Хамтарсан бэлтгэлд Монголын үндэсний шигшээ багийн бөхчүүдээс гадна уригдан ирсэн улсуудын шилдэг тамирчид хамрагдахаараа онцлогтой. Мөн хамгийн том бэлэг нь 1980-аад онд дэлхийн дэвжээг эзэгнэж явсан Sergei Beloglazov /Russia/, Alejandro Puerto /Cuba/, Askari Mohammadian /Iran/, Hideaki Tomiyama /Japan/, Kevin Darkus /USA/, Kim Young Sik /North Korea/, Georgi Kaltchev /Bulgaria/ нарын бөхчүүд хамтарсан бэлтгэлийг удирдан явуулахаар болжээ. Тиймээс энэхүү хамтарсан бэлтгэл нь дэлхийн шилдгүүд нэгэн дээвэрт чуулсан хамгийн үр дүнтэй бэлтгэл болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Сонирхуулахад, дээрхи хамтарсан бэлтгэлтийг удирдах шилдэг 7 бөх нь “Mongolian open 2012” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Женко” группын ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Х.Баттуултай дэлхийн дэвжээнээ барилдаж явсан нэгэн үеийн андууд билээ. Хамтарсан бэлтгэлийн хураамж 50 ам.доллар байна. Үүнд байр, хоол, унааны зардал орсон болно.
“Mongolian open 2012” тэмцээн өндөрлөсний дараа буюу 2012 оны нэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит олон улсын Алтан Гран-при тэмцээн болох хуваарьтай. Энэхүү тэмцээнд оролцох хүсэлтэй бөхчүүдэд зориулан “Mongolian open 2012”-ыг зохион байгуулагчдын зүгээс тусгай хөтөлбөр бэлдэн шаргуу ажиллаж байгаа аж.