Хадгаламж зээлийн хоршооны хэргийн явцыг дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Хадгаламж зээлийн хоршооны хэргийн явцыг дүгнэжээ

Улсын Ерөнхий прокурорын 2011 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 117 тоот тушаалаар шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хадгаламж зээлийн хоршооны хэргийг хянаж,  судалгаа гаргах, ажлын хэсэг байгуулан ажиллуулсан. Уг ажлын хэсэгт ахлагчаар Улсын Ерөнхий прокурорын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах Г.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Зориг, гишүүдэд Нийслэлийн прокуроорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, Ц.Өлзийжаргал, Сүхбаатар дүүргийн орлогч прокурор Н.Найгалдорж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Онон, Чингэлтэй  дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэцэгмаа, Баянзүрх  дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэцэгмаа нарын прокурорууд ажилласан байна.

Ажлын хэсэг нь хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шалгаж шийдвэрлэсэн байдал болон уг хэргийн хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны явц байдалд шалгалт явуулж уг хэргийн шийдвэрлэлт, хохирол төлүүлэх ажиллагаанд учирч буй бэрхшээл, түүний шалтгаан нөхцөл, мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны явцад гарсан зөрчил, дутагдал зэргийг шалган илрүүлж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохиролыг нөхөн төлүүлэх ажиллагааг эрчимжүүлэх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын гаргасан хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг арилган зөвтгүүлэх, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг шалгажээ.

Ажлын хэсэг шалгалтын дүнг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлөөр 2011 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр хэлэлцэж хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар цаашид авах арга хэмжээ, хадгаламж зээлийн хоршооны зарим хэргийг сэргээж хохирлыг буруу тооцсон, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан зарим зөрчлийг арилгах, зөвтгүүлэх, гэмт хэргийн шинжтэй зарим үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах талаар шийдвэр гаргалаа.

Цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг онцгой анхаарч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтыг сайжруулах, албан үүргээ хангалтгүй биелүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлсэн прокурор болон түүний хяналтад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтан бүртэй хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтан үүрэг болгов.

Хадгаламж зээлийн хоршооны хэргийн шийдвэрлэлт, хохирол төлүүлэлтийн байдлыг судлах явцад ажлын хэсгээс зарим шаардлагатай арга хэмжээ авсаны үр дүнд нэг тэрбум орчим төгрөг хохирогчидод олгогдож 2.2 тэрбум төгрөгийн хохиролыг нөхөн олгох ажиллагаа хийгдэх боломжтой болсон талаар УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж