Дарханы суурин утасны дугаар өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Дарханы суурин утасны дугаар өөрчлөгдлөө

Монголын Цахилгаан Холбоо Компани Дархан-Уул аймаг дахь суурин утасны хэрэглэгчдийн утасны дугаарт өөрчлөлт оруулж  шинэ оны өмнөхөн техникийн шинэчлэлт хийлээ. Тус аймгийн Залуучууд театрт болсон нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, МЦХ Компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, тус компанийн Дархан салбарын захирал Г.Эрдэнэбат нарын албаны хүмүүс болон хотын суурин утас хэрэглэгчдийн төлөөлөл оролцов. Тус Цахилгаан холбоо компани нь орон нутагт суурин утасны хэрэглэгчдийнхээ дугаарлалтыг урьдынхаас илүү хялбар, энгийн болгон өөрчилж хот хооронд болон бусад сүлжээнд дуудлага хийхэд олон оронтой тоо цуглуулж цаг алдах хүндрэлгүй болгожээ. Өмнө нь 01-372-ххххх гэж залгадаг байсан бол одоо 7037хххх гэж залгаад шууд холбогддог болсноор хэрэглэгч бүхэн Монгол орон даяар бүсчлэл харгалзахгүй өөрийн суурин утасны сүлжээнд 20 төгрөгөөр ярих боломжтой болж хямдарчээ. Энэ нь хот хооронд, хот доторх ярианы гэж зааглагдахгүй энгийн ойлгомжтой болсонд хэрэглэгчид баяртай хүлээн авч байлаа.

Монголын цахилгаан холбоо компанийн орон нутагт хийсэн энэхүү техникийн шинэчлэлтийг Дархан хотоос эхлэж байгаа нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хүсэлт гаргаж уг шинэчлэлтийг Дархан хотоос эхлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар биелэлээ оллоо гэж эрхэм гишүүн нээлтийн үеэр үг хэлэхдээ онцлов. Түүнчлэн тус компанийн Дархан хот дахь Цахилгаан Холбооны газар буюу олны нэрлэж заншсанаар Холбооны газраас Залуучууд театр, Дархан-50 цогцолборын хоорон дахь орон зайг үнэгүй интернетийн чөлөөт бүс болгосныг зарласан юм. Мөн хуучин Дарханд шинээр Интернет кафе нээж ашиглалтад оруулж тухайн тойргийн хэрэглэгчдэд зориулсан шинэ үйлчилгээ болсноороо онцлогтой боллоо гэж нээлтийг үеэр зохион байгуулагчид нь мэдээлэв.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж